ЗОХИОЛЧ ДАМБЫН ТӨРБАТ: - ИХ Д.НАЦАГДОРЖИЙН ТАМХИЙГ “ДЭЛДЭН” БАДАРЧ ТАТЧИХСАН ЮМ…

- Дорнын их яруу найрагч (Б.Явуухулан) маань бурхан болсноос хойш монголын яруу найргийн хаан нь Д.Пүрэвдорж багш байлаа хэмээн хэлснээр бидний хөөрөлдөөн хөвөрлөө.

Үе тэнгийнхэн дундаасаа наяад оны эхээр ялгарч цоорсон цагаас Дамбын Төрбат улам бадарч өдгөө монгол уран зохиолын өндөрт залардаг бурхдын нэгэн болжээ. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбатын бүтээлүүд нь содон агаад асар хөдөлмөрч түүний хөөрөлдөөн бас сонирхолтой байдаг.

 

- Монголын зохиолчдын эвлэлийн босгоор алхсан цагийг тань тоолвол тун ч урт хугацаа элсэн байж таарах байх даа?

- Би энэ их айлын босгыг 1972 онд анх алхахдаа 17-той хүүхэд байсан санагдана. Тэгэхэд Хүүхдийн урлан бүтээх төв нэг их том хашаатай, одоогийнх шиг өндөр өндөр барилгууд байсангүй. Би баруун талд нь ирээд ойр тойрноо харж зогслоо. Тэгтэл оршуулгын ажилд явж байгаа бололтой хар, улаан даавуу хадсан “ГАЗ-53” машин бас нэг “УАЗ-469” машин зогсож байна. “Хэн гэдэг зохиолч бурхан болсон юм бол доо” гэж айгаад орж чадаагүй. Тэр үед “Утга зохиол, урлаг” сонин баасан гариг бүрт гардаг, би тэсэж ядан хүлээгээд Төв шуудангаас очиж авдаг байлаа. Дараахан нь шинэ дугаарыг нь уншсан чинь “Усны эргүүлэг буюу Борзооны явдал”, “Наран шингээгүй” зэрэг тууж өгүүллэгүүд бичин монголын утга зохиолд гялалзаж явсан Пэрэнлэйн Лувсанцэрэн гэдэг зохиолч нас барсан байсан юм билээ. Түүнээс хойш долоон хоногийн дараа Монголын зохиолчдын хорооны байраар ороход яг л бурхны өргөөнд орж ирсэн мэт санагдсан. Үүдэнд нь миний хүндэлж явдаг зохиолч Нанзадын Надмид гуай жижүүрлээд сууж байсан.

- Хожим нь та энэ байгууллагынхаа дарга болсон их хувь ерөөлтэй хүн биз дээ?

- 1996-1997 оны үед би МЗЭ-ийн гүйцэтгэх захирал байлаа. Тэр үед М.Энхсайхан ерөнхий сайд болж “төрийн өмчийн хадаас бүрийг бүртгэнэ” гэсэн юм. Энэ байшин улсын өмч учраас төрд буцааж алдахад туллаа. Би ч Д.Пүрэвдорж багш дээр гүйж очлоо. “Байшинг маань булааж авах гээд болдоггүй, яадаг билээ” гэсэн чинь “Энэ өргөөг бариулсан хүмүүс амьд байгаа, санаа зоволтгүй” гэж хэлээд тодорхойлолт гаргаж өгсөн юм. Энэ байшинг барихын тулд 1969 онд Монголын зохиолчдын эвлэлийн 40 жилийн ой тохиосны дараахан С.Удвал дарга, Б.Ринчен гуай хоёр Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар дээр орсон байдаг.

- Геологийн яамны хаяанд бид өдийг хүрлээ, хэцүү байнаа! гээд учир явдлаа ярьж л дээ. Майдар дарга улсын мөнгө барьж байгаа хүний хувьд дургүй нь нэлээд хүрсэн янзтай,

- Тэгээд яах юм, архичдын ордон босгох уу? гэхэд Ринчен гуай,

- Их тэнгэрийн аманд байдгийг чинь юу гэдэг билээ? гэж л дээ. Хариуд нь,

- Төрийн харш уу? гэхэд Ринчен гуай,

- Тэр харшийг чинь архичдын ордон гэж ард түмэн нэрлэдэг болсон хэмээн заргалдахад Майдар дарга мохож,

- Та нарт өгөх мөнгө одоогоор алга. Фондны мөнгө гэж юм та нарт байгаа, түүгээрээ барьж бай гэснээр барьж 1971 онд ашиглалтад орсон түүхтэй юм.

Зохиолчдын фондын мөнгө гэдэг нь ном зохиолын шимтгэл, радиогаар нэвтрүүлсэн дуу зохиолоос орж ирдэг мөнгөнөөс л бүрддэг байсан байгаа юм. Тэгж л би МЗЭ-ийн нэр дээр “Төрийн бус байгууллагын өмч” гэж тамгалуулаад авч үлдсэн юм даа.

- Д.Нацагдоржийн музей гээд бас нэг байшин байдаг биз?

- Монгол Зөвлөлтийн зохиолчдын хорооны хөрөнгөөр барьсан байшин тусдаа бий. Оросууд бэлэглэсэн гэсэн үг. Ер нь бол МЗЭ-ийн хөрөнгө. Би хорооны дарга байхдаа хоёр давхар болгосон. Сүүлд гурван давхар болгосон гэж дуулсан. Тэнд их Д.Нацагдоржийн татдаг “Наадам” гэдэг тамхи нь хүртэл байлаа. Сүүлд П.Бадарч багш тэнд жижүүр хийж байхдаа аваад татчихсан юм гэсэн. Б.Явуухулан гуай миний анхны “Улаан дарцаг” шүлгийн номыг хэвлэлийн төлөвлөгөөнд оруулж өгөөд “Чиний номын редактор бол дэлдэн Бадарч шүү” гэж хэлж байлаа (Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч П.Бадарч).

- Танд ер нь хэдэн багш байдаг юм бэ?

- Муу шавь олон багштай гэгчээр би өөрийнхөө хүндэтгэж явдаг ахмад зохиолч болгоныг багш хэмээн хүндэлдэг. Зохиолчдын хорооны босгоор анх алхаад энэ газрыг бараадаж, шүлгээ эхэлж үзүүлсэн багш гэвэл С.Дашдооров гуай (Төрийн шагналт, ардын уран зохиолч). Шүлэг найргийг нь шүтэж “Энэ хүн шиг болох сон” гэж мөрөөдөж байсан хүн бол гарцаа байхгүй Дэндэвийн Пүрэвдорж багш минь юм (Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын уран зохилч). Гэхдээ би нэгэн эрхэм хүнийг дурсахгүй, дурдахгүй өнгөрч болохгүй. Манайх Гандангийн дэнжид байхад Лхамжавын Лувсандорж гэдэг яруу найрагчтай худгаас ус авдаг байхдаа танилцсан юм. Олон хүүхэдтэй айл. Би гэр орноор нь их гүйж очно. Хавар болгон радиогаар “Таван эрдэнэ” гээд дуу явдаг шүү дээ. Тэр дууны шүлгийг зохиосон сайхан найрагч хүн. Надтай танилцах үед гучаад настай залуухан эр байсан. “Холын бараа” хэмээх шүлгийн номоо хэвлэлд шилжүүлэх гээд байж байхад нь би хэдэн халтар шүлгээ аваад үзүүлж байлаа. Тэр утгаараа надад яруу найргийн анхны “А” үсэг заасан багш бол яахын аргагүй Лхамжавын Лувсандорж агсан мөн. Даанч залуухнаараа тэнгэрт хальсан нь харуусмаар. Хожим 1990 онд билүү сэтгүүлч, зохиолч Мөнхийн Амгалантай хамтарч одоогийн МҮОНРТ-ээр тэр их найрагч хүний тухай “Сэтгэлд гал байхад, зууханд гал олдоно” хэмээх алдартай үгээр нь нэрлэсэн теле-хөрөг хамтран хийхэд С.Дулам багш маань оролцож байлаа (Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор). Ер нь надад уран зохиолын багш нар, анд нөхдийнхөө тухай бичих юм, хийх зүйл олон байдаг юм.

ЗОХИОЛЫГ ЗОВЖ БҮТЭЭДЭГ ГЭВЭЛ НҮГЭЛ БОЛНО…

- Яруу найргийн гэхээсээ шүлгийнАзаасан Лувсандорж найрагч цэцэн цэлмэг хүн байжээ. Миний санахад жанжин Сүхбаатарыг бас цэцэн цэлмэг хүн байсан гэж боддог. Гэтэл та жанжны хэлсэн үгүүдийг Чойбалсан зохиосон гэдэг сонин болоод хачин зүйл ярьчихсан нь ямар учиртай юм бэ?

- Маршал Х.Чойбалсан бол жанжин Д.Сүхбаатарын ойр дотны нөхөр явсан. