Геологич Н.Амитан: Сүн далай Сүмбэр уулын эрэлд...

Хүн төрөлхтний үүссэн байх магадлал бүхий цөөхөн газар орны нэг бол Төв Азийн тэгш өндөрлөг. Учир битүүлэг домог яриа, хүмүний нууц увидас бүхий аж төрөх ёсон, байгаль дэлхий, бүтээгч бурхадын тухай таамнал дэлхий ертөнцийн анхаарлыг цаг ямагт татсаар иржээ. Дорноос ирэгч үл мэдэгдэх нүүдэлчид /хүннү/ дэлхийн төв хэмээгдэж байсан Ромыг айлган мөхөөж,  гартаа илд барилан, нум сумаар үхлийн мөндөр буулгадаг дайчин амазон бүсгүйчүүд, христийн аврагч Престер Жоны нутаг, хүний түүхийн хамаг л сор гайхамшиг бүхний биелэл болсон Монголын эзэнт гүрэн гээд далайн төвшнөөс 1800 гаруй метрт өргөгдсөн энэ тэгш өндөрлөг гайхамшиг бүхний цогцлол байлаа үе үеийн туршид. Өвөл зуны 100 хэмийн зөрүүтэй, 10-30 см-ийн үржил шимт хөрстэй нь газар тариалан эрхлэх боломж туйлын мөхөс учраас энд гагцхүү цагийн аяс, газрын шимийг даган мал сүргээ адгуулан амьдрах нүүдэлчдээс өөр хэн ч нутаглаж байсангүй. Чухам ийм л учир шалтгааны улмаас хүний хөлд дарагдаж, хот суурин бий болох нь ховор байжээ. Өлчир чийрэг нүүдэлчдийн их нүүдэл чухам ийм л шалтгааны улмаас энэ буйдаас ертөнцийн хязгаарыг чиглэн хөвөрч байлаа. Хүчирхэгжин тэлэхдээ суурин балгадын иргэдийг үе үе нэгтгэн захирч хүний түүхэнд ховорхон тохиох эзэнт гүрнүүдийг буй болгож байсан ч бууран доройтохдоо эргэн тэгш өндөрлөг тал хээртээ уусан замхрах мэт алга болдог байлаа. Газрын дээрх амьдрал нь ийм ер бусын адилаар газрын доорх баялаг нь хөндөгдөөгүй атлаа туйлын өвөрмөц байдлаар бүрэлдэн үүсч бий болжээ. Цар хэмжээ нь ч зүйрлэшгүй. Сонирхолтой нь суурин балгадын иргэд адил оршин буй газар орныхоо нөхцөл байдлыг амьдрахуйн үүднээс ашиглан олборлож байсан бол нүүдэлчид жилийн дөрвөн улирлын туршид нүүдэллэхдээ /нэг өрх жилдээ 200-800км/ газар орны нөхцөл байдлыг сайтар судлан хаана ямар баялаг байгаа, цаг агаарын ямар өөрчлөлт тохиодог хийгээд бэлчээрийн нөхцөл байдлын тухай үр ачдаа домоглон ярьж өгдөг байжээ. Үргэлжийн нүүдлийн амьдралд бичиг цаасанд энэ бүхнийг буулган тээж явах нь хүндрэлтэй учраас амнаас аманд, үр ач нараас тэдний үр ачийг хүртэл домоглон ярьж үлдээнэ. Энэ нь ч бичгийн дурсгалыг бодвол илүү их он жилийг /тээгч нь хүн л байх учраас/ тээж үлдэх чадвартай билээ.

