Польш Германаас II дайны нөхөн төлбөр шаарджээ

Герман, Польш улсын ерөнхий сайд нар өчигдөр /2018.11.02/ Варшав хотноо дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Энэ үеэр тэдний дундах маргаантай сэдэв болох “дайны төлбөр”-ийн асуудал дахин сөхөгджээ.

Польшийн ерөнхийлөгч Германаас авах дайны төлбөрийн тухай өмнөх долоо хоногт Германы томоохон хэвлэлийн нэг болох “Билд” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ярилцлагадаа, “Дэлхийн хоёрдугаар дайны үед германчуудын Польшид учруулсан хохирол төлж баршгүй их юм. Ялангуяа Варшав хот үнсэн товрог болтлоо сүйрсэн. Дайны төлбөрийн асуудал бидний хооронд өнөөг хүртэл дуусаагүй гэж бодож байна. Энэ бол шударга үнэн болоод хариуцлагын тухай асуудал юм” хэмээн дурджээ. Өнгөрсөн долоо хоногт мөн тэрээр Германы ерөнхийлөгч Франк Валтер Штайнмайертай уулзах үеэрээ дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийг нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэх тухай хэлэлцсэнээ тус ярилцлагадаа дурдсан байна. Дэлхийн хоёрдугаар дайнд Польш улс 3,2 сая гаруй еврейчүүд болоод нийт зургаан сая гаруй хүнээ алдсан юм.

Германы хувьд Польшийг 1953 онд дайны нөхөн төлбөр авахгүй байх тухай аль хэдийн тохиролцсон гээд өнгөрсөн хугацаанд тэдний шаардлагыг хүлээж авдаггүй байв. Харин Польшийн эрх баригч, консерватив намынхны хэлж буйгаар тус тохиролцоонд ЗХУ-ын шахалт дор, хүчээр гарын үсэг зурсан ажээ.

Польшийн өмнөх ерөнхийлөгч Ярослав Качиньский ч бас дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн сая сая хүн, сүйтгэгдсэн материаллаг зүйлсийг Герман улс нөхөн төлөх хэрэгтэйг шаардаж байсан юм. Тэрээр Германаас нийт 740 тэрбум еврогийн нөхөн төлбөрийг нэхэмжилж байжээ.

Түүнчлэн Грек улс ч бас дэлхийн хоёрдугаар дайны үед учруулсан хор хохирол нь тэднийг өнөөгийн Европын хөгжлөөс хоцорч, гол тоглогч болох боломжийг нь үгүй хийсэн гэж Германаас дайны нөхөн төлбөрийг шаардаж байв.

сэтгэгдэл үлдээх