“Таймс-сквер дэх үнсэлт” гэрэл зургийн баатар насан эцэслэжээ

Дэлхийн II дайны төгсгөлийн нэгэн бэлгэ тэмдэг болсон 1945 оны “Таймсесквер дэх үнсэлт” нэртэй дэлхийд алдартай гэрэл зургийн баатар, АНУ-ын ахмад дайчин Жорж Мендонс өчигдөр буюу 2019 оны 2-р сарын 19-нд 95 насандаа таалал төгсжээ.

Жорж Мендонс Род-Айленд мужийн Мидлтаун хотын өндөр настнуудын асрамжийн газар насан эцэслэсэн бөгөөд өнөөдөр 96 насны ойтой золгох байсан гэж ахмад дайчны охин Шарон Моллер ярьжээ. Тэрбээр зүрхний хурц дутагдалтай байсан гэнэ.

Хэдийгээр олон тооны хүмүүс тэрхүү алдартай зураг дээр өөрсдийгөө гарсан гэдэг байсан ч хүний царай таних программын тусламжтайгаар Жорж Мендонс, Грета Фридман хоёрын гэрэл зураг гэдгийг нотолсон байна.

Энэ гэрэл зураг түүний хувьд ихээхэн ач холбогдолтой байсан гэж түүний охин дурсжээ. Сувилагч Грета Фридман 2016 оны 9-р сарын 11-ний өдөр 93 насандаа хорвоог орхисон гэнэ.

1945 оны 8-р сарын 14-ний өдөр буюу Япон улс бууж өгөх нөхцөлийг хүлээн авсны дараа Нью-Йорк хотын оршин суугчид гудамжинд гарч баярлацгаах үед Жорж Мендонс сувилагчийн дүрэмт хувцас өмссөн Грета Фридманыг анзаарч, санамсаргүй үнссэн нь гэрэл зургийн дуранд өртөж, мөнхлөгджээ. Гэрэл зургийг Альфред Эйзенштайн гэгч гэрэл зурагчин авсан бөгөөд анх “Life” сэтгүүлд хэвлэгдэн гарч байжээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх