ХОВД АЙМАГТ ТАРВАГАН ТАХЛЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ

Өчигдөр буюу 6-р сарын 29-нд Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Уг тохиолдол нь Ховд аймгийн Цэцэг сумын иргэн 27 настай, эрэгтэй хүн. Биеийнх нь байдал маш хүнд байгаа ба түргэвчилсэн оношлуураар шинжилгээний хариу эерэг гарчээ.

Тухайн иргэн найзууд болон гэр бүлийн хамт тарваган тахлын голомт газраас 11-үүлээ гурван тарвага агнан хүнсэндээ хэрэглэсэн байна. Энэ үйл явдал зургадугаар сарын 22-нд болж, 26-нд эмнэлэгт ханджээ. Мөн түүний дүү 17 настай иргэн өндөр халуурч байгаа ба түүнээс шинжилгээ аваад байна. Эдгээр тохиолдлуудад 1-р зэргийн хавьталттай 50 хүн, 2-р зэргийн хавьталттай 400 хүн байгаа аж.

Ховд аймгийн Онцгой комисс хуралдан аймгийн хэмжээнд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа ба байдал хүндэрвэл цаашид бүхэлд нь хөл хорио тогтоох юм байна.

ЗӨСҮТ-ийн дэд захирал Д.Амгаланбаяр “Одоогоор уг хүнийг Бүсийн оношлогооны төвд хүргэн яаралтай лабораторийн шинжилгээ хийгээд ажиллаж байна. Түргэвчилсэн тестээр цэр, булчирхайн шүүсэнд вирус эерэг гарсан. Эндээс уушгины хэлбэр байж болзошгүй гэсэн таамагтай байна. Дээрээс нь лабораторийн шинжилгээ, нян судлалын шинжилгээ хийгдэнэ. Ховд аймаг хол оршдог тул сорьц гарчихсан замдаа ирж яваа, маргааш 4-5 цагийн үед ирнэ. Ингээд 5-6 цаг орчим эндээ шинжилгээ хийгдээд оройдоо лабораторийн шинжилгээгээр батлагдана” хэмээн ярьж байна.

Тарваган тахал өвчнийг эмчлэхэд орон нутагт 60 сая, Нийслэлд 100 сая хүртэлх төгрөгийн зардал гардаг. Нийгмийн дунд тархвал онц аюултай байдалд хүргэж мэднэ гэдгийг мэргэжлийн байгууллага сануулж байна. Ховд аймгийн Цэцэг сум тарваган тахлын голомттой бүс нутагт ордог юм байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх