ДЭЛХИЙН АНХНЫ АЛСЫН ЗАЙН МЭС ЗАСАЛ

Энэ оны 3-р сарын 16-нд хятадын мэс засалчид 5G технологийг ашиглан анхны алсын зайн мэс заслыг 3000 км-ын цаанаас хийжээ. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “PLAGH” эмнэлгийн мэс засалч доктор Лин Жифэй Хайнан дахь салбар эмнэлгээсээ уг мэс заслыг удирдан хийсэн байна. Энэ мэс засалд орсон өвчтөн төв мэдрэлийн системийг гэмтээж, булчингийн үйл ажиллагааг зогсоодог Паркинсоны өвчнөөр өвдсөн байжээ. Мэс засал 3 цаг үргэлжилсэн ба Хятадын мэдээлэл технологийн “Huawei” компанийн хөгжүүлсэн 5G технологийг ашиглан өвчтөний тархины гүнд хөдөлгөөн хянах хэсэгт өдөөлт өгөх суулгац суулгах мэс заслыг ийнхүү амжилттай хийсэн аж.

Паркинсоны өвчин нь орчин үеийн насжилт өндөртэй улс орнуудад элбэг тохиолддог, тархины өвчин юм. Уг өвчнийг бүрэн төгс анагаах эмчилгээ одоогоор байхгүй байна.

Дээрх мэс заслыг 2 дахь удаагийн алсын зайн мэс засал гэж хэлж болно. Учир нь өнгөрсөн 7 хоногийн Мягмар гаригт 2000 км-ын зайнаас Шэньжэнийн нэгэн өвчтөнд элэгний мэс заслыг мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөн дор амжилттай хийсэн юм байна. Харин энэ удаагийн тархины мэс засал нь эмч бие даан хийсэн анхны алсын зайн мэс засал болж байгаа юм. Үүнээс өмнө нэгдүгээр сард Фушиан анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд амьтан дээр уг мэс заслыг амжилттай туршжээ.

Эх сурвалжаас Н.Лхамаа

сэтгэгдэл үлдээх