ДЭЛГЭЦИЙН ДОЛООН “ТИТАНИК”

“Титаник"-ийн тухай анхны уран сайхны кино 1912 онд гарсан бөгөөд сүйрэл болсноос хойш ердөө хоёрхон долоо хоногийн дараа зургийг нь авч байжээ. Тэр цагаас хойш уг хөлөг онгоцны эмгэнэлт явдал олон удаа дэлгэцнээ гарчээ. Хэн, хэзээ гаргасныг сонирхоцгооё!

1. “Атлантида” (1913)

“Титаникийн” түүхээр хийсэн анхны буурьтай том киног хачирхалтай нь Америкт ч биш, Англид ч биш харин Данид бүтээжээ. Эмгэнэлт явдлаас хойш ердөө 1 жилийн дараа найруулагч Август Блом 2 цагийн дуугүй киног бүтээсэн бөгөөд тэнд “Роланд” хэмээх зохиомол нэртэй далайн хөлөг онгоцны сүйрлийн тухай өгүүлдэг. Атлантида киноны үйл явдлын оргил үед нь 500 гаруй усанд сэлэгч зурганд оролцсон байна. Энэ бол Данийн анхны блокбастер байжээ. Дашрамд дурдахад Бломын туслахаар залуухан унгар эр ажиллаж байсан бөгөөд хожим Майкл Кертис хэмээх уран бүтээлийн нэр авч Холливудэд ирээд алдарт “Касабланка”-г бүтээсэн байдаг.

2. “Титаник” (1943)

Дэлхийн II дайны үед нацистын суртал нэвтрүүлэгчид Британийн хөлөг онгоцны эзэн капиталистуудыг гутааж, германы далайчдыг алдаршуулахын тулд “Титаник"-ийн эмгэнэлт явдлыг ашиглахыг оролдсон ажээ. Үүний тулд Геббельсийн удирддаг байгууллагынхан “Титаник” дээр аялж явсан гол баатрууд болох германчууд нь өөрсдийгөө жинхэнэ баатрууд болгон харуулсан бүтэн хагас цагийн киноны үнийг төлжээ. Гэвч үнэн хэрэг дээрээ энэ төслөөс олигтой үр дүн гарсангүй, бөмбөгдөлтөн дор амьдарч буй хүмүүс эмгэнэлт кино үзэхийг хүсэхгүй байгаа нь тодорхой болонгуут уг киног үзүүлэхийг Геббельс хорихоос аргагүйд хүрчээ.

3. “Титаник” (1953)

Европын киночдоос хоцрохыг хүсээгүй Холливудийнхэн өөрсдийн анхны “Титаник”-аа 1953 онд бүтээж түүндээ шилдэг кино зохиолын “Оскарын” шагналыг олгосон байна. Киноны найруулагч нь Жан Негулеско гэх румын эр байсан ба эмэгтэй гол дүрд Холливудын супер од Барбара Стэнвик тогложээ. Харамсалтай нь энэ эмгэнэлт явдлыг дэлгэцэнд дахин амилуулах урьд өмнөх оролдлогуудын нэгэн адил 1953 оны “Титаник” ч алдаагаар дүүрэн байв. Жишээ нь хөлөг онгоцны экипаж нь тэнгисийн цэргүүд байгаагүй бол харин Негулескогийн кинонд тэд Британийн тэнгисийн цэргийн хувцастай явж байдаг.

4. “Мартагдашгүй шөнө” (1958)

“Титаник”-ийн тухай гадаадын кинонуудыг үзэж залхсан британичууд 1912 оны үйл явдлын талаарх өөрсдийнхөө хувилбарыг 1958 онд бүтээв. Өмнөх киночдоос ялгаатай нь найруулагч Рой Уорд Бейкер киноны тайзны засал чимэглэлийг хийхдээ “Титаник"-ийн хадгалагдаж үлдсэн техникийн шугам зургийг ашиглаж, уг хөлөг онгоцны ахмадын амьд үлдсэн туслахуудын нэгийг зөвлөхөө болгосон байдаг. Үүний ачаар Бейкер илэрхий алдаа гаргахаас зайлсхийж нэлээд бодит зургийг авч чадсан ажээ. Холливудын тусгай эффектийн төсөвгүй киноны хамгийн боломжтой аргаар л бүтээсэн гэдэг. Дашрамд дурдахад, тэр үед хэнд ч танигдаагүй байсан Шон Коннери зэрвэсхэн гараад өнгөрдөг байна.

5. “Жившгүй Молли Браун” (1964)

Итгэхэд хэцүү боловч 1964 онд Холливудийн Чарльз Уотерс “Титаник"-ийн тухай мюзикл бүтээсэн бөгөөд ядуу гэр бүлд төрсөн ч, азтай нөхөрт гарч “Титаник” дээр хүндэт зочноор аялж явсан Маргарет Браун гэдэг эмэгтэйн бодит түүхэн дээр үндэслэсэн байна. Уг эмгэнэлт явдлын үеэр тэр баатарлагаар биеэ авч явж байсныг мэдсэн сэтгүүлчид түүнд "Жившгүй Молли Браун" хэмээх нэрийг өгсөн аж. Уотерсийн киноны гол дүрд “Бороон дор дуулаачдын” од Дэбби Рэйнольдс тоглосон ба “Молли Браун” түүний нэрийг “Оскарт” дэвшүүлсэн юм.

6. “Титаник” (1996)

Жеймс Кэмероныг “Титаник"-ийг хийж байгааг мэдсэн Америкийн CBS телевизийн компани хоёр ангит телевизийн кино бүтээгээд Кэмероны киноноос нэг жилийн өмнө дэлгэцэнд гаргажээ. Энэ киноны гол дүрүүдэд Жорж К.Скотт (“Паттон”), Кэтрин Зета-Жонс, Тим Керри нар тоглосноос гадна бүтээгчид нь 50-60-аад онд гарсан “Титаник”-ийн тухай кинонуудын шинэ судалгаа, шүүмжүүдийг ашигласан байна. Гэсэн ч энэ түүхийн судлаачид уг киноноос зөндөө алдаа олж харсны дээр, телевизийн шүүмжлэгчид ч жүжигчдийн тоглолт болоод ерөнхий тавилтын төвшинд нь сэтгэл дундуур байжээ.

7. “Титаник” (1997)

Жеймс Кэмероныг киногоо гаргах хүртэл зохиолын илэрхий алдаа, итгэл муутай тусгай эффектүүд, сулхан жүжигчид, суртал нэвтрүүлгийн утгагүй тоглолт гээд л “Титаник"-ийн тухай кинонуудын түүхэнд жинхэнэ шилдэг бүтээлээс бусад нь бүгд л байлаа. Шинжлэх ухааны нотолгоотой, нарийн нягт бодож тунгаасан, гайхалтай тусгай эффектүүдээр чимэглэгдсэн энэ киног хүртэл... Энэ алдарт сүйрлийн суурин дээр биш илүү даруухан байдалд гол хоёр баатрын роман өрнөсөн байлаа ч үзэгчдийг кинондоо татах л байсан, Леонардо Ди Каприо, Кейт Уинслет нарын хослолын талаар энд бүр яриа ч үгүй байна. Гэхдээ “Аватор” киног гарах хүртэл 1,8 тэрбум доллар олж дээд амжилт тогтоосон энэ кино нь “сүйрэлгүй” байсан бол ийм орлого олох байсан болов уу даа.

"Болсон явдал" сониноос

сэтгэгдэл үлдээх