“ЭВХЭЖ БОЛДОГГҮЙ ЭРЭЭН ДЭЭСНИЙ” ТУХАЙ ЭЛДЭВ СОНИНЫГ ӨГҮҮЛЭХҮЙ

Могой хэмээн нэрээр нь ч дуудахаас цээрлэж “лусын амьтан”, “хайрхан”, “урт хорхой” зэргээр нэрлэдэг энэ амьтанг хайр дурлал, эр зориг, шулуун шударгын бэлгэ тэмдэг гэж хүндлэн дээдэлдэг улс үндэстэн цөөнгүй байдаг аж. Энэ удаа лусын амьтантай холбогдох сонирхолтой домог хууч, баримт сэлтийг толилуулъя.

Үрийнхээ төлөө үхэхээс ч буцахгүй

Могой үр зулзагандаа хайртай бөгөөд үүний нэгэн жишээ болсон хууч яриаг энд өгүүлье.

Эрт дээр үед хэсэг жинчид алс газар жин тээгээд нутаг буцаж явж. Гэтэл тэднийг хоноглоод босох бүрд л нэг могой ачааных нь хажууд цагариглаад хэвтэж байдаг болж гэнэ. Нэлээд олон хоног ч явж, нэлээд ч хол газар явж. Өнөө могой мөн л дагасаар. Харин хашир өвгөн түүний бие улаан нялга болсон байхыг хараад бусдадаа хэлж гэнэ. “Энэ их учиртай хэрэг боллоо. Ачаан дотор нэг юм байж таарна, задалж үзье” гэхэд жинчид өвгөний хэлсэн ёсоор ачаагаа задлаад үзтэл үнэхээр могойн зулзага байж. Тэд өнөөх могойг зулзагатай нь хамт ачиж явсаар нутгийнхаа захад орхисон бөгөөд тэр цагаас хойш өнөөх хэдэн жинчдийн амьдрал ахуй дэвжиж дээшлэн урт удаан насалсан гэдэг.

Чуулганд хожимдвол “цаазаар” авахуулдаг

Олон могой нэг дор цугларсан байхыг харсан хэн ч болов сэтгэл эвгүйцэхгүй байж чадахгүй биз ээ. Могой жилдээ 2 удаа чуулдаг бөгөөд өөрөөр хэлбэл ичээндээ орох, ичээнээсээ гарах үед чуулдаг юм байна. Чухам ямар асуудал хэлэлцдэгийг нь мэдэхгүй боловч чуулганаас хожимдсон нэгнээ хэрхэн шийтгэсэн нэгэн тохиолдлыг сонсож байсан юм.

…1970-аад оны үед Завханы Отгонтэнгэрийн рашаанд хэсэг хүмүүс амарч байж. Гэтэл нэг өдөр рашааны дэргэдүүр нэг могой жигтэйхэн их хурдан мурилзаад яарч сандарсан маягтай яваад байв. Гэтэл сахилгагүй залуучууд урдуур нь элдвээр саад хийж баахан үйлийг нь үзэж байгаад явуулчихаж. Өнөөх могой ч яарч байгаа гэж янзтай. “Энэ ер нь хаашаа ингэтлээ яардаг байх нь вэ” гээд араас нь дагаад байсан чинь тоо томшгүй олон могойнууд дээр хүрээд очиж. Гэтэл тэдэн дундаас хоёр могой гарч ирэн өнөө муу могойг хоромхон зуур хэдэн хэсэг тасдаад хаячихаж. Энэ бол үнэхээр болсон явдал бөгөөд тэнд байсан хүмүүс хожим ихэд гэмшин дурссан байдаг юм. “Могойн чуулгантай таарвал их сайн” гэдэг бөгөөд хэрвээ тааралдах аваас мориныхоо тохмыг эсвэл өрөөсөн оймсоо тайлаад орхичихдог байна. Тэнд нь жижигхэн (ямар хэлбэртэй юу байдгийг нь хэлж мэдэхгүй юм) зүйл орхидог, түүнийг нь авсан хүн баяжиж дэгждэг гэдэг юм. Тэгэхдээ хаврын улиралд таарвал сайн аж.

Эр, эмийг нь яаж ялгах вэ?

Ёстой хэцүү асуудал байгаа биз. Гэхдээ таньж болдог юм байна. Энд нэг домгийг өгүүлэхэд л хангалттай.

Эрт цагт монгол нутгийг эрхэндээ оруулахыг санаархсан харь улсын хаан “монголчуудын ухааныг сорьё” хэмээн учир битүүлэг 3 зүйл явуулсны дотор хоёр могой байж. Тэр хоёрын аль нь эр, эм болохыг ялгаж чадахгүй байтал нэгэн ухаант хүн зөөлөн торго, адсага хоёр зэрэгцүүлж дэлгэхийг зөвлөж. Хэлсэн ёсоор нь болготол хоёр могойн нэг нь торгон дээр, нөгөө нь хатуу адсаган дээр хэвтэж гэнэ. Торгон дээр гарч хэвтсэн нь эм, харин нөгөө нь эр могой болохыг таньж мэдсэн гэдэг (Ер нь аливаа амьтны эм нь зөөлөн зүйлд дуртай байдаг).

