Сөүл хоттой хамтран Сэлбэ голыг тохижуулна

Хотын дарга С.Амарсайхан Солонгосын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел, ахлах ажилтан Ким Жэ Хи нартай уулзлаа.

Уулзалтаар Сэлбэ гол дагуу Үндэсний соёл амралтын цогцолбор барих төслийг хамтарч хэрэгжүүлэх болон Сөүл хотын захиргааны хөрөнгө оруулалтаар хийгдсэн зарим ажлын талаар ярилцаж санал солилцлоо.

Энэ үеэр Хотын дарга Сөүл хотоос ногоон байгууламж, мод тарих арчлах чиглэлээр туршлагатай мэргэжилтэнг урьж, ногоон байгууламжийн үйлчилгээний байгууллагуудын туршлагыг судлах зэргээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Үүний хариуд Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел ногоон байгууламжийн хүрээнд харилцан туршлага судлах ажилд идэвхтэй оролцохоо мэдэгджээ. Мөн Сэлбэ гол дагуух тохижилтыг Сөүлийн олон улсын харилцаа хамтын ажиллагааг хариуцсан хэлтэст уламжилж хариу мэдэгдэхээр болсон байна.

Дашрамд дурдахад, Хотын дарга захирамж гарган Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэл Туул голын эрэг дагуу иргэдэд зориулсан цогцолбор байгуулахаар болсон юм.

сэтгэгдэл үлдээх