ЭЭЖ... ХУРААНГУЙЛАН ХҮҮРНЭХ ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭ...

Маануусын өвх Баярмагнай гэдэг хүн таван хүүхэдтэй байжээ. Түүний нэг хүү нь миний хөгшин аав “Матгар” хочит Цэнд юм. Харин хөгшин ээж Дэвээгийн Норжин Хайст, Тогтохын шилээр нутаглаж байсан хүн гэнэ лээ. Эсэргүү хөдөлгөөн хэмээх их баривчилгааны үеэр нутгаасаа дүрвэн нүүж Өмнөговь сумын нутагт ирсэн аж. Дүрвэх шалтгаантай гэр бүл байсан гэхээр жирийн айл байгаагүй бололтой... Чухам ноён, тайж, залан, зайсан, лам хувраг, хөрөнгөтэй аль нь байсан нь бүү мэд. Нутаг сэлгэн нүүж, бэлчээр олон идээших тэр газар нь манай нутаг, ханьсан амьдрах хувь төөрөг нь манай хөгшин аав байсан биз. Ингэж л Цэнд гэдэг айл буй болж 6 хүүхэд төрүүлж өсгөсөн түүхтэй. Тэр 6 хүүхдийн нэг нь миний ээж Дуламжав юм. Ээж манай аав Шийгээн Дагватай гэр бүл болж 12 хүүхэд төрүүлж өсгөсөн далай дархан ээж билээ. Социалист нийгэмд аж төрж байсан айл учир тэр үеийнхний жишгээр нэгдлийн мал маллаж байсан малчин өрхүүдийн нэг.

Нэхэн санахуйн гэгээ:
Манайх шилийн Мөст буюу Могойн голд ихэнхдээ зусдаг байсан. Заримдаа Ёлын шилийн Бөгтөр, Мойног хүртэл нүүнэ. Үүрийн гэгээтэй уралдан болжмор шиг сэрж, хангал морьтой зайдан цахилуулж цавчим өндөр уулсын хяраар шувуу шиг нисэж, хүржигнэн нурах асга дундуур янгир шиг дүүлж явсан ээжийн минь залуу нас үлгэр шиг гайхамшигтай юм. Цэцэгт бэлээр хонио налайлгачихаад нарны алтрах цацрагаар үйл урлаж, өнө эртний хээ хуар шиг зулмал ногоон талаас хуурай аргал олох гэж хөх тогоруу шиг бөгтөлзөж, халтар бамбай олоод баясаж хөөрөнхөн, шээзгийндээ хийж унтаж буй гал үүрэн гэртээ харихаар яарах эмэгтэй бол миний ээж билээ.
Манайх жилд 500 гаруй хонь, 150 орчим ямаа төллүүлдэг. Сүү, ноос ноолуур, бодын хөөвөр, махны төлөвлөгөө биелүүлэх гэж махран ажилладаг байсан үе. Өмнөговь сумын цэцэрлэгийн цагаан идээг их олон жил бэлтгэсэн айл. Саалиа сааж дуусгаад саах нийлүүлэхэд хурга ишиг, хонь ямаа шуугиж амьд симфони мэт нүргэлэх, тэр нүргээнд цэлгэр нуурын цэн хун цэнгэлдэж, цэврүү талын цэцэг ногоо хүртэл хөгжилдөх мэт хөдөө нутгийн дуурьсал шаргал аялгуунд сав мэлтэлзсэн сүүгээ бариад, хэдэн дэгдээхэйгээ далавчин дороо нөмөрлөн зүүрмэглэх цагаан хун шиг намбайх өргөө рүү гунхасхийн алхаж яваа хөрслөг бор бүсгүйг төсөөлөн бодоход ээжийн минь төгөлдөр гоо үзэгднэм...
Ээж бог малд нүдтэй, аав бодод нүдтэй хүн байсан. Тиймээс богоо ээж хариуцдаг. Уналгын морь, ачлагын тэмээнд аав анхаардаг бол ээж саалийн үнээтэй байхыг чухалчилдаг... Тиймээс мал малын захтай айл байлаа. Оёж хатгах, цагаан идээ хийх, борц бэлтгэх гээд нүүдэлчдийн ахуй амьдралд хэрэглэдэг, хийдэг бүхнийг онцгой чадмаг эзэмшсэн хүн. Тэнгэрийн тунгалаг дор, намрын намуун дотор өвсний шижир тэргүүнийг долгилуулан, жижигхэн хээр морьтой бүсгүй жигдэрсэн хөсөг хөтлөн их алсыг зорих суман галт тэрэг шиг сунайж одох нь нүүдэлчин ээжийн цацлын сүүтэй харгуй билээ...
Миний ээж сургууль соёлд явж ном бичиг сураагүй боловч амьдрах ухаанд нэвтэрсэн хүн байж. Манайх дэлгүүр хоршооноос юу авах, хэнд юу өгөх гээд бүхий л асуудлыг ээж л зохицуулдаг байсан. Хурал цуглаан, зөвлөгөөн гээд баг сум цаашлаад аймаг хот явах бүх л ажилд ээж л явна. Хэнтэй ч уулзсан учир зүйгээ яриад зөв ойлголцож чаддаг... Аав хэдэн төгрөгний цалин авдаг, юунд зардгийг нэг ч удаа тооцож үзээгүй, оролцдоггүй байсан. Олон хоногийн бороонд жиндэн малтайгаа хөөцөлдөж нэвт норсон ч гал таслахгүй байн байн аргал зэрэглэж, борцтой цай бур бур буцалган бодолд дарагдан суух нойтон тэрлэгтэй ээжийн минь дээлийг хэзээ нар гарч сэврээх нь үл мэдэгдэм өдөр хоногууд тоолшгүй олон билээ... Тэрлэг гандтал шарсан их халуунд хонь ноосолж, өвдсөн эндсэнг эмчилж, сүдэгтэй мал засаж үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол борви бохис хийлгүй тонголзсоор өдрийг барж, шумрын сүүмэг гэрэлд бүртэлзсэн ээж минь аягахан цай уугаад эрд гэх шиг сэргэдэгсэн. Цайны хүчээр цаггүй их ажлыг нугалж явсан малчин эзэгтэй бүхэн ийм л байсан билээ. Цай чанах, цагаан идээ хийх, архи нэрэх гэдэг нь хүн хүний гараас шалтгаалж өөр өөр амттай байдаг. Тиймээс ээжийн цай шиг цай ховор. Ээжийн хийсэн шүүрмэг шиг сайхан амттай шүүрмэг ч ховор билээ.
Миний хөгшин аав Цэнд хөнхгөр, ясархуу биетэй хүн байсан. Ээж ч чацархаг хүн. 12 хүүхдийн эхний найм нь дараалсан хөвгүүд болохоор хоолыг тэжээлийн үхэр шиг хэвж, хувцсыг ямааны нэрсэг шиг элээдэгсэн. “13”-ын цагаан түмпэнгээр дүүрэн боорцог хийхэд ганц л өнждөг. Ихэвчлэн “хооруулсан” цай, гамбир, гурилтай шөл хийнэ. Тэр үед зуны цагт шинэ махаар хоол хийх нь тун ховор. Наадмын үеэр шинэ шөл уугаад тэгээд борц, сүүтэй будаахнаар аргацаасаар намартай золгоно. Агийн үнэр сэнгэнэсэн шинэ бууринд буучихсан, аяншиж ядарсан атдыг хөлсийг нь сэврээхээр уячихсан, эхлээр үхэр булгийн хөвөөнд хэвж, эрдэнийн сүрэг нь уул бүрхээд налайчихсан байхыг ажисхийн, аягатай цайгаа аажуу уужуухан ганц нэг сорж “Хө мөн сайхан байна даа” гэж сэтгэл дүүртэл хэлээд баясалтайгаар нутгаа харах эгэл нэгэн малчин бол миний ээж юм. Ээж бидний өмсөх дээлийг эсгэж өгөөд өөр өөрсдөөр нь оёулдаг байлаа. Товч шилбэ зангидаж, дээл хавангаа хонь хариулахын хажуугаар арьс, сур элдэж бас түлээ түүнэ. Миний үеийнхэн бүгд л тийм байсан даа. Энэ бол гавьтай тус биш боловч тэр их ажлын зах зухыг боловч биднээр хумиулж бас амьдралд давхар сургаж байсан нь тэр байх. Эмээлийн гөлөм дарайтал жиндэх гурван есийн жаварт хурган малгайных нь сорыг амьсгалаараа будантуулж, уулсын хүчтэй салхийг шилийн сарлаг шиг сөрж хол ойрыг дөхүүлэхээр хээр морио буурал сорлотол ергүүлж яваа бүсгүй миний ээжийн баатарлаг туульсын домог билээ. Ээжийн үүрч ирсэн том шуудайтай мөсийг хайлуулахад 100 л ус гардаг байсан. 100 кг ачааг хэвийн үүрдэг байсан гэхээр ямархуу тамирлаг хүн байсан нь харагдах биз. Тийм болохоор л ямарч хангал догшноос эмээхгүй унаж, өдөр шөнө, хүйтэн халуун, салхи шуургыг үл тооно яваад ирдэг байж дээ гэж одоо би боддог юм.
Үргэлжийн баяр баясгалан, бахархал бардамнал, сэргэлэн цовоо амьдрал гэж хаа байх билээ... хэцүү хүндийг сэтгэлийн хатаар туулсан хүн. Хоол нэхэн шуугилдах ангаахай шиг хэдэн бор хүүхдээ хооллох, хувцаслах, хажуугаар нь аянчин гийчинг дайлах цайлах гээд бие нь өвдөж байсан ч хөмхий зуун болгож л байдагсан... толгойгоо дарж жаахан амсхийж, цай буцлах хооронд хоромхон хажуулдаж, өвдөх эрхгүй хүн шиг бүхнийг амжуулдаг онцгой тэвчээртэй хүн. Тийм тэвчээр, хатуужлыг манай удмынхны хэн нь ч туулаагүй байх... Сайнтай муутай хүний тавиланд гялалзан сацарч, гэгэлзэн гуниглаж, зүдрэн доройтож бүдрэн унасан ч юу ч болоогүй юм шиг өндийж, өвдөөгүй юм шиг босож, хэзээ ч элэгдэхгүй юм шиг бадамлаж явсаар хорвоог туулсан дайчин зоригтны түүхэн шастир ээж минь билээ...
Мал хорогдоход энэлж, гэмтэж бэртэхэд халаглаж, сүүтэй үнээгээ хөгшрөхөд харуусч, сайхан морио зарагдахад сэмэрч, хавар ноослоод тавихад хатсан үдээр шиг цэлдэн хөх байсан тэмээд намар нь туг ширээ бөхтэй, туяарсан хүрэн зүстэй болоод ирэхэд нь бахдан харж эргэж тойруулан сонжих малчин эмэгтэй бол ээж минь билээ. Нэг өглөө сэртэл ээж уйлчихсан сууж байв. Яасан юм бол гээд гайхаж байтал тун удалгүй учир нь олдсон. Нуруулдаж хураасан боодолтой өвс нураад хэдэн ишиг дарчихаж. Таван сайхан ишиг үхчихэж.
-Булгийн эх хөндөөгүй биз, харгана түлээ хаанаас түүсэн... гэх мэтээр бид ээжийн байцаалтанд орж, лам залж ном уншуулж, арц уугиулж өтөг бууц, хашаа хороогоо утах гээд бөөн ажил ундарсан билээ. Ээж сургаал номлол айлддаг, зааж зааварладаг эрдэм номтой хүн биш. Энгийн л нэг малчин. Гэвч “Шувууны өндөг хагалав. Галд сонгино хийв. Цагаатай, улаатай саваар ус хутгав гэх мэт зан үйлээр цээрлэх зүйлийг байнга хэлдэг байсан. Нүүдэлчдийн дэг ёс ийм л дээ. Үүнийг зөвхөн манайх биш бүх л малчид мөрддөг байсан байх. Миний нагац эгчийн нөхөр Жадамба зурагчин хүн байж. Ээж хүргэн ахындаа байхдаа ахдаа туслан зураг угаадаг байсан гэнэ лээ. Тэр бол 1960 он. Арван хоёр настай үе нь. Их хотод ирсэн жаалхан охин их нарийн ажлыг их нямбай сурсан тухай Жадамба ах олон хүнд магтан хуучилсан байдаг. Энэ нь ээжийн минь юм юманд дөртэйн илрэл болов уу.

Баримжаа...
Өдөр бүхэн айраг бүлж, тогоо нэрдэгсэн. Бид тогоо нэрэх ус зөөж өгнөө... Голоос зайтай, булгаас хол бууна. Тэр үедээ учир мэдэхгүй болохоор “Хажууд нь очоод буучихгүй дээ” гэж боддогсон. Гол усанд ойрхон байвал бага насны хүүхэд усанд унах, сүү цагаа элдэв зүйл усанд оруулахаас сэрэмжилсэн уламжлалт малчин ухаан юм билээ. Яг 10,000 бүлээрэй гээд халуун бүлээнийг тааруулж өгөөд бүлүүлнэ. Залхуураад 8,000 бүлчихээд 10,000 болчихлоо гэвэл ээж өнгийж харчихаад “за одоо 2000 бүлчих гэдэгсэн. Гурил хийхээр тариа цохдон 8000 цохдоод болчихлоо гэвэл өнгийж хараад за одоо 2000 гэнэ... Арьс, сур элдэх, хонь ямаа саах гээд алив нэг ажлыг яг хэлснээр нь хийхгүй бол болдоггүй. Зэрвэс харах шиг болоод л тэр болсон байна, энэ болоогүй байна гэдгийг шууд мэднэ. Ээжид худал хэлээд нэмэргүй. Гэрт мах чанаад хаячихна, эсвэл айраг буцалгачихаад гадаа юм хийгээд суучихна. Одоо төдөн аргал, төдөн мод хий гэж хэлнэ. Яг хэлснээр нь хийхгүй бол галын хэмжээ алдагдаж буцалж байгаа зүйлийн болцод өөрчлөлт орно. Баримжаагүй зүйл ээжийн амьдралд нь нэг ч байгаагүй.

Нэг л үйлдэл:
Гийчин орж ирэхэд гэрийн эзэгтэй хийж байсан зүйлээ хойш тавиад бослоо. Мэнд усаа мэдэлцэж байх зуураа шалмаг хөдөлж галдаа аргал хийнгүүт шүдэнз зурлаа. Дараа нь зуухныхаа тагийг авч тогоо тавиад, ус хийн, цайны идээ бас давс хийх агшинд гал дүрэлзэн аслаа. Тавгийн идээ бэлдэж, аяга угаах хооронд цай даргилан буцлангуут дээр нь сүү хийгээд тогооны халивыг тавилаа. Зассан идээгээ зочдын өмнө тавиад эргэхдээ тогооныхоо халивыг авав. Цай хөөрчээ. Цайгаа хэд сайхан самраад дахиад идээшүүлэн буцалгаж домбонд шүүгээд аягалав. Энэ зуур гийчинтэй нутаг орон, хот хөдөөгийн сонин сайхан, цаг агаарын байдал, мал ахуйнхаа тухай тэр бүү хэл, улс төр ярилцан эцэст нь мөнгөний ханш хүртэл асуугаад амжина. Зочид цайлах хооронд хоол бэлдэж нэг ч хором сул өнгөрсөнгүй, нэг ч ажил хойшилсонгүй. Нэг ч юманд түүртсэнгүй. Амгалан хөдөө нутагт амьдрал ингэж үргэлжилдэг. Энэ бол ээжийн нэг л үйлдэл.

