Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцны цахим бүртгэл ирэх долдугаар сард эхлэнэ

Засгийн газрын хуралдаанаас Буянт-Ухаа II орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг нь хотын захиргаанд өгсөн. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн гишүүд журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барихаар болсон.

Тус хуралдааны үеэр, Уг орон сууцны 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууцаар, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан олгох санал боловсруулснаа Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан юм.

Өөрөөр хэлбэл, Энэхүү журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхлэх юм. Мөн зорилтот бүлгийн ангилал квотыг тусгаж өгснөөр түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж бүрдэх аж. 

Энэ талаар "Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатараас тодруулахад, "Журмын төсөл танилцуулагдаад явж байгаа. Эхний ээлжид таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэйгээр төлөх санал хүргүүлсэн. Хүү буурсан тохиолдолд түрээсийн орон сууцанд орж байгаа хүмүүст очих санхүүгийн дарамт буурах боломжтой гэж үзэж байна. Мөн бид түрээсийн орон сууцанд хамруулах шинэ журам баталж байгаа.  

Цахим бүртгэл ирэх долдугаар сарын 22-нд эхлэнэ. Бүртгэж дууссаны дараа сонгосон шалгуурт үндэслэж иргэдийг хамруулна. Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулалтаар сонгох уу эсвэл сугалаагаар сонгох уу гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөл өөрсдөө хуралдаж шийдвэрлэнэ. Аль аль нь боломжтой хувилбар. Тухайлбал, сонгон шалгаруулалтаар явууллаа гэхэд сонгон шалгаруулалт шилэн, нээлттэй ил тод байх учир танил талдаа хахуул өгч хамрагдах  асуудал үүсэхгүй. Нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоо зэргээс хамаарч нэн шаардлагатай айлуудыг эхлээд оруулна" гэв.

Т.Гэрэл

сэтгэгдэл үлдээх