ХОЁР СОЛОНГОС ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН Ч АМЕРИКИЙН ЦЭРГҮҮДИЙГ ӨМНӨД СОЛОНГОСООС ГАРГАХГҮЙ

Өмнөд болон Умард Солонгос 1950-1953 оны Солонгосын дайныг албан ёсоор дуусгах зорилгоор энхийн хэлэлцээр байгуулсан ч АНУ-ын цэргүүдийг Өмнөд Солонгосоос гаргахгүй гэж Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.
Хоёр Солонгос нь тус дайныг энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээгээр дуусгасан учир зарчмын хувьд өнөө хэр нь “дайн байлдааны байдалтай” байгаа гэсэн үг юм.
1953 онд дайныг түр эвлэрлийн гэрээгээр дуусгасны дараа байгуулсан аюулгүй байдлын хэлэлцээрийн хүрээнд АНУ-ын 29 мянган цэрэг Өмнөд Солонгост байрлаж байна.
АНУ-ын цэргүүдийг Солонгосын хойгоос гаргасан тохиолдолд цөмийн зэвсгээсээ манай улс татгалзана гэж Умард Солонгос урьд нь мэдэгдэж байсан юм.
Харин Өмнөд Солонгосын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгдэл хийхдээ “Энхийн хэлэлцээр байгууллаа гээд Америкийн цэргүүдийг нутаг буцаахгүй. Америкийн цэргүүд Өмнөд Солонгост байрлаж байгаа нь манай хоёр улс хоорондын хамтын ажиллагааны асуудал” гэжээ.
Америкийн цэргүүдийг Өмнөд Солонгосоос гаргахгүй бол хоёр Солонгос энхийн гэрээ байгуулахад хүндрэлтэй гэж ажиглагчид үзэж байна.

сэтгэгдэл үлдээх