МАНАЙ УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРИЙН ИХЭР НЬ БЭЭЖИНД БАЙДАГ

Хөршүүд маань манай улсад тун дээрэнгүй ханддаг байсан болой. Одоо ч ялгаагүй энэ ихэрхүү байдал нь зарим зүйл дээр харагдаж л байдаг. Монгол улсад тусламжаар ямар нэг объектыг барьж өгөхдөө шинэ үлгэр загвараар бус, харин өөрсдийнхөө хуучны загварыг ашиглачихдаг байсан гэдэг.

"Зайсан толгой" дээрх Зөвлөлтийн дайчдын хөшөө нь Беларусь ССР-т яг л дүрээрээ байдаг байж. Одоо харин байна уу, үгүй юү. Беларусь улс дэлхийн II дайнд асар их хохирсон улс бөгөөд үүндээ ЗХУ-ыг буруутгадаг аж. Учир нь 1939 онд Польшийн харьяанд байсан Беларусийг булаан эзэлж, хавсарган нэгтгэхдээ маш их цус урсгаж, харгислал үйлдсэн гэдэг. Дараа нь Беларусийн нутагт Германтай байлдахдаа орон нутаг, хүн ардыг нь огт бодолгүй, харгисаар байлдсан гэж байгаа. Жишээ нь, Беларусийн хот тосгонд герман цэргүүд орвол юутай хийтэй нь их буугаар буудаж, бөмбөгдөн, газартаа нь тэгшилдэг байсан байна. Беларусийн нутагт Сталин хамгийн өргөн хэмжээний партизаны хөдөлгөөн зохион байгуулж, маш их хохирол учруулсан аж. Фашистуудад саад учруулж байгаа нь энэ гээд Беларусийг л сүйтгээд байна. Дараа нь Беларусийг чөлөөлж байна гэж баахан л сүйрүүлсэн байгаа юм. Яагаад Беларусьт ийм харгис муухай хандаж байсан бэ гэвэл, "манай заналт дайсан Польшийн харьяанд байсан" гэж үзэж байжээ. Беларусь бол угаасаа польшууд л даа, хэл соёл ч нэг. Тийм болохоор тухайн үед сүндэрлэж байсан манай "Зайсан толгой"-той ижил хөшөөг аваад хаячихсан байж ч магад.

Тэгвэл манай Циркийн барилгыг Румын улс Бухарестын нэг дүүргийнхээ циркийн загвараар л барьчихсан байна. Энэ мэт байдлыг манайхан “Урьд бид чинь хамаг юмаа социалист ахан дүүсээрээ хийлгэчихдэг байсан” гэж сайрхан ханддаг. Уг нь бол тийм ч сайрхаад байх зүйл биш л дээ. Өөр бусад оронд аль хэдийнэ сүндэрлэчихсэн, байж л байдаг зүйлийг манайхан шинэхэн мэт хөөрцөглөн хүлээж авдаг байсан нь тэр.

БНХАУ нь Монгол улсад хэд хэдэн объект барьж өгсөн байдаг ч тэр нь Зөвлөлтөөс өгсөн зээлээрээ баригддаг байж. ЗХУ, Хятадад хандан: “Та нар манайхыг дагавал аяндаа бид БНМАУ-ыг танайд өгнө. Та нар харин бид нар шиг “ах нар” нь мэтээр ойлгогдох хэрэгтэй. Шаардлагатай зардлыг нь бид өгчихнө” гэж шивнэдэг байжээ.

Тэр үедээ Хятад улс Монгол улс дахь улсын их дэлгүүрийг Бээжингийнхээ нэг дэлгүүрийн загвараар бариад өгчихжээ. Хожим нь Хятадад байдаг уг дэлгүүрээ засаж янзлан хятад үндэснийхээ стильд оруулсан гэнэ. Харин манайд бол архитектур гэдэг бол өндөр байх, шил толь ихтэй байх л гэж ойлгодог тул тэр дагуу л янзалжээ.

Ийнхүү ихэр хоёр дэлгүүрийн төрх нэлээдгүй өөрчлөгдсөн ч ерөнхий төрх нь хэвээрээ л харагдана.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх