БНСУ ҮР ХӨНДӨЛТИЙГ 2020 ОНООС ХУУЛИАР ЗӨВШӨӨРДӨГ БОЛНО

Өмнөд Солонгос улс 66 жилийн турш мөрдөгдөж байсан үр хөндөлтийн эсрэг хатуу чанга хуулиа 2020 оноос халж, хууль бус үйлдэлд тооцогдож ирсэн үр хөндөлтийг зөвшөөрдөг болох гэж байна. Үндсэн хуулийн зөвлөлийн 9 шүүгчийн 7 нь үр хөндүүлэхийг албадан хорих нь үндсэн хуулийг зөрчсөн явдал гэдэгтэй санал нэгджээ.

Шинээр хэрэгжих уг хуулийн дагуу БНСУ-ын эмэгтэйчүүд 20 долоо хоногоос доош жирэмслэлтийг өөрсдийн саналаар зогсоох эрхтэй болох аж. Одоогийн хуулиар бол хүчингийн хэргийн хохирогч болсон, цус ойртсон, эхийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх жирэмслэлтээс бусад бүх тохиолдолд үр хөндөхийг хориглодог ба хэрэв хууль бусаар үр хөндүүлвэл 1 жил хүртэлх хорих ял, 2 сая хүртэлх воны торгууль ногдуулдаг юм байна. Мөн үр хөндөлт хийсэн эмчийг 2 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг гэнэ.

Өндөр хөгжил бүхий БНСУ бол үр хөндөлтийг хуулиараа хориглодог цөөн хэдэн орны нэг бөгөөд энэ улсын охид эмэгтэйчүүд хуулийн энэ заалтыг эсэргүүцсээр байгаа. Хэдий хууль бус үйлдэл ч гэлээ тус улсад үр хөндөлт түгээмэл байдаг байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны өнгөрсөн оны судалгаагаар хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн 20% нь үр хөндүүлж байсан ба тэдний ердөө 1% нь хуулийн дагуу үр хөндүүлсэн байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

сэтгэгдэл үлдээх