Хотын шинэ дарга үүрэгт ажилдаа орлоо

Нийслэл хотын захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан өнөөдрөөс ажилдаа орлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэхэн хотын даргыг батламжилснаар Нийслэлийн Засаг даргын тамга тэмдгээ албан ёсоор авлаа. Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг дарга Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга С.Амарсайханд гардуулж өгөв.

Нийслэл Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Нийслэлийн ажлыг холоос хайхгүй. Замын түгжрэлийг багасгах, хог хаягдлыг цэгцлэх ажлуудаас эхлээд явна. Бидэнд хийх ажил их байна. Мэдээж хамгийн түрүүнд хариуцлагын асуудал дээр анхаарч ажиллана. Хариуцлагаас бүх зүйлийг эхэлнэ. Хамгийн зөв зохион байгууллалттайгаар ажиллах болно. Шийдвэртэй алхмууд хийхийн тулд бүтэц зохион байгуулалтын ажлыг хийнэ.

Нийслэлийн бүх асуудлыг хормын дотор шийдчихнэ гэж амлахгүй. Бүх зүйл дээр үр дүнтэй ажиллахыг зорьж байна. Бидний анхаарч ажиллах гол зүйл бол иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл юм. Хотын хөгжилтэй холбоотой хуулийн хүрээнд олон ажлууд хийнэ. Мэдээж оршин суугчид, албан байгууллагуудын оролцоо чухал юм.

Газар олголттой холбоотой асуудал гээд хот төлөвлөлтийн чухал асуудлууд байна. Цаашид нийслэлчүүд бүгд хожиж байж тийм шийдэл гаргах болно. Хэн нэгэнд таалагдахгүй ажил гарах байх. Би нийслэлийн Налайх дүүрэгт өсөж төрсөн хүн. Багаасаа хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч өссөн учраас өнөөдөр нийслэлийн асуудлыг шийдэх хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Хүн бүхэн сайхан амьдрах ёстой. Надтай холбоотой шударга бус асуудал гарахгүй гэж бодож байна" гэв.

сэтгэгдэл үлдээх