       20 дугаар зууны эхэнд Ч.Эндрьюс хүн төрөлхтний үүсэл Төв Азийн энэхүү тэгш өндөрлөг гэсэн таамаглалыг батлахаар Монголд ирж нутгийн хүмүүсийн домоглон ярьдаг “Луугийн яс”-ыг үзээд үлэг гүрвэлийн арвин их олдвортой буцсан байдаг. Авч явсан олдворууд дэлхийг цочоож энэхүү луу-үлэг гүрвэл өндөглөдөг байсан хийгээд маш олон төрөл зүйл байсан болон галав юүлэхээс өмнөх дэлхий ертөнцийн төвүүдийн нэг нь Монгол байжээ гэдгийг анхлан мэдэж байжээ. Геологи, палентологи хийгээд шинлэх ухааны олон салбарын хөгжилд чухал түлхэц болсон нээлтүүд энэ экспидецийн хийгээд хожмын олон орны экспидециийн энэ нутгаас олдсон олдворуудаас үүдсэн юм. Нүүдэлчдийн олон үеийн ой санамжинд үлдсэн домог яриан дунд ЮМ байна гэдгийг шинжлэх ухааныхан анхаарахдаа олон жилийг өнгөрүүлсэн юм. Гэвч анзаарсаар л байлаа. Энэ нутгаас ашигт малтмалын нөөц илрэх тутам тухайн газар орон нь ямар нэг домгийн хэлтэрхийтэй ямагт холбоотой байжээ. Газрын нэршил, түүний тухай домог газрын доох  баялагийг нь хар зөнгөөрөө тодорхойлоод байсан юмсанж. Эрдэнэт л гэхэд эрдэнэ зуусан аварга могой газрын хэвлийд шунган орсноос Эрдэнэ толгой гэж домоглон ярьдаг байсан, Оюутолгой бол доороо оюу эрдэнэ нуусан хааны авдар, Төмөртэй бол улайссан төмрөөр хахаад байсан мангасын амыг нэгэн бяцхан хүү уулын орой тасдаад хахааж алсан гэхчлэнгээр одоогоор нээгдээд байгаа бүхий л ашигт малтмалын томоохон ордуудын өмнө нэрлэж байсан нэршил хийгээд түүний тухай домог газрын хэвлий доорх баялагийг шууд л заагаад өгч байсан хэрэг. Энэ бол нөгөө л Монголчуудын яриад байдаг домог доторх үг басхүү үгэн доторх ЮМ байлаа. Чухамхүү энэ ЮМ-ны эрэлд “хатсан”  эрдэмтэн Сүн далай Сүмбэр уулыг Төв Азийн энэ тэгш өндөрлөг буюу өнөөгийн Монгол нутгийн баруун хойд хязгаараас олжээ. Олон талаас нь шинжилж, батласан энэ “нээлт”-ийн талаар Геологийн ШУ-ны ухааны доктор, Монгол улсын зөвлөх инженер Н.Амитантай уулзаж ярилцснаа уншигч тантай хуваалцъя.

-“Геологийн судалгаа ба эртний үйлдвэрлэлийн ул мөр” сэдэвт /Ч.Амартүвшин, Я.Мүраками, Л.Ишцэрэн, Г.Галдан/ монгол, японы эрдэмтдийн илтгэл ихээхэн сонирхол татлаа. Ер нь яагаад та бүхэн Монголын баруун хязгаарын тэр дундаа их нууруудын хотгорыг илүүтэй сонирхох болов. Томоохон ашигт малтмалын нөөц бүхий ордууд говь нутгаас л ихээхэн олддог биш бил үү

