ОСОЛ ОРЖ НАС БАРСАН ЭРИЙН СҮНСТЭЙ ТААРАЛДСАН 20-ТОЙ ЗАЛУУ ААВ ШИГЭЭ ХӨГШИРЧЭЭ

Аав, ээж хоёр нь гэрлээд бараг арван жил болсны дараа ихэд хүссэний эцэст анхны үрийнхээ зулайг үнэрлэсэн учир ууган хүүдээ Хүсэлбат гэдэг нэр өгсөн нь мэдээж. Буруу энгэртэй дээл өмсгөж, хүүхэд болгоноос илүү энхрийлж өсгөсөн тэрээр булган сүүлтэй хүүхэд байж, араасаа дөрвийн дөрвөн охин дүү дагуулсан билээ.

“Дорж гуайн ганц хүү Хүсэлбат уулнаас мод татах гэж машинтайгаа яваад аваарьт орж, газар дээрээ нас барсан гэнэ. Уул нь хамаатныхаа нэг залуутай хамт явсан юм байна. Машин жалга уруудаад тоормосгүй болонгуут нөгөө залуу нь хаалга онгойлгож үсрээд амьд үлджээ. Харин жолоо барьж явсан Хүсэлбат машинаа зогсоох гэж оролдоод оролдоод дийлэлгүй гүн жалга руу нисэж, тэр газар нь хүн харахын эцэсгүй юм болсон байна гэнэ билээ. Машин нь 3-4 өнхрөөд, сэг болсон байна гэсэн. Хайран сайхан залуу, хүн амьтанд тусархуу, аав ээж, дүү нартаа, авгай хүүхдэдээ дэмтэй нэгэн болсон юмсан. Үлдэж байгаа эхнэр, хүүхэд нь л хэцүү юм даа. Тэднийх чинь бага насны хүү, охин хоёртой, бас авгай нь удахгүй төрөх бололтой, тогоо шиг том гэдэстэй байна билээ” гэдэг яриа өвсөнд авалцсан түүдэг адил тэр дороо амнаас ам дамжин, айлаас айлд хүрчээ.

Намар хийсэн түлээний модоо татаж авчрахаар аавынхаа дүүгийн хүүтэй цуг явсан Хүсэлбат төд удалгүй энэ орчлон хорвоо дээр аль хэдийнэ үгүй болоод хэн ч харсан цочирдмоор бас элэг эмтэрмээр болсон цогцос нь жалганд хэвтэж буй тухай сонссон настай эцэг, эх хоёр нь итгэж огт чадахгүй байлаа. Гэвч нэгэнт болоод өнгөрсөн лай ланчгийг яалтай билээ дээ. Хөөрхий аав ээж нь, авааль гэргий нь, дүү охид нь “Яах гэж тийшээ явуулав аа. Дөнгөж дөч хүрч байсан юм шүү дээ. Ийм цэл залуугаараа биднийгээ орхиод явчихна гэж яахин санах билээ. Дэндүү богинохон настай хүн байж” гэж харуусна. Нутгийн олонд ихэд хүндэтгэгдсэн, нэр хүнд сайтай хижээл насны лам дээр очиж, алтан савыг нь нээлгэхэд “Танай ганц хүү чинь та нарын бодож байгаа шиг тийм ч богино наслаагүй юм байна. Уул нь үүнээс илүү олон жил амар сайхан аж төрөн амьдарч, илүү ихийг хийж бүтээх хүн байж, хөөрхий минь. Тануус тэр өдөр хориглосон ч өөрөө яваад тэр жалганд осолдох учиртай байж. Аливаа хүний заяа төөрөг, хувь тавиланг хэн ч өөрчилж чаддаггүй юм шүү дээ” гэжээ.

Хүсэлбатыг осолдсоноос хойш сар гаран буюу яг 49 хоног болоход нутгийн хэдэн хүн уулнаас гишүү түүхээр нөгөө жалганы дэргэдүүр үхэр тэрэгтэй өнгөрсөн аж. Тэд үхэр тэргээ жалганы аман дээр үлдээгээд гишүү, мод түүхээр уул өгсөн хэдэн тийшээ тарсан ба Болдхуяг гэдэг залуу тэвэр дүүрэн гишүүтэй түрүүлэн бууж ирээд үхэр тэргэн дээр ачих зуураа холгүй байх хэдэн улиасны зүг санаандгүйгээр харж орхисон байна.

Тэгтэл халуун зунаар шарлаж гандаад нүцгэрчихсэн тэр хэдэн улиасны доор хөх торгон монгол цамц, хар өмдтэй, орос хромон гутал жийсэн дөч эргэм насны хүрэн бор царай, ширвээ хар сахалтай эр явган сууж байх юм гэнэ. Нутагтаа хэд хоногийн өмнө зуны амралтаараа ирсэн оюутан Болдхуяг уг жалганд тодруулбал яг тэр хэдэн улиасны урдхан болсон мөнөөх харамсалтай явдлын талаар хүн амьтнаас дуулж сонсоогүй байж л дээ. Тэгээд ч тэр хавиар байнга хүн хар холхиж байдаг болохоор хөх торгон монгол цамцтай эрийг хараад элдвийн юм бодсонгүй.

“Тэр явган суугаа хүн хэн юм бол оо? Аягүй бол сайн таньдаг хүн байгаа даа. Очиж уулзаж нэг сайхан тамхилаадахъя байз” гэж өөртэйгээ яриад явж очтол талийгаач Хүсэлбат байх нь тэр. Сарын өмнө аав нь Улаанбаатарт очиж, эмнэлэгт үзүүлэхдээ Болдхуягийн хөлсөлж буй нэг өрөө байранд хэд хоносон ба хүүтэйгээ нутаг усны сонин сайхан, ах дүүсийн тухай хуучлахдаа “Чи том эгчийнхээ ангийн Хүсэлбат гэдэг хүүг танина биз дээ? Яагаа вэ, анх харахад нэг их сахал самбай болсон хүйтэн, ширүүн царайтай ч дотно танилцаад ирэхээр яриа хөөрөөтэй, элдэв зангүй, хүнд тусархуу бор залуу шүү дээ. Тэр хүү аавыг нь наашаа гарахаас хэд хоногийн өмнө машинтайгаа явж байгаад онхолдоод талийгаач болчихсон. Цуг явсан хамаатных нь залуу харин самбаачлан кабины хаалга онгойлгож үсрээд амьд гарсан байна билээ. Гэхдээ тэр хүүхдийн хэдэн хавирга хугарч, тархи нь хөдөлсөн, эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн. Залуучууд та нар хамт явахаараа дарвиж хөөрөөд хамаагүй их хурдтай давхицгаадаг шүү. Тэгж ер болохгүй. Хөөрхий талийгаач хүү жалгаар уруудахдаа их л болгоомжтой уруудсан гэнэ билээ. Даанч тоормос нь бариагүй гэж дуулдсан” гэж ярьсан нь тэр зуур Болдхуягийн толгойд гялсхийн орж, мэгдэн айсандаа ухаан мэдрэл нь орж гаран, зүрх нь зогсох шахжээ.

Тэгээд чимээгүйхэн эргээд явах гэтэл Хүсэлбат гэв гэнэтхэн “Болдхуяг аа, чи ахыгаа танихгүй байна уу? Хүсэлээ ах нь байна шүү дээ. Миний дүү хэзээ ирээ вэ? Зуныхаа амралтаар ирсэн үү?” гэж асуулаа. Айсандаа бараг амьсгалж чадахгүй болсон оюутан залуу бушуухан холдох гэсэн ч үнхэлцэг нь амаараа гартал айж биеэ хэтэрхий чангалсан учир хөдөлж чадсангүй, шаасан гадас адил тэр дороо хөшиж орхив. Хэр удсаныг бүү мэд, бурхан болсон мань эр гандаж шарласан хэдэн улиасны доороос босож хажууд нь ирээд “Ах нь гэртээ харьдаг юм бил үү гээд явж байгаа царай нь энэ. Манайх танай цаахантай зусаж байгаа шүү дээ. Чи харих гэж байгаа бол ахынхаа машинд суучих. Хоёулаа гангар гунгар гэж явъя л даа. Ямар бие биенээ огт таньж мэдэхгүй улс байгаа биш” гээд хариу өгөхгүй болохоор нь Болдхуягийн духан дээр хүрэх шиг болсон байна. Оюутан залуу ч “Ээж ээ!!!” хэмээн муухай хашхираад ухаан алдаж унав.

Сумын эмнэлэгт ухаан орсон тэрээр хоёр хоног ухаангүй хэвтсэн агаад хэдэн улиасны хажууд муужирч унасан түүнийг гишүүнд хамт явсан нөхөд нь эмнэлэгт хүргэж өгөөд, аав ээжид нь дуулгасан аж. Хачирхалтай нь энэ хоёр хоногийн дотор 20 настай оюутан залуугийн толгойн үс цав цагаан болж 60 гарсан ааваасаа илүү үрчлээтэж, хөгширсөн байжээ. Залуу эрийн ингэж хөгширсөн явдлыг эмч нар тайлбарлаж чадсангүй. Харин ээж аав хоёр нь нэлээн шүтлэгтэй учир нутгийн сайн лам дээр очиж, отгон хүүд нь чухам юу тохиолдсоныг асууж лавлахад цаадах нь “Танай хүү тэр өдөр явж болохгүй газраар явсан байна. Тэр жалганд машинтай явж байгаад осолдож хорвоог орхиод удаагүй нэг эрэгтэй хүний сүнс шингэжээ. Хөөрхий бурхан болооч танайхаар ордог гардаг, гэр орон нь ч танайтай ойрхон юм байна шүү дээ. Талийгаач бусдад гэм хор болдоггүй, голдуу тус дэм болохыг хичээж явдаг нэгэн байж. Бүрлээч залуу, танай хүү хоёр жирийн нутаг усны танилууд биш, нэлээн дотно харьцаа холбоотой, бараг хуурай ах дүүс байсан юм байна. Тийм болоод тэр үү, хүүтэй чинь уулзаж чадалгүй хорвоогоос явсандаа их харамсдаг бололтой. Тэгээд л хэд хоногийн өмнө тэр жалганд танай хүүд харагдаж, уулзаж. Ер нь бол сүнс гэдэг зүйл нэг бол сайн, дотно хүндээ, эсвэл муу хүндээ харагдаж, тааралддаг юм шүү дээ” гэжээ.

Харин Болдхуягийн толгойн үс цал бууралтаж, нүүр нь үрчлээтэн, дөнгөж 20 настай ч 60 гарч яваа эцэгтэйгээ адилхан өвгөн мэт харагдаж буйн шалтгааныг жалганд талийгаачийн сүнстэй тааралдаад ухаан алдаж унасантай нь холбож тайлбарласан байна. Түүгээр ч барахгүй оюутан залуугийн сэтгэл санааг элдвээр зовоож хөдөлгөлгүйгээр тун тайван байлгавал хэсэг хугацааны дараа урьдын хэвэндээ орно гэж ламбугай айлдсан нь биелж, жалганд ухаан алдаж унасныхаа яг хоёр жилийн дараа Болдхуяг эргээд залуу дүр төрхтэйгээ болсон гэдэг. Гэхдээ 22 настай залуугийн толгойн үс цав цагаан байжээ.

сэтгэгдэл үлдээх