Могойн арьс өвчинд тустай

Могойн арьс гуужиж унадаг бөгөөд хөдөө хээр цөөнгүй тааралддаг. Эрт цагаас ийм гуужсан арьсыг (бараг хальс гэсэн ч болно доо) авч хадгалан хээл нь саатсан малд өгөхөөс гадна шүдний өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн. Энд нэг сонирхолтой зүйлийг өгүүлье. Хэрэгч гэдэг нэг жижигхэн амьтан ойд амьдардгийг хүн болгон мэддэг. Тэгвэл энэ амьтан өөрийгөө махчин араатнаас хамгаалахын тулд могойн гуужсан арьсыг ашигладаг юм байна. Могойн үнэрийг арьсандаа шингээснээр дөхөж ирсэн араатнуудад энэ хавьд могойтой юм байна гэсэн хуурамч анхааруулгыг өгдөг аж. Ингэхдээ могойн гуужиж унасан арьсны жижиг хэсгүүдийг цуглуулан зажлаад өөрийнхөө арьсанд түрхдэг. Хэрэв гуужсан арьс олдохгүй бол могой амарч хэвтэж байсан газарт очиж хөрсөнд үлдсэн үнэрийг нь биедээ шингээхийн тулд удтал хөрвөөдөг аж.

Могойн гуужиж унасан арьсыг хүнээс өөр амьтан үздэггүй гэдэг нь худлаа болохыг хэрэмний овжин зан харуулж байна.

Могойн хор хаанаас гардаг вэ?

Энэ нь ердөө л могойн шүлс юм. Хор, шүлсний үл мэдэг өөрчлөгдсөн булчирхайгаар боловсруулагдаж шүдний дотор тал руу орсон сувагт урсан орно. Хор нь шүдний угт байрласан тусгай уутанцрыг дарснаар гагцхүү хатгах үед л ялгарч бүхэлдээ шарханд орно. Африкийн Кобра болон бусад могойнууд бараг 4 м орчим зайд нулимж чаддаг ба хор нь жижиг сүүн тэжээлтний нүд, хамрын салст, аманд орвол үхүүлдэг аж. Тэдний ийнхүү хол нулимдгийн нууц нь нулимах үедээ хор хадгалагч уутанцар дээр дарах даралтын хүчийг нэгтгэн хөдөлгөөний эрчийг дагуулан хороо цацахын хамт толгойгоо урагш хүчтэй чулууддагт оршино. Могойн хор аюултай хэдий ч хүн төрөлхтөн эрт дээр үеэс анагаах ухаанд өргөнөөр ашиглаж ирсэн билээ.

Могойтой холбоотой зүүд

“Могой бие ороож байна” гэж зүүдэлбэл – насны ханьтайгаа учирна

“Могойн чуулгантай таарч байна” гэж зүүдэлбэл – Олз омогтой байна.

“Могой араас хөөж байна” гэж зүүдэлбэл – Санасан хэрэг сэтгэлчлэн бүтнэ.

“Могойд хатгууллаа” гэж зүүдэлбэл – Хэл аманд орно.

Эмэгтэй хүн хоргүй могой зүүдэлбэл – Худууд нь айлчилж ирнэ.

Жирэмсэн хүн могой зүүдэлбэл – Эрэгтэй хүүхэд төрнө.

Могойгоор хийсэн зоог

Дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хүмүүс өөр өөрийн уламжлалтай. Түүнээ дагаж санаанд оромгүй зүйлүүдийг хүнсэндээ хэрэглэдэг бөгөөд түүний дотор могой багтдаг аж. Хятад, Солонгос, Япон, Вьетнам зэрэг оронд могойгоор зоог бэлтгэн бүр хамгийн хүндтэй зочиндоо барьдаг, энэ нь нэг ёсондоо манайхаар бол хонины махаар зоог барьдагтай төстэй юм уу даа. Тэр битгий хэл, цагаан будааны архийг амьд наж могойгоор хандалж уудаг гээд бодчих.

Могой жилд төрсөн хүмүүн гайхалтай зөн билэгтэн байдаг

Могой жилд төрсөн хүн бусдын туршлага, зөвлөгөө, санал бодол, баримт зэргээс илүү өөрийн сэтгэгдэл, зөн билигт итгэдэг. Эргэцүүлэн бодох нь их, бага ярьдаг, оюуны чадавхи өндөр, гүн ухаанч хандлагатай. Мэргэн ухаантайгаас гадна гайхалтай зөн билэгтэй. Тэр юм бүхэнд шийдэмгий, эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг, зорьсондоо хүрэхийн тулд газрыг хөмрүүлж ч чадна. Гэхдээ бас залхуу. Санхүүгийн тал дээр хэзээ ч санаа зовдоггүй. Хөгшрөхийн цагт харамч болдог. Хайр дурлалдаа ханиа өөрөө сонгодог. Тэр хүндээ хайртай байсан ч хардаж, тэвчээргүй ханддаг.

Бэлтгэсэн Ц.Нэмэх

"Далд амьдрал" сониноос

сэтгэгдэл үлдээх