-Монголын баруун хязгаар  хамгийн сонирхолтой, бага судлагдсан газар нутаг шүү дээ. Нөгөө талаар Монгол Алтайн уулс үүсээд 8-2 сая жилийн нүүр үзсэн бол Саяаны нуруу үүсээд нэг сая ч жил болоогүй байна. Уулс үүсч байхад Монгол нутагт төгс оюунт хүн оршин сууж байсан гэсэн үг. Уулс хэрхэн үүсч бий болж байгааг хэдэн мянган үеийнхээ туршид харж, мэдэрч басхүү сүрдэн гайхширч байсан нь лавтай. Магадгүй хүний цаг хугацаа түр амсхийгээд уулс бий болох цаг хугацааг түргэсгэсэн бол нүднийх нь өмнө тал овойн товойж уул урган, далай тэнгис ширгэн замхрахыг ажаад гайхан шагших байсан биз ээ. Гэвч энэ бүхнийг хэдэн арав магадгүй хэдэн зуун үеийнхээ турш ажиглан үр удамдаа домоглон ярин ярьсаар тэр нь энэ үеийг хүртэл ирсэн гэдэг нь өөрөө гайхамшиг юм даа. Хүн төрөлхтөн үүсээд 4 сая гаруй жил болчихоод байхад Хархираа Түргэн, Хан Хөхийн уулс гэж байсангүй тал нутаг байжээ. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтнөөс дүүмэд байжээ. Уулсын насаар бол залуу уулсдаа орно л доо. Монголын энэ нутагт нүүдэлч анчид тал газар уул болж улмаар мөстлөгөөр бүрхэгдэж, тэр мөсөн голууд нь хайлж хэсэг хугацаанд уулс хоорондын хотгорт тэнгис үүсч, дараа нь тэр тэнгисийн ус татарч алга болсон газарзүйн эрс өөрчлөлтийг туулан өнгөрүүлж, тэр өөрчлөлтийн  үе улиран дамжуулсаар  дууурсагдаж иржээ гэсэн үг. Нүүдэлчид бид нэн эртний үйл явдлыг өгүүлсэн домог үлгэр, туульс хайлахдаа  цаг хугацааны товыг Сүмэр /сүмбэр/ уулыг дов байхад, Сүн /сүүн/ далайг шалбааг байхад гэж эхэлдэг. Энэ бол цагаар бодоход 160 мянган жилийн өмнөхийг дурсаж буй хэрэг юм.

Нэг сая жилийн өмнө мэргэжлийн хэллэгээр бол неотектоникийн шинэ идэвхжил эхлэлийн төдий геоморфологийн хувьд үндсэндээ тэгшрэлийн гадаргуу, тэгш тал, толгорхог тал нутгийн рельф зонхилж байжээ. Цаг агаар чийглэг дулаан, хур тунадас элбэг, нарс гацуур, далдуу, агч, царс мод зонхилсон ургамалын бүрхүүл, хирс заан, заан, тэмээн хяруул одоо цагийн Африкийн саваннад үлдсэн зарим амьтад Монгол нутагт тархмал байсан хэрэг. Түүнээс хойш миний дээр дурдсан уул нуруу үүсч, тэнгис далай бий болох хүртэлх буюу 160мянган жилийн өмнөх хүртэлх цаг хугацааны хувирал өөрчлөлт бий болсон хэрэг. Хүний цаг хугацааны хувьд асар их хугацаа шүү дээ. 

-Сүн далайн хилийн цэсийг өнөөгийн газарзүйн зурагт дүрсэлбэл 

-Сүүн буюу Сүн далай хаана оршин байсан тухай олон янзын таамаглал байдаг. Түүхийн зарим бүтээлүүдэд Арал тэнгис гэсэн нь бий. Газарзүйн бусад хүчин зүйлсүүдийг анзаарвал буруу ойлголт. Байгаль нуур ч энэ үүднээсээ бас буруу юм. Энэ тэнгис нь цас мөсөн голуудын хүчтэй хайлалтаас Алтай-Хангайн завсар үүсэн оршиж байгаад неотектоникийн хөдөлгөөний улмаас хойд тал нь хэдэн хэсэг болон хуваагдаж хуурайшилтын улмаас өмнөд хэсэг нь алга болжээ. Сүүн далай гэдэг нэр ч өөрөө бас их учиртай. Ус нь цагаан өнгөтэй, мөнх цасны усанд шохойлог мергель цайвар өнгийн булинга үүсгэдэг юм л даа. Одоо цагт Алтай Таван Богдын Потанины мөсөн голоос эх авдаг Цагаан гол, ОХУ-ын Чуйн /Цүү/ голын ус тийм цайвар өнгөтэй байдаг. Цүү гэж бодохоор тэр дээр үед мөнх цасны усанд элдэв төрлийн бичил биетэн үүсч амжаагүй үед тэрхүү усыг дээдлэн хүмүүс биеэ ариусгаж угаахыг эрхэмлэдэг байсан.

Увс болон Их нууруудын хотгорт Монголын томоохон Увс, Хяргас, Хар-Ус зэрэг нуурууд тогтсон байдгийн дээр Хар Ус-Дөргөн-Хар Айраг-Хяргас нуурууд нь нь гипсометрийн нэг төвшинд оршдог. Хамгийн намс төвшинд Увс нуур орших бөгөөд усны гадарга далайн төвшнөөс дээш 700 метр-т оршино. Эдгээр нууруудад Монголын бусад нуур, гол мөрний бүрэлдэхүүнээс эрс ялгарах бөгөөд нэг ижил алтайн сугас, алтайн хадран гэх хоёр бүлийн загас амаьдардагийг тогтоож эртний далайн нэгдмэл нэг усан бассейн басйныг нотлодог. Сүүн тэнгисийн хилийн цэс нь баруун хойд талд Баян Өлгийн Ногоон нуур, баруун талд Үүрэг нуур, хойд талд Увс нуурын цутгалан Хоолтын голын /ОХУ-ын Тува/ бичгийн шохойн орд, Тэс, Нарийн голын хөндий, өмнө зүгт Хяргас нуур, баруун талд Хонгорын гол, Өөш, Зэрэг нуур, зүүн өмнөд хэсгээрээ Таацын гол хүрч байжээ. Товчхондоо бол Их Нууруудын хотгор болон нууруудын хөндийг бүхэлд нь эзлэж тархсан эх газрын асар том усан бассейн байж шүү дээ.           

-Нэршил нь хүртэл утга агуулгаа гээхгүйгээр өнөөг хүрнэ гэдэг гайхамшиг юм аа. Сүмбэр уулын тухайд гэвэл...  

-Сая орчим жилийн өмнөөс эхлэсэн газарзүйн их өөрчлөлтийг домоглон үлдээнэ гэдэг олзуурхууштай ховорхон тохиолдол. Тэр үеийн залуу уулсыг хэлбэр дүрсээр нь хэрхэн ангилан ялгаж салгаж байсан нь бүр ч завшаантай. Залуу уулсыг морфологийн онцлогоор нь хэрхэн ангилахад “сүм” гэдэг үгийн үндэс орсон байдаг. Анх хэл хэрхэн үүссэн үйл явцыг мөрдөж үзэхэд өөр хоорондоо ижил төсөөтэй эсвэл органик холбоо бүхий зүйлийг ижил ба ойролцоо дуудлага бүхий суурь үгээр нэрлэх замаар хөгжсөн байдаг. Сүм гэдэг үгийн үндэстэй ойролцоо дуудлага бүхий бүхий сум гэж байдаг. Эрт үеийн дархны ажлын гол нэрийн бүтээгдэхүүн нь зарлага их гардаг сум байж таарна. Эндээс сум үйлдвэрлэдэг орон байрыг сүм гэж нэрлэж байсан бололтой. Сүм-ээс “сүмбэ” гэдэг үүсгэж, үзүүрлэсэн харандаа шиг хэлбэртэй уулсыг тийн нэрлэх болсон хэрэг. Сүмбэ ба сүмбэрийн бөөгнөрөлийг “Сүмэр” гэж олон тоон дээр залуухан их уулсын мужийг ийн нэрлэж ирсэн байна. Тэгэхлээр Хархираа Түргэний хийгээд Хан хөхийн тэр үеийн залуу уулсын төрх одоо цагт Монголын их говийн Хэрмэнцавыг санагдуулам. Дэлхийд Анд, Гималайн уулсын морфологийн онцлогийг дээрх үгээр Сүмэр гэх үгээр тодорхойлсон байх юм.

-Сүн далай сүмбэр уулын үлгэрийн эх нутгийг  та ийнхүү тодорхойлж чаджээ. Мэдээж хэрэг тийм домог үлгэрийг бидний үед хүргэсэн анхны шан татагсад амьдарч байсан байж таарна. Тэдний үлдээсэн зүйл бишгүй бий байх. Малтаж ашиглаж байсан үйлдвэрлэлийн ул мөрийг нээн илрүүлэх нь та бүхний ажлын бас нэг салшгүй хэсэг байсан байх аа. Ялангуяа үйлдвэрлэл явуулж байсан гэх ул мөр...

-Эрт үеийн олборлолт, малталт явуулж байсан ул мөр бүхий ашигт малтмалын орд илрэлүүд, төвлөрсөн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан үлдэц энэ бүс нутагт цөөнгүй тааралддаг. Ам дамжин уламжлагдан ирсэн нэн эртний арга технологи, цуглуулж түүвэрлэх аргаар хүнсэндээ нэмэрлэж байсан гэх ургамалын нөөцийн талаар ч цаашид гүнгийрүүлэн судлаж үзүүштэй. Хөшөө дурсгалууд, хиргисүүрүүд, оршуулгын зан үйл төрөл төрлөөрөө байхаас гадна эртний барилга байгууламжийн туурь зэрэг түүхийн дурсгалт газруудад археологийн судалгаа хийх нэн тэргүүний шаардлагатай байна. Ашигт малтмал олворлохын тулд түүхийн асар их үнэ цэнтэй зүйлсээ үгүй хийж болохгүй. Энэ чинь дан ганц Монголын бүү хэл дэлхийн эх түүхийн үнэний өмнө үйлдэж байгаа асар том гэмт хэрэг болно шүү дээ.

-Чухам ямар ямар ашигт малтмалыг эрт үеийн хүмүүс олборлож байсан юм бол...

-Хархираа Түргэний уулс болон Хан Хөхийн нуруу, Увс нуурын сав нутагт эрт үед алт, зэс, төмөр, чулуун давс олборлож байсан ул мөр одоогоор илрээд байгаа.  Энэ бүс нутагт олон тооны алтны шороон болон үндсэн ордууд илэрсэн байдаг юм. Үүрэг нуур, Бургастай, ХанХөхийн алтны хүдрийн дүүргүүдэд хуваан авч үзэж болох юм. Эртний хүмүүс голын усыг боож нуур цөөрөм үүсгээд урсгалыг тосуулж алттай шороогоо овоолоод түүний доод талд хөндлөвч мод, бут дэвсч том чулуугаар дараад даланг сэтлэхэд хуримтлагдсан усны хүчинд алттай шорооны хөнгөн хэсэг нь урсган одож, хүнд хэсэг нь хориг сааданд тээглэж хоцордог. Ямар металл илүү ихээр тунаж хоцрох нь анхны үндсэн ордын эх үүсвэртэй холбоотой байдаг юм. Алтыг ауру /м/ гэдэг нь шороон ордоос түүнийг цэвэрлэн ялгаж салгах процессын нэр байснаа хожим нь тэрхүү металлын нэр болж хувирсан гэж барууны судлаачид үздэг. Ауру /м/ нь “уруй” гэдэг язгуур монгол үгнээс гаралтай байж болно. Одоо цагт усны үерээр бууж ирсэн гишүү, хожуул зэрэг модон түлээг тэгж нэрлэдэг шүү дээ. Эртний хүмүүс Улааначны алтны баяжмалтай тулж ажиллан металлуудыг микротүвшинд цэврээр ялгаж салгаж байсан нь гайхалтай. Температурын өөрчлөлт даахдаа сайн бас зөөлөн нефрит, серпентинитэн үлээгүүр хушуу үйлдэж түүнийгээ модоор уртасгаад нүүрсэн хэвэнд цэвэр металлуудын нунтгийг тус тусад нь хайлуулдаг байв.  Анхны хайлуултууд нь лаборторийн түвшинд өнөөгийн алт мөнгөний дархчуулын зарчмаар ажиллаж байгаад цаашид хүмүүний хэрэгцээг хангах амьсгалаар үлээхэд уушигны хүч хүрэлцэхгүй болж зохиомол /хөөрөг/ уушиг бүтээх оролдлого санаачилж эхэлсэн байдаг юм. Магадгүй ийм үлээгүүр нь яваандаа тамхичдын гаансны соруул болж хувирсан бололтой.

