П.Гэндэнгийн байшинг шилэн хоргонд байрлуулна

П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, газар дээр нь 22 давхар барилга барихаар болсон. Энэ асуудлаар өнөөдөр (2019.10.09) Гэндэн сан болон нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд асан П.Жасрайгийн шийдвэрээр 1992 онд тухайн байшинг  П.Гэндэнгийн гэр бүлд шилжүүлсэн байна. Тэгээд 1993 оноос музей болгох ажил эхэлж, 1996 оны 09 дүгээр сард нээсэн аж.

1930-аад онд баригдсан гадна шавардлагатай модон байшинг 1984 онд буулгах шийдвэр гарсан байна. Өдгөө 90 жилийн нүүрийг үзсэн байшин суулт өгч, дээвэр нь ус нэвчдэг болсныг Гэндэн сангийн тэргүүн С.Бэхбат ярилаа. Тиймээс ээж аавынхаа хүслийг биелүүлэх үүднээс мэргэжлийн архитекторын зөвлөгөөнд үндэслэн барилгыг шинэчлэх болсноо хэлж байна.

Тухайн байшин нь 1650 мкв газартай музей конторын зориулалттай барилга. 2016 онд музей конторын зориулалттай 22 давхар барилга болгон шинэчлэх зураг гарсан аж. Барилгын нэгдүгээр давхарт П.Гэндэнгийн музейг өнөөгийн төрхөөр шилэн хоргонд байрлуулах зураг төслийг баталсан байна. Өөрөөр хэлбэл П.Гэндэнгийн нэрэмжит музейн хоёр давхар модон байшинг сэргээн засварлаж, шинэ барилгын нэгдүгээр давхарт байрлуулах аж. Энэ дагуу музейн барилгыг түр буулгаад, буцаан сэргээх ажил явагдаж байгаа гэдгийг нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр хэллээ. Мөн тэрбээр соёлын өвийг устгаагүй гэдгийг тодотголоо. 

Шинэ барилгын 1-4 дүгээр давхар нь музей байх бол түүнээс дээш давхруудыг оффисийн зориулалтаар ашиглах аж.

Б.Энэрэл

сэтгэгдэл үлдээх