“ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ” ДУУНЫ ШҮЛГИЙГ ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛ ШИНГЭСЭН БАЙНА ХЭМЭЭН ХАРДЖЭЭ

Монгол Улс төрийн сүлд дуутай боловч түүнээс илүү олон түмэнд хүрсэн дуу бол “Халуун элгэн нутаг” юм. Энэ дууны шүлгийг Ж.Бадраа, аялгууг Ц.Намсрайжав зохиогоод нэгэн жаран болж XX зууны хамгийн шилдэг дуугаар өргөмжилсөн төдийгүй Нийслэл хотод эл дуунд зориулсан хөшөөг Гадаад харилцааны яамны дэргэд босгожээ. Кино найруулагч Д.Жигжид “Түмний нэг” киногоо хийхдээ сайхан дуу хэрэгтэй гэж хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавт захьжээ. Тэгээд хэнээр шүлэг бичүүлэх вэ гэж явтал Хөгжмийн зохиолчдын холбоонд ажилладаг Ойдовжамц түүнд “Хэнийг гэж хайж явдаг юм бэ, хажууд тань Бадраа бэлэн байна” гэж хэлсэн байна. Тэгээд л Бадрааг олж уулзаад “Түмний нэг” киноны хэсгийг үзэж байхдаа Бадраа “Халуун элгэн нутаг” гэсэн үг олуут л хагас цагийн дотор шүлгийг нь бичсэн бол Намсрайжав шүлгийг уншаад 20 минутад аялгууг нь зохиосон гэдэг юм.

Эцэг эхээс заяатай

Энхрий монгол нутаг минь

Элэг зүрхнээс уяатай

Эрдэнийн сайхан нутаг минь...

хэмээн дуулдаг энэ дуу бүтсэн түүх ийм аж.

Хачирхалтай нь дууны шүлгийг “Үнэн” сонинд нийтэлсэнгүй. Эцэг эхээс заяатай гэдэг чинь Чингис хааныг хэлсэн, үндсэрхэг үзэл шингэсэн үгтэй байна гэж хардаад зөвшөөрөөгүй гэх. Тэгэхэд яруу найрагч Ж.Бадраа гуай,

- Эцэг эх гэдэг чинь ээж аав л байхгүй юу, юуных нь эзэн Чингис байх вэ хэмээн ундууцсан гэнэ.

“Түмний нэг” кинонд дууг дуучин Эрдэнэбулган дуулснаар ганцхан сарын дотор монгол даяар түгэн тархсан байгаа юм. Өдгөө Монголын тамирчид олимп, дэлхийн дэвжээнд гялалзсан амжилтын эзнээр тодрохдоо “Халуун элгэн нутаг”-ийг Төрийн сүлд дуунаасаа урьтаж дуулдаг нь нэгэнт зуршил болж тогтжээ. Ямар сайндаа казахууд Монголоо орхиод Казахстанд очсон хойноо зөвхөн энэ дууг л дуулдаг болсон гэж ярьцгаадаг.

Шүлгийг бичсэн Ж.Бадраагийн гэргий гавьяат их эмч Х.Бадарч,

- Чанрав анх дэлхийн аварга болоод найранд нь очиход бөхчүүд “Энэ дууг дуулчихаад тэмцээнд өрсөлдөхөд заавал нэг юманд хүрдэг юм шүү дээ” гэж ярьж байжээ. Зөвхөн тамирчдынх биш Монголоосоо алсад суугаа хүн болгон л эл дууг хамгийн түрүүнд дуулдаг нь үнэн. Ямар сайндаа урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Намсрайжав,

- Би ганцхан дуутай хүн. Энэ дуугаараа л төрийн соёрхол авсан юм даа хэмээн ярьж байжээ.

“Халуун элгэн нутаг” дууны шүлгийг бичсэн соёлын гавьяат зүтгэлтэн соён гийгүүлэгч Жамцын Бадраа олон дууны шүлэг тэрлэсний нэг нь “Жаргаах зүрхэн” билээ. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Их-Уул хэмээх уулын ар өврөөр бага насаа үдсэн Бадраа гуай Энэтхэгт суралцаж байхдаа эх нутаг, эцэг эхээ их санадаг байсны нэг нь түүний эхнэр байлаа. Бадарч гуай хожим,

- Бадраа маань Энэтхэгт байхдаа анх энэ шүлгээ бичсэн захидал надад явуулж байсан гэж дурсжээ.

Хүдэн татсан сарьдаг байна хө

Хүний нутгийн хангай юу даа хө

Хүслэн татсан амраг тэр минь хө

Хүрэн зүрхний уяа юу даа хө

Будан татсан халил байна хө

Бусдын нутгийн хангай юу даа хө

Буцан харьсан учрал ирнэ хө

Булгих зүрхээ жаргаах шүү дээ хө

хэмээн дуулдаг энэ дууны аялгууг төрийн соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа зохиожээ. 

Нэг өдөр Гончигсумлааг сураглаад Ж.Бадраа хөгжмийн зохиолч эмэгтэй С.Мааяагийн ажил дээр “Гончиг хаана байна” гэсээр ууртай орж иржээ. “Яав, юу болоов” гэвэл Бадраа барьж явсан цүнхээ хурлын урт өргөн ширээн дээр шидчихээд,

- Муу Гончиг өөрийнхөө нотон дээр биш миний шүлгийн хажууд Чулуунаадаа зориулав гээд биччихсэн байхгүй юу. Надад ямар элэнцгийнх нь Чулуунаа байх вэ. Энэ Гончиг балайтаад өөрийнхөө нэг хүүхэнд аяыг нь зориулсан л юм байгаа биз. Гэтэл  миний нэрийг түүнд зориулсан юм шигээр биччихэж гэсэн гэнэ.

Тэгэхнээ Соёлын яамны орлогч сайд Ч.Лодойдамба хөгжмийн зохиолч С.Гончигсумлааг 50 насны ойдоо зориулсан дууны түүвэр бэлдэхэд “Жаргаах зүрхэн” дууг хүнд зориулсан бол нэрийг нь дээр нь бич” гэснээр биччихсэн юм байж л дээ. Тэгээд л Бадраа гуай өөрийг нь нэг эмэгтэйд шүлгээ зориулсан мэт ойлгож бухимдсан нь тэр байжээ.

Энэ бол 1963 он буюу одоогоос 57 жилийн өмнө болсон явдал. Тэр үед өнөөгийн хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангад ид залуухан оргилж бадарсан дуучин явжээ. Гончигсумлаа гуай энэ дууныхаа хөгжмийг зохиохдоо түүний хоолойд тааруулсан бөгөөд “Чи дуулна” гээд өгсөн байна. Төрийн сүлд дуунаас ч илүү түмний сэтгэлд хүрсэн “Халуун элгэн нутаг”, нутаг ус, амраг хайртаа санагалзсан эгшигт яруу “Жаргаах зүрхэн” дууны шүлэг ба аялгуу, дуу төрсөн түүх ийм ажээ.

Н.Удвал

сэтгэгдэл үлдээх