Улаанначны ордыг ашиглаж эхлэх үед алтнаас гадна хүний гараар бүтсэн эд юмс, металл хийцүүд баригдах болсон юм. Тэдгээр хийцүүдийг зэс, хүрэл, заримыг нь төмрийн зуунд ч хамааруулж болно. Эртний хүмүүс ийм эд зүйлс хийдэг байсан нь цагийн уртад доош сууж алтны үед тулж хүрсэн нь ойлгомжтой шүү дээ. Эртний хүмүүс Улаанначинд 2,5 метрийн гүнд том ширхэгтэй алт байгааг яаж мэдэв ээ гэдэг нь хариулт нэхсэн чухал асуудал шүү.

-Монголчууд юм учиртай сум гичиртэй гэж ярьдаг. Юм бүхэн зүгээр нэг бий болоогүй заавал нэг утга учир цаана нуугдаж байдаг гэдэг санаагаа үгэндээ нууж байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрөөд байх юм..

-Үнээн. Чухам үгэндээ бүхий л ололт дэвшилээ нууцалж домог үлгэртээ шингээж үр удамдаа хэдэн арав магадгүй зуун үеийн чинад дахь үр удамдаа өвлүүлдэг байж. Тэрний араас гүнзгийхэн малтахад л учир тайлагдаад ирэх жишээтэй. Нүүдэлчид хэдэн зууны ярьж үнэмшүүлээд байсан шиг суурин балгадын хүмүүсээс бүдүүлэг харанхуй байсангүй. Цалин цагаан мөнгө гэх нэршил бий шүү дээ. Чингис хаан монголчуудын алт олборлох явдлыг цаазлан хорьж мөнгө олборлох, мөнгөөр гоёх зарлиг гаргаж, мөнгөний орд газрууд эрж хайх олборлох ажлыг өргөжүүлж эхлэсэн байдаг. Цалин гэх үг нь химийн цэвэр гэх утга агуулдаг байснаа одоо ажлын хөлсний нэр болсон нь эзэнт гүрний үед Монголын валютын үндсэн нэгж байсантай холбоотой. Ийм олдворууд Сүүн далайн ширгэсэн хөндий хотгорууд болон Сүмбэр уулын эргэн тойрноос хангалттай их хэмжээгээр илрээд байгаа. Мөн зэс, төмрийн ордууд ч бий. Ашиглаж байсан технологи, эртний малтацууд олон илэрсэн. Жишээлэхэд Хархираа Түргэний Зэстийн шилийн зэсийн ордуудыг нэн эрт дээр үеэс ардын хувьсгалын үе хүртэл тасралтгүй олборлож байсан байсныг тогтоосон. Энэчлэн Ховдод Нүхний нуруу, Боорч, Тамт, Баян-Өлгийд Асгат, Хужрын улааны орд, Увст Зэстээс гадна Ганц Улиасны орд, Завханд Эрдэнэхайрхан, Завханмандлын Нүхтийн оруудыг ч энэ жишээнд багтааж болно. Төмрийн ордыг хэрхэн хэдүй үеэс ашиглаж байсан тухай өч төчнөөн баримт бий. Түргэний голын сав нутгийн дунд урсгалд эрт үед төмөр хайлуулж байсан 10 гаруй газрыг хайгуул судалгаагаар илрүүлэн олсон. Эдгээр дурсгалуудаас Гүнг, Боргочууд, Цагаанморьт гэсэн дурсгалуудад археологийн малтлага судалгааг хийж төмрийн хүдэр хайлуулж байсан зуухны үлдэгдлүүдийг судлаад 2-7-дугаар зуун хүртэлх олон цаг үеийг хамарсан дурсгалууд болох нь тогтоогдсон. Эрт дээр цагаас хойш шүү дээ. Дүгнээд хэлэхэд эрт үеийн овог аймгууд төрөл бүрийн ашигт малтмал олборолох үйл ажиллагаа өргөн цар хүрээтэй явуулж боловсруулж бас химийн шинжлэх ухааны өмнөх алхимичдийн судалгаа монгол газар идэвхтэй явагдаж байсны нотолгоо.

-Шүдэн уулын чулуун давсны ордыг далд уурхайн аргаар одоогоос 1300 жилийн өмнө олборлож байгаад осолдсон хүний хатмал шарил илэрсэн тухай сонирхолтой мэдээлэл бий. Сүнд далайн ором давсаар нэн баялаг байж дээ

-Үнэхээр баялаг. Хатсан тэнгис шүү дээ. Өнөөг хүртэл аль тэртээх хэдэн мянган жилийн өмнөх олборлолт шигээ эгээ л адилхан өрнөж байдгийг бид бэлхнээ мэднэ. Монголын эртний түүхэнд баруун талд Найман мөрний газар гэж тэмдэглэгдсэн газар нутаг чинь одоогийн Увсын нутаг. Энэхүү найман мөрөн нь Кок-мурэн /Енисей/, Он-мурэн /Хархираан голын урд салаа одоогийн Улаангом/, Цагаан мурэн /Хангилцаг гол/, Хара-усун /Хархираан хойд салаа, Хар усны суурин гэж байсан/, Укри-мурэн /Түргэний гол/, Джурчэ-мурэн /Баруун туруун-Гурамсны гол/, Санбитун /Хандгайтын сав/, Акар-мурэн /Хээр морьт/-н бухыг /их устай суваг/ гэж нэрлэсэн бололтой юм билээ. Судлууштай. Энд найман мөрний газар гэх боловч зургааг нь мурэн гэж нэрлээд Хара-усун, Самби-тунг мурэн гэж нэрлээгүйг анзаарах хэрэгтэй. Эндээс дүгнэхэд Найман мурэн гэдэг нь газарзүйн томьёолол биш харин эдийн засгийн агуулгатай тухайн газруудад ямар нэг байдлаар суурьшилт үйлдвэрлэл оршиж байсныг нэрлэсэн бололтой.

Үкри мурэн нь Төгсбуянтын туурь мөн байх. Энд төмөр хайлуулж басйнаас гадна үхэр сүргийн өлгий нутаг байсан болохоор Үхрийн гол. Кок мурэн одоогийн Тувагийн нийслэл Кызыль хотын орчиммд газар тариалан эрхэлж байсан бололтой. Он мурэн гэдэг нь одоогийн Улаангомынхныг Онгийнхон гэдэг. Энд жимсгэний аж ахуй, газар тариалан эрхэлдэг байжээ. Хара-усун түүхэн нэр өнөө хэр нь хадгалагдаж үлдсэн бөгөөд Улаангомоос хойш 10 км-т оршдог намгархаг татам дундуур урсдаг жижиг горхи. Тариа тарихаас гадна, чихэр өвс, хармаг, сулхир их хэмжээгээр түүх боломжтой байжээ гэхчлэнгээр тайлж болно. Мөн Джурчэ-мурэнг энд ус хураах жижиг далан босгож тогтоол үүсгээд түүгээрээ газар тариалан эрхэлдэг Цагаан мурэн гэдэг нь Хангилцаг-доод урсгал Гурамсны гол орчимд төмрийн орд ашиглаж хүдэр хайлуулдаг байсан. Түүнчлэн үхэр сүрэг өсгөж байсан болов уу. Санби-тун /Самби-сямби, тун-торх/ нэр Хандгайт-Торхилогийн сав нутаг байж болмоор. Энд улиасан торх хийж, байгалийн үхрийн нүд жимс хурааж их хэмжээний нөөц бэлддэг. Мөн давс олборлож байсан байна. Акар /богинохон/ мурэн гэж Түргэний голоос 10 гаруй км суваг татаж Хээр морьтийн таригт ус хүргэдэг байсан нь өнө хэр нь улбаатай газар тариалангийн зориулалттай нутаг байсан бололтой. Энэ намайн сум суурингийн суурь тэртээх 2000 жилийн өмнөөс улбаатай. Энэ мэт түүхийн олон улбаа эх нутагт минь арвин бий.

-Маш сонирхолтой байлаа. Үнэхээр үгэн дотроо нүүдэлчид эрдэнэсээ нууцалдаг байжээ. Нууцлах ч юу байх билээ. Илэрхий хэлээд өгчихдөг байжээ. Тиймдээ ч нүүдэлчид газрын дээрх болон доорх баялгаа нэг дэнэггүй мэддэгийн дээр хайрлахыг ямагт сануулдаг байжээ. Хайрладаг хүн харамнадаг шүү дээ. Харин Сүн далдай Сүмбэр уулын үр сад өнөөгийн Монголчууд хэр алсын хараатай байх бол оо.

-Баярлалаа тийм алсын хараатай байх болтугай гэж ерөөе дээ.

Ч.Хандаа                          

                                                                                 

сэтгэгдэл үлдээх

Ц. ЯДАМСҮРЭН

  • [192.168.1.1]
  • 3 Сар

МОНГОЛЫН ХАЙГУУЛ АШИГТ МАЛМАЛЫН УРЬДАА БАРИХ САЙН ИНЖЭНЭР НАМИЛАНГИЙН АМИТАНЫ ӨГҮҮЛЭХҮҮНИЙГ УНШААД СЭДЭЛ СЭРЭЛ ХӨДЛӨВ ЖИНХЭНЭ ЭРДЭМТ ХҮНИЙ ҮГ ГЭЖ ЯЗГУУРЫН ИЙМ ЗҮЙЛИЙГ ХЭЛЭЛТЭЙ. ХУДЛАА БУУДДАГ ХООСОН ОНОЛТОНЫ ДЭРГЭД УЛТАЙ ҮНДЭСТЭЙ МЭДЭЭЛЭЛ ИЙН ЗЭРЭГЦЭЭ БАЯН ТАНСАГ БАРУУН ОЙРАД НУТГИЙНХАА БАЯЛАГИЙН НУУЦАД НЭВТЭРСЭН НЬ БАХАРХМААР БАЙЛАА.

зочин

  • [192.168.1.1]
  • 4 Сар

НАЙМАН МӨРӨН НАЙМАН ГОЛ ИХ Л ХОЛ ЗӨРҮҮТЭЙ ОЙЛГОЛТ ШҮҮ ДЭЭ ЭНТЭЙХЭН СЭТГЭВЭЛ Сүмбэр их Алтайгаа тойруулан халиаах энүүхэн сэтгэвэл Хархираа Түргэнээ тойруулан үзэх

Зочин

  • [192.168.1.1]
  • 4 Сар

Баярлалаа аргагүй л шинжлэх ухааны хүндээ мундаг эрдэмтэн танаар бахархадаг шүү

Зочин

  • [192.168.1.1]
  • 4 Сар

Зочин

  • [192.168.1.1]
  • 4 Сар

Зочин

  • [192.168.1.1]
  • 4 Сар

Vnheer shan sonirholtoi unshih tusam shimtmeer tanidaa bayrlaa ondoroos ondor amjilt hvsiii

Нямсүрэн

  • [192.168.1.1]
  • 4 Сар

Үнэхээр сайхан бас их сонирхолтой ярилцлага байна. Маш их шимтэн уншлаа. Баярлалаа...

Зочин

  • [192.168.1.1]
  • 4 Сар

Unheer uhaantai yariag n sonsood l baimaar mundag hun shu naiziin maani aav. Urt naslaarai ta mini Zoloo

Зочин

  • [192.168.1.1]
  • 4 Сар

Poooh amitan guai bnshdee mundag hundee

Zolbaatar

  • [192.168.1.1]
  • 4 Сар

Н.Амитан шүү дээ мэдээ оруулж байгаа бол овог нэрийг нь зөв бичиж байлдаа