ПАРИСЫН ДАРЬ ЭХИЙН СҮМ ТҮЙМЭРТ ШАТЖЭЭ

Францын хамгийн алдартай түүхэн дурсгалуудын нэг болох XIII зуунд баригдсан, 850 жилийн настай Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүм түймэрт шатаж, ихээхэн хохирол амсаад байна.

Уг түймэр бүс нутгийн цагаар Даваа гаригийн оройн 6:50 цагт эхэлжээ. Тухайн үед сүм дотор сэргээн засварлах ажил явагдаж байсан нь гал гарах гол шалтгаан болсон гэж таамаглаж байна.

Готик хэв маягийн Католик сүмийн модон орой болон дээвэр шатаж нурсан бол гол чулуун байгууламжууд нь бүтэн үлдсэн гэнэ. Гал сөнөөгчид сүм доторх эд зүйлсийг галаас аврахаар ажиллаж байгаа юм байна.

Сүмийн ойр орчмын барилгуудаас хүмүүсийг нүүлгэж, ойролцоох гудамж, метроны өртөөг хаажээ. Түймрийг усаар унтраах үед сүмийн чулуун байгууламжууд усыг шингээж, хүндэрснээс нурах аюул үүсэх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

1260 онд анх баригдаж эхэлсэн Нотр Дам олон удаагийн дайн самууныг давж гарсан түүхтэй. Хамгийн том хохирлыг XVIII зууны сүүлээр гарсан Францын хувьсгалын үед амсаж байжээ. Тухайн үед хувьсгалчид энэ сүмийн шашны холбогдолтой эд зүйлсийг их хэмжээгээр сүйтгэсэн юм.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон уг түймрийг “аймшигт үйл явдал” гэж нэрлээд, дэлхийн улс орнуудын хандив тусламжийг оролцуулан Нотр Дамыг сэргээн босгох төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдэгджээ.

Парисын Дарь эхийн сүм нь жилд 13 сая жуулчин хүлээж авдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Эйфелийн цамхагийг давдаг байна.

Дашрамд дурдахад, 1831 оны дөрөвдүгээр сарын 16-ны энэ өдөр Виктор Хюгогийн “Парисын Дарь эхийн сүм” роман анх хэвлэгдэн гарчээ. Энэхүү зохиолдоо Виктор Хюго XV зууны үеийн Францын нийслэлийн амьдралыг Нотр Дамын сүмийн дэвсгэр дээр харуулсан байдаг. Тэрээр романаа сүмийн нэрээр нэрлээд зогсолгүй, сүмийн ур хийц, бүтцийн талаар маш дэлгэрэнгүй бичсэн нь тухайн үед Парист моодноос гараад байсан Готик хэв маягийн уг сүмийг дахин олны анхаарлын төвд оруулж байжээ.

Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх