УНШИХЫГ ХОРИГЛОЖ БАЙСАН НОМУУД

“Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг үг бий. Энгийн хүмүүсийн оюун ухаан, сэтгэл санаанд хамгийн их нөлөөлдөг, "мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор" энэ зүйлийн анагаагч, танин мэдүүлэгч, гэгээрүүлэгч чанарыг мэддэгтээ олон улс оронд үе үеийн эрх баригч нар үзэл бодолд нь “хал”-тай зохиолуудыг хэвлэх, уншихыг хориглож шатаасаар ирсэн билээ. Ийм номуудаас хамгийн алдартай, хамгийн их дуулиан тарьсан, бас хэний ч санаанд багтамгүйг нь сонирхуулъя.

Шашныхны хориглосон номууд

Манай эриний 494 онд Ромын хутагт нэгдүгээр Геласын бичсэн, гэхдээ библид ороогүй текстүүдийг шашныхны цензурт өртсөн хамгийн анхны бүтээл гэж судлаачид үздэг. Түүнээс 1000-гаад жилийн дараа 1557 онд пап дөрөвдүгээр Павелийн үед хориглосон номуудын индекс хэмээх жагсаалтыг хэвлэжээ. 1966 онд хүчингүй хэмээн зарласан дээрх жагсаалтад Апокриф буюу иудей, эртний христийн номлолууд, Флоренцийн зохиолч Никколо Макиавеллийн бүтээлүүд, Италийн зохиолч Жованни Бокаччогийн “Декамерон”, Стендалийн “Улааныхан ба харынхан” романыг христийн шашныхан тэр дундаа католикууд ихэд хориглодог байв.

Зөвлөлтийн “тэрслүү”-нүүд

Зөвлөлтийн үед хориглосон зохиолчдын хамгийн алдартай, хамгийн ахмад нь Нобелийн шагналт Иван Бунин юм. Түүний бүтээлүүдийг 1980-аад он хүртэл буюу өөрчлөн байгуулалтын үе хүртэл хэвлэхийг хоригложээ. Хориотой номын жагсаалтыг тэргүүлэгч “Залбирал”-ыг нэрт зохиолч маань 1918-1920 онд Одесст амьдарч байхдаа туурвисан аж. Хавчлага, хяхалтын үед бичсэн уран сайхны, гүн ухааны нийтлэлүүд нь зөвлөлтийн эрх баригчдыг ихээхэн “түгшээдэг”-ээс хэвлэхийг хориглож байсан удаатай.

Борис Пастернак “Доктор Живаго” романаа 10 жилийн турш бичиж, 1957 онд Миланд хэвлүүлсэн ч ЗХУ-д шүүмжлүүлэв. Хувьсгал, иргэний дайн, дайны дараах аж үйлдвэржүүлэлтийг эрх баригчдынхаас өөр өнцгөөс харснаараа хавчигдаж байсан ч тэрээр жилийн дараа Нобелийн шагнал хүртсэн юм. Харин “Доктор Живаго” романыг нь 30 жилийн дараа буюу 1988 онд Зөвлөлтөд хэвлэхийг зөвшөөрсөн байна.

И.Сталины залхаан цээрлүүлэлтийн үед хамгийн их хориглож байсан зохиолчийн нэг бол Александр Солженицых. Түүний “Архипелаг гулаг”-ийг 1988 онд хэвлэхийг зөвшөөрчээ.

Нацист Германд хориглосон нь

Нацист Германд, гуравдугаар Рейхийн үед ном хэвлэхийг хориглоод зогсохгүй шатаадаг байлаа. Галд өргөсөн бүтээлүүдийн жагсаалтад Зигмунд Фрейдээс гадна еврей гаралтай зохиолч Лион Фейхтвангерийн номууд тэргүүлжээ. Эрих Ремаркийн “Баруун фронтоор гойд юмгүй” бүтээлийг дайныг эсэргүүцсэн хандлагаараа, Генрих Манны зохиолуудыг социализмыг дэмжиж сайшаасан гэсэн шалтгаанаар хориглон, шатааж байсан аж.

Америкт хориглосон номууд

Дэлхийн хамгийн ардчилсан улс гэгдэх Америкт арьс өнгөөр ялгаварлаж гадуурхагдсан, хүчирхийллийг сурталчилсан, шашинг үл хүндэтгэсэн, төрийн эсрэг үзэл дэмжсэн зохиолуудыг хориглодог. Нэр төртэй иргэдийг төлөвшүүлэхэд “задгай” зохиолч нар саад болоод зогсохгүй хор хөнөөл учруулна гэж үздэгээс тэр л дээ. Гэхдээ муж бүр өөрийн гэсэн хуультай, түүгээрээ номд цензур тавьдаг учир хориотой номын жагсаалт орон даяар бус тодорхой нэг муж, хотод хамаарагдах нь бий.

Тэнд хамгийн их хориглогдсон номын жагсаалтад Уильям Пауэллийн “Анархистийн гарын авлага” ном тэргүүлдэг агаад хар тамхи сурталчилсан, гар аргаар бөмбөг хийх, зэвсэг нуух, хадгалах зааварчилгааг багтаасан учир сүүлийн хагас 100 жилийн турш хориглож буй. Зохиолч энэ бүтээлээ Вьетнамын дайныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн 1960 онд бичжээ.

Ирландын зохиолч Жеймс Жойсын “Улисс” романы хэсгийг Америкийн “The Little Review” сэтгүүл 1918-1920 онд хэвлэж байлаа. Түүний дараа Нью-Йоркийн номлогчид садар самууныг сурталчилсан хэмээн зарга мэдүүлж, 1921 онд “Улисс”-ыг хориглосон юм. Уг хоригийг 12 жилийн дараа буюу 1933 онд цуцалснаар “Random House” хэвлэлийн газар романыг бүрэн эхээр нь хэвлэв.

Түүнээс гадна 1930-аад онд тус улсын өмнөд мужид амьдарч байсан, хар арьст эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн зөрчиж байсныг чимэг зүүлтгүйгээр, үнэнээр үзүүлсэн гэж үнэлэгддэг Элис Уокерийн “Нил ягаан өнгө” роман, Рэй Брэдберийн “Фаренгейтийн 451 градус” зохиолыг Америкийн хэд хэдэн мужид хориглож байлаа.

Харин бусад оронд

Их Британи болон хэд хэдэн улсад ХХ зууны дэлхийн утга зохиолын хамгийн шилдэг бүтээлээр шалгарсан Оросын нэрт зохиолч Владимир Набоковын “Лолита” романыг хориглож байжээ. Дунд эргэм насны эр, 12 настай охин хоёрын хайр дурлалын түүхийг 1959 он хүртэл Их Британи, Франц, Бельги, Аргентинд хориглож байсан юм.

Америкийн алдарт зохиолч Эрнест Хемингуэйн “Хонх хэнийг дуудаж цохив?” романыг Испанид Ф.Франкогийн үед хориглож байв.

Иран болон исламын шашинтай бусад оронд Салман Рушдийн “Сатаны шүлгүүд”-ийг хориглодог. Ираны Аятолла Хомейни уг шүлгүүдийг зохиосон С.Рушди, ном болгож хэвлэхэд тусалсан хүмүүс, номын агуулгыг мэддэг иргэдэд цаазаар авах ял оноож буйгаа олны өмнө зарлажээ. Тэрээр хоригооо цуцлаагүйгээр нас барсан учир “Сатаны шүлгүүд” исламын шашинт олон оронд одоо ч хориотой.

Японд буракуминуудыг ялгаварлан гадуурхаж байгаа явдалтай холбогдуулан Жиншин Косэки буюу гэр бүлийн гишүүдийн жагсаалтыг 1968 онд хадгалах, хувилахыг хориглов. Үндэсний цөөнх болох буракуминуудыг боловсрол эзэмших, сайн ажилд орох, нийгэмд байр суурь эзлэхэд нь уг жагсаалт “хаалт” болдог аж.

Автсрали, Шинэ Зеланд, Германд Брет Истон Эллисийн “Америкийн галзуу” романд хүчирхийллийг ил тодоор үзүүлсэн гэж худалдахыг хязгаарладаг.

Мьянмарын сөрөг хүчний лидер Аун Сан Су Чжигийн “Бирмээс илгээх захидал” номыг эх оронд нь хориглосон ч дэлхийн олон оронд хамгийн эрэлттэй бүтээлүүдийн нэг болж, бестселлерүүдийн жагсаалтад багтсан юм. Тус улсад хүний эрх хэрхэн яаж зөрчигдөж байгааг өгүүлсэн энэ номыг цэргийн хунтынхан “аюултай” гэж тодорхойлжээ.

Ливаны эрх баригчид, шашны зүтгэлтнүүд Ден Брауны бестселлер “Да Винчийн код” романыг хориглосон байна. Романд Ийсүс Христос Мария Магдалинатай дотно харилцаатай байж, хүүхэдтэй болсон тухай гардаг ба шашныхан, сүм, сүсэгтнүүдийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан юм.

Хятадын Хунань мужид “Алиса гайхамшгийн оронд” номыг “Амьтан хүний хэлээр ярьж, хүнтэй эн зэрэгцэж байна” гэсэн шалтгаанаар 1931 онд хориглож байв.

"Байлдан дагуулагч" сониноос

сэтгэгдэл үлдээх