Саудын сэтгүүлчийг хулгайлах төлөвлөгөөг Британи мэдэж байсан

Сэтгүүлч алга болохоос гурван долоо хоногийн өмнө түүнийг байцаахаар хулгайлж болзошгүй гэдгийг Британийн нууц тагнуулын “Ми 6” албаныхан мэдсэн байжээ. Аравдугаар сарын 1-нд Саудын Арабын Гадаад тагнуулын албаны хэсэг ажилтнууд Истанбулд буусныг мэдээд Британийн тагнуулын албаныхан ажиллагаагаа цуцлахыг хүссэн боловч тэд хүсэлтийг нь  хүлээж аваагүй юм байна. Мөн сэтгүүлчийг хулгайлах тушаалыг өгсөн хүн Саудын язгууртны хүрээний хүн байсан ба ханхүү Мохаммед Бин Салман үүнийг мэдсэн эсэхийг мэдэхгүй гэж эх сурвалж мэдээлжээ. Саудын Араб улс Йеменд химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг сэтгүүлч Хашогги ил болгох санаатай байсан гэж сэтгүүлчийн ойрын эх сурвалж ярьсан байна.

Үүнээс гадна Британийн шинжээч Том Уилсон Хашогги сэтгүүлчийн хуурмаг дүр төрхийн цаана илүү олон зүйл нуугдаж байгаа гэдэг байр суурийг илэрхийлжээ. “Жамал Хашогги Саудын Арабын эрх баригчдад ойр хүн байсан бөгөөд Тагнуулын албаны өмнөх даргын итгэлт хүн байсан. Түүнчлэн тэрбээр “Лалын ахан дүүс” хэмээх исламын хэт үзэлт байгууллагын гишүүн, “Аль-Кайда” бүлгийн толгойлогч агсан Осама бен Ладентай дотно нөхөрлөж явсан. Түүний Афганистанд өрнүүлсэн “ариун дайн”-ыг дэмждэгээ илэрхийлж байсан удаатай” гэв. "Тиймээс түүнийг зөвхөн эрх баригчдыг шүүмжилсний улмаас хөнөөгдсөн гэхэд хэцүү. Түүний хэрэг дэндүү ээдрээтэй, хүмүүсийг төөрөгдүүлсэн асуудал болж байна" гэж Уилсон шинжээч хэлсэн байна.

Сануулахад, Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги аравдугаар сарын 2-ны өдөр Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар орсноосоо хойш сураггүй болсон. Үүнээс хойш гурван долоо хоногийн дараа л Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийг тус консулын газрын байранд амиа алдсаныг хүлээн зөвшөөрсөн юм. Туркийн тал Саудын Арабын эрх баригчдыг уг хэрэгт хамаатай гэж үзэж байгаа бол Саудын Араб сэтгүүлч консулын байранд хүмүүстэй маргалдсанаас болж амиа алдсан хэмээн мэдээлж байгаа билээ. Дэлхийн улсууд сэтгүүлчийн хэргийн үнэн мөнийг чих тавин хүлээсээр байна.

сэтгэгдэл үлдээх