Сансрын хөлгийн осолдсон шалтгааныг судлаж байна

Оросын сансрын агентлаг Роскосмос өчигдөр аравдугаар сарын 11-ний өдөр хөөрөөд удалгүй осолдсон “Союз” хөлгийн ослыг харуулсан бичлэгийг нийтэд цацжээ. “Союз” хөлөгт АНУ-ын Ник Хаги, ОХУ­-ын Алексей Овчинин нар Олон улсын сансрын станцад очих зорилготой байсан юм. Гэвч пуужинд гэмтэл гарсны улмаас  осолдож, нисгэгч нар ослын буулт хийсэн билээ.

Пуужингийн дөрвөн хурдасгуур эх биеэс нэгэн зэрэг салж, дэлхийд унахдаа шатаж устах ёстой байдаг. Гэтэл хурдасгууруудын нэг нь их биеэс салахдаа буруу ажиллаж, пуужингийн шатахууны савыг цохисон байна. Харин энэ үед аюулаас хамгаалах систем ажиллаж, сансрын нисэгчдийн байгаа бүхээгийг пуужингаас салган холдуулж чаджээ. Ингээд хоёр нисэгч эсэн мэнд дэлхийд газардсан юм. Роскосмос тайлбарлахдаа, дөрвөн хурдасгууруудын нэг нь пуужингийн их биед ялимгүй хазгай суурилагдсан нь осол гарах шалтгаан болсон гэв.

Одоогоор дэлхийн бүх сансрын нисэгчид Роскосмосын “Союз” пуужингаар олон улсын сансрын станцад хүрч байгаа. АНУ-ын “Space X”, “Boeing” зэрэг компаниуд өөрсдийн гэсэн пуужинг бүтээхээр ажиллаж байна.

сэтгэгдэл үлдээх