Сэтгэлийн хат:
Цаг бусаар үр хүүхдээсээ хагацах шиг хэцүү уй гашуу үгүй байх... Тийм хатууг ээж минь бас амссан. Элээд хоёр нь буюу миний хоёр ах хорвоогийн мөнх бусыг үзэхэд ээж хажууд нь байсан юм. Хоёрын хоёр хүүгээ ертөнцийн мөнх бусын замд үдчихээд хорогдож эмтрэхийг нь хэн ч хараагүй зүрхэндээ яаж энэлэн суусныг үгээр хэлж үзгээр зуршгүй байх. Залбираад эргэхгүй замбуулингийн үнэн, сүсэглээд сэргэхгүй тавилангийн өмнө гуниглан сууж, маань хөгжөөх буурал ээжийн минь зовлонт зүдэг зөвхөн тэр байгаагүй. Алсыг ойртуулах гэж аянд ядарч, амжуулж бүхнийг болгох гэж ажилд махарч, наснаасаа ихийг бүтээж нартыг тойрогт эргэлдсэний хишиг буянаа хүүхдүүддээ л үлдээж дээ... Ээж минь сэтгэлийнхээ их хатаар олон хүүхдээ гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн.

Гүн ухаантан байжээ.
Би ээжтэйгээ маргах нь бүү хэл эвгүй ч харж үзээгүй хүн. Миний хийсэн зүйл зөв байсан ч гэсэн ээж буруу л гэсэн бол буруу болдог, минийх яг үнэн байсан ч гэсэн ээж худал гэсэн бол худал л болдог. Учир нь үнэн гэдэг бол харагдаж байгаадаа биш мөн чанарт оршдог. Тиймээс эхийн үгэнд ямар нэг учир шалтгаан заавал байдгийг санаж явахад илүүдэхгүй гэж би боддог. Би Цөмийн энергийн газрын хэвлэлийн төлөөлөгч болж атом судалж “Монголд атомын цахилгаан станц барих ёстой гэж хэвлэлийн бага хурал хийж, олон ч телевизэд тэр тухай ярилцлага өгч бөөн юм болов. Түүнийг ээж сонсчихож. Чухам хэн очиж, юу гэж хэлснийг мэдэхгүй... ээж над руу утасдаж байна. Хэр баргийн залгахгүй л дээ. Бага дүү Төгсөө яриад асуудал зохицуулчихдаг болохоор.
-Чи буруу юм хийж байна. Наадахаа боль гэж байна.
-Энэ их хэрэгтэй зөв зүйл байгаа юм гэсэн тайлбар хэлсэн чинь ээж:
-Орчлонгийн бүх юм зөв байснаараа оршиж байгаа юм биш шүү дээ... гэж билээ. Миний багш Билигсайхан доктор “Мэргэн цэцэн үгийг эрдэмтэй хүнээс илүү амьдрал үзсэн чавганц хэлдэг юм” хэмээн сануулсан удаатай. Тиймээс “Орчлонгийн бүх юм зөв байснаараа оршиж байгаа юм биш” Цэндийн Дуламжав гэж бичмээр ч юм шиг... Ээж хэлсэн болохоор би ч ажлаасаа гарч атом цөмөө ч ярихаа больсон. Ээжийнхээ зөн совинг ойлгодог болсон болохоор тэр.

Шийдэл
Зун болохоор Шар нуурыг тойроод айлууд буучихна. Наадам хүртэл тэнд байж сааль сүү бэлддэг уламжлалтай. Би найм төгсөөд хөдөө гарчихсан цэрэгт арай яваагүй хөвүүн залуугийн засвар л байсан. Нүрдүүн Намсрай, Пунцагийн Нямсүрэн ма гурав чөдөртэй моринд явцгаав. Гурвуулаа яваад морьдоо авч ирээд манай гаднаас гурван тийш салах болтол чөдрийн маргаан болов. Яг адилхан хоёр чөдрийн нэгнийх нь хөх нь тасарч холон нь уначихсан ч байлуу яалаа. Нэг чөдөр нь бүтэн байсан. Бүтэн чөдрийг Нямсүрэн минийх гэж булаалдсан. Намсрай миний талд орж Нямсүрэнгээс чөдөр булааж аваад тэрүүхэндээ хөөрхөн зодоон маягийн юм болов. Ма гурав нэг хургийнх боловч Намсрай барилддаг бид дундаа биерхүү, бас их сахилгагүй хүүхэд байсан л даа. Нямсүрэнг хавсарч унагасан ч билүү яалаа, ямартай ч Нямсүрэн уйлсан юмдаг. Тэгсэн чинь ээж хүрээд ирлээ.
–Аль наар ас нааш өг гэж байна. Би ч чөдрөө өглөө. Ээж чөдрийг аваад шууд Нямсүрэнд өгчихлөө. Нямсүрэн бүтэн чөдөр аваад нөгөө чөдрөө над руу шидчихээд яваад өглөө.
-Ээж, тэр чинь манай чөдөр ш дээ гэвэл ээж:
-Аавгүй хүүхдийг дээрэлхэх муухай шүү... гэчихээд яваад өглөө. Ма хоёр ч юм хэлсэнгүй. Чухам Намсрайд уу, надад хэлсэн үү бүү мэд. Гэвч тэр үг насан турш минь бодогдоод л байдаг юм. Үнэндээ бол манайх сур шир элбэгтэй, аав байнга чөдөр ногт зангидаж суудагсан. Харин Нямсүрэнд тийм боломж байгаагүй...

Ээжийн зөн совин:
Би хоёрдугаар ангид байсан шиг санагдана. Нэг шөнө орондоо шээчихэж. Ховд аймгаас ирж хааяахан ирж тарвас зардаг намар л даа. Тэгсэн тэр өдөр ээж сумын төвд хүрээд ирсэн байв. Тэр үед утас шөрмөс байсан биш чухам яагаад хүрээд ирсэн юм бүү мэд. Хэнээс авсан юм бүү мэд төмөр банн аваад гол дээр очиж миний ор хөнжлийн давууг угааж өгөөд буцаж байсан юм. Одоо бодох нь ээ эхийн зөн совин л байх...
Сайн сайхан аж төрсний буян гэж байдаг байх. Ээж 10 орчим насандаа очиж гарын үзүүрт зарагдаж, гэр бүлд нь хань болж байсан Сэвгэлдээ эгч нь нас бараад 50 жил болсны дараа гэнэт нэг өдөр Сэвгэлдээ багшийн шавь Шаравшагдар гэдэг хүн залгаж багшийнхаа нэрэмжит танхим тохижуулж өгөх тухай ярьжээ. Шаравшагдар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хүн боловч Улаанбаатар хотын 23-р сургуульд сурч байхдаа Сэвгэлдээ багшаар түүхийн хичээл заалгаж байжээ. Сургууль төгсөж цэргийн хүн болсон учир эх оронч үзэл, тэр дундаа түүхийн гайхамшгийг танин мэдсэн хүн юм. Тиймээс багшийгаа дурсан хүндэтгэж уугуул нутагт нь түүхийн танхим байгуулахаар болжээ.
Хаа байсан Хөвсгөл нутгийн хүн тийм сайхан сэтгэл гаргаж байхад ах дүүс нь зүгээр байж болохгүй хэмээн ээжийн бага дүү Нямаа эгч бараг ойрын 20-иод жил нутагтаа очоогүй байсан том ах 77 настай Баатар нагацыг дагуулаад Улаанбаатар хотоос зорин очжээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө аав маань гэнэт даралт харваад бие нь дөнгөж дээрдэж байсан юм. Би тэр үеэр очиж арван хэд хоноод буцаж ирээд тун удаагүй байв. Гэнэт л явмаар санагдаад шууд л Драгон Баруун аймаг руу явах тээврийн товчоо ороод Увсын автобусанд суучихлаа. Намайг очсон өдөр зүгээр, маргааш нь ч бас эв эрүүл хүн шиг сууж байсан ээж маань оройхондоо гэнэт бие нь муудаж тэр шөнө ухаангүй хоноод өглөөний тунгалгаар мандсан шаргал нарны цацрагт уусан жигүүрээ хумьж жингэнэгч од болон харвасан... ай дуу, уй гашуу дундуур учралтай бүхнийг хурмуулаад ниссэн гангар шувууны салхинд зүрхэн тольт сэвтэж энэлэхүй дор ертөнцийн үнэн, сэтгэлийн өрхөөр, элэнцийн жудгийг мутар сунган барьсансан... Энэ бол эхийн зөн совингийн дуудлага байжээ гэдгийг хожмоо бүүр түүрхэн ухаарч үлдэв.
¬¬
Инээд
Би аяганд цай хийгээд хойш суухдаа хий суугаад тэнцвэрээ олохгүй дэнжигнэсээр яваад тэрэм мөргөөд данхийтэл унав. Аягатай цай энгэр цээжээр нэлхийн асгарсан. Түүнийг харсан ээж нулимсаа гартал инээсэн. Гаднаас миний бага дүү Төгсөө орж ирэхэд инээж л байсан. Төгсөө юу болов, яагаад инээв гэхэд хариу хэлж чадахгүй инээсээр л байсан. Би ч бас өөрийн мэдэлгүй ээжийг дагаад инээж байсан. Би ээжийгээ яагаад тэгж их элэг хөштөл инээж байсныг бодоод бодоод олоогүй л байгаа. Энэ орчлонгийн хамгийн жаргалтай хүн шиг инээж байсан ээж минь маргааш нь л бие нь муудаад шөнө дундын үед найдваргүй талдаа орсон. Амьдрал гэдэг таашгүй... Ээжийн минь сүүлчийн тэр инээд өнө мөнхийн зураг болон сэтгэлд хадгалагджээ. Би ээждээ хайртай гэж хэлж байгаагүй. Ээж ч надад хайртай гэж хэлж байгаагүй. Хайртай гэх ганц үг багтах зайгүй тийм их хайран дунд би амьдарсан. Бараг амьсгалахын тоогоор хайраа гээд ч хайр амсаж чадахгүй байгаа хүмүүсээс илүү хувь тавиландаа баярлах учиртай гэж сүсэглэдэг дээ. Би өглөө бүхэн ээжийнхээ дээлийг өмсөж үздэг юм. Хэт их таргалаад дээлэнд нь багтдаггүй болчихсон байсан. Хэвлийд нь багтаж байсан бие дээлэнд нь багтахаа байтал бүдүүрч болохгүй гээд эрчимтэй турсан шүү. Би их олон хүнтэй уулзсан. Тэр дунд олон сайхан ээжүүдтэй уулзсан. БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын Жүжигчин, XX зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбуу “Хүн хүүхэд төрүүлж байж эхийн сэтгэл суудаг юм билээ” гэж хэлсэн. Тэгэхээр хүн хүний сэтгэлээс бүр өөр сэтгэл эх хүнд байдаг, буй болдог, дэлгэрдэг байх. Норовсамбуу гуайн санааг би баяжуулаад “Хайр хайрын дээд нь эхийн сэтгэл юм” хэмээн бичихийн үүдэл болсон. Хайрын дээд эхийн сэтгэлийг хамаг насаараа хүртчихээд хариулж л чаддаггүй нь хүний гэм ажээ.
2018.6.18.
Тал бичээч: Да.Жаргалсайхан

"Сүүн суварга" номоос...

сэтгэгдэл үлдээх