Хүн төрөлхтнийг мөхөөж болзошгүй гол аюулуудыг нэрлэжээ

Их Британийн маркетингийн “Blueclaw” агентлагийн шинжээчид дэлхий дээрх амьдралыг устгаж болзошгүй гол аюулуудыг жагсаажээ.

 

Шинжээчид жагсаалтыг гаргахдаа, НҮБ-ын статистик мэдээллүүд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх Европын төв, НАСА зэрэг 50 өөр эх сурвалжуудын мэдээллүүдэд үндэслэжээ. Хүн төрөлхтөнд учирч буй гол аюулуудыг тэд халдварт өвчин, цөмийн дайн, байгалийн гамшиг, дэлхий солиртой мөргөлдөх аюул гэсэн дөрвөн хэсэгт хуваажээ. 

 

Үхлийн аюултай өвчнүүдийн тоонд шинжээчид сүрьеэ, хумхаа, улирлын чанартай томуу, Эбола вирус, менингит, уушги болон булчирхайн тахал, Ласса чичрэг өвчин, булчин задрах тахал, шар чичрэг өвчин, Марбург вирусийг оруулсан байна. Хүн төрөлхтөнд хамгийн аюултай өвчнөөр шинжээчид сүрьеэг нэрлэжээ. Уг өвчин тархах хамгийн өндөр магадлалтай голомт нь Африкийн орнууд, тодруулбал, Нигери улс юм. ДЭМБ-ын мэдээллээр, 2017 онд 10 сая хүн сүрьеэ өвчний халдвар авч, хоёр сая хүн нас баржээ. Уг өвчний халдвар энэ эрчээрээ тархвал дэлхийн хүн амыг 4812 жилийн дотор үгүй хийж магадгүй гэнэ.

 

Цөмийн дайн дэгдэх магадлал сүүлийн үед нэмэгдсэн гэж шинжээчид үзэж байна. Америкийн “Bulletin of Atomic Scientists” сэтгүүлийн шинжээчид энэ жил “Ертөнцийн төгсгөл ирэх өдрийг бэлгэдсэн" цагийн зүүг "сүйрэл" болох “шөнө дундаас” хоёр минутаар урагшлуулсан билээ. Түүнчлэн шинжээчид стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай ОХУ болон АНУ-ын хооронд байгуулсан СНВ-3 гэрээний хугацаа 2021 онд дуусах бөгөөд энэ гэрээг цаашид сунгах эсэх нь тодорхойгүй байгааг онцолсон байна. Нээлттэй эх сурвалжуудын мэдээллээс үзвэл, АНУ цөмийн хөтөлбөрийнхөө түүхийн хугацаанд хамгийн олон буюу 1030 цөмийн туршилт явуулсан бол Орос улс 715 туршилт явуулсан боловч “Хаан бөмбөг” гэж нэрлэдэг, түүхэн дэх хамгийн хүчтэй цөмийн бөмбөг болох РДС-202 –ыг бүтээсэн билээ. Манай гарагийг устгахад АНУ-д 5351, харин ОХУ-д 4206 цөмийн бөмбөг байхад хангалттай гэнэ. 

 

Харин дэлхий солиртой мөргөлдөх магадлал бага байгаа боловч НАСА агентлаг ойрын 100 жилд манай гарагт дөхөж ирж болзошгүй тэнгэрийн биетүүдийг ажиглаж байна. Ийм солируудын нэг бол 3.9 км-ын голчтой хамгийн их аюул дагуулж болзошгүйд тооцогддог Florence солир юм. Хэрэв энэ солиртой мөргөлдвөл 1.2 тэрбум хүн амиа алдана.

 

Дэлхийг мөхөөж болзошгүй цаг уурын гол аюулаар дэлхийн дулаарал тооцогдож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын бүлгийн /“IPCC”/ мэдээллээр, 2025 он гэхэд манай гарагийн агаарын хэм аж үйлдвэрлэлтийн өмнөх үеийнхтэй /1850-1900 он/ харьцуулахад Цельсийн 2 градусаар нэмэгдэнэ. Хэрэв дэлхийн дулаарал одоогийн хурдцаар /10 жилийн хугацаанд 0.2 градус/ үргэлжилбэл агаарын хэм 2136 жилийн дараа 44 градусаар нэмэгдэх гэнэ. Энэ түвшинд хүрсэн тохиолдолд дэлхийн далай тэнгисийн усны түвшин хуурай газар усанд автах хэмжээнд хүрч нэмэгдэх ажээ.

эх сурвалж МОНЦАМЭ

сэтгэгдэл үлдээх