100 айлын авто замыг хэсэгчлэн хаав

100 айлын 1.6 км замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр хаав.

 

100 айл орчмын замыг өргөтгөн шинэчлэх ажлын үеийн замын зохицуулалтын талаар НАЗХГ-ын дэд дарга Д.Индра, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар  өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлсэн юм. Замын ажилтай холбогдуулан гурван удаа хэсэгчилж хаах аж.  Тодруулбал, 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км замыг зургаадугаар сарын 28-наас энэ сарын 10-н хүртэл, Хангай хотхоноос УБЕГ хүртэлх 0.6 км замыг энэ сарын 15-28 хүртэл, УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэлх 0.7км замыг энэ сарын 28-наас ирэх сарын 15-н хүртэл хаахаар болжээ.

 

Энэхүү зам барилгын ажилд 3,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд 12 метр өргөнтэй долоон см зузаан авто зам, хоёр талдаа нэг метр өргөнтэй ногоон байгууламж, дугуйн зам, 2.25 м явган хүний замыг тус тус стандартын дагуу хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн гэрэлтүүлэг болон тус газрын шугам сүлжээг иж бүрэн шинэчлэн засахаар төлөвлөсөн байна. Мөн шинээр зогсоолын талбай нэмж, дөрвөн байршилд төлбөртэй үйлчлэх зогсоол ажиллуулах боломж бүрдүүлэх юм.

НАЗХГ-ын дэд дарга Д.Индра, "Усархаг бороо үргэлжлэн орохгүй л бол, автозамын ажлыг хугацаандаа гүйцэтгэнэ. Иймд тус чиглэлийн авто замаар зорчих иргэд болон аж ахуй нэгжүүд автозамыг тавих хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээгээ зохицуулахыг анхааруулж байна" гэлээ.

сэтгэгдэл үлдээх