Үнэгүй байр, үнэгүй боловсрол, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээний мөнгийг намууд хаанаасаа гаргах юм бэ

Сонгууль  эхлэхэд бараг  найман сарын  хугацаа дутуу байхад намууд ард иргэдийн чихийг мялаасан том том амлалтууд өгөөд эхэллээ. Уг нь саяхан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Сонгууль эхлэхээс өмнө төрийн эргэлт зэрэг солиотой юм яридаг хүн олон болно. Төрийн эргэлт хийх гэж оролдвол ял авдаг хуультай. МАХН-аас иргэдэд үнэгүй байр өгнө гээд байгаа. Энэ ч бас хууль бус. Сонгуулийн хуулиар үүнийг хориглосон. Тэр намыг сонгуульд оролцуулж болохгүй” хэмээн онцолсон билээ. Түүний ийн хэлсэн нь ЗХШШ-ын орлогч дарга асан, Бригадын генерал Б. Баярмагнайгийн “Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын үндэсний фронтыг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Одоо бид тэмцлээ шууд эхэлнэ” гэсэн тайлбартай, цэргийн дүрэмт хувцастай зураг нийгмийн сүлжээнд тарсантай л холбоотой хэрэг болов уу. Энэ яриа хуучраагүй байхад л Төрийн ордонд хуралдсан ШИНЭ намын нэгдсэн эвлэлийн төв зөвлөл төрийн ордонд хуралдах үеэр дарга нь болох Ж. Батзандан мөн л баахан амлалт өглөө. Венесуэлийн Уго Чавесийг ч дуурайгаад байгаа юм шиг. Тэрээр “Гурваас дээш хүүхэдтэй айл өрхийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлж, нэг хүүхэдтэй, эсвэл хоёулаа хөдөлмөр эрхэлж байгаа залуу гэр бүл анхны орон сууцаа худалдан авахад нь ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг тэглэх, жилийн хүүг нь таван хувь хүртэл бууруулах юм гэнэ. Герман, Унгарын нэгэн адил төрийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийг тэглэж, багш эмч нарын цалинг хоёр сая төгрөгт, өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэхээ тунхаглалаа. Мөн 18-аас доош насны хүүхдүүд болон 65-аас дээш насны ахмадуудын эх орондоо авч буй эрүүл мэндийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй болгох юм байна. Нижигнэсэн алга ташилтаар л  түүний яриаг хүмүүс хүлээн авлаа. Сарын өмнө МАХН-ын дарга Н Энхбаяр мөн л ингэж хүмүүсийг алга ташуулсан. Тус намынхан иргэдийг хүүгүй зээлд хамруулж, урьчилгаа төлбөргүйгээр орон сууцанд оруулах юм гэсэн. Тэгэхээр ЕТГ-ын дарга З.Энхболдын хэлсэнээр сонгуульд оролцуулж болохгүй МАХН, ШИНЭ нам  гэсэн хоёр нам бий болчихлоо. ХҮН намынхан гэхэд л мөн л  багш, эмч нарын дундаж цалинг хоёр сая төгрөгт хүргэнэ гээд амлачихсан. Хаанаасаа тийм их мөнгө гаргаж ирж тараах гээд байгаа юм бүү мэд. Одоогоор сонгуулийн жил гараагүй, сурталчилгаа албан ёсоор эхлээгүй болохоор ухаан алдтал тань “спрприз” барих амлалт хараахан гарч ирээгүй л байна. Тэр үед АН, МАН-ынхан ч бас зүгээр суухгүй  элдвийг амлах нь лавтай. Итгэлийн зээл гээд л  20 сая төгрөг иргэдэд хүүгүй өгөх  амлалт МАН-ын нөхдүүд яриад л явж байгаа. Ийм популист амлалтаар дүүрэн л сонгууль  бидэн рүү дөхөж явна. Ард түмэн минь хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, хэт их хөөсөрсөн амлалтанд итгэлгүй гол ноён нурууг нь хараад  саналаа өгөх хэрэгтэй болов уу.  Ямар ч их мөнгөний амлалт  Монгол улсыг өөд нь татахгүй улам л доош нь унагаана гэдгийг бид долоон жилийн өмнө АН, МАН-ын амалсан “Эрдэнийн хувь” ,”Эх орны хишиг” зэргээс  хангалттай олж харсан шүү дээ. 50 мянган айлыг орон сууцанд бүрэн оруулах мөнгийг л  зүгээр тараагаад хаячихсан шүү дээ.  

сэтгэгдэл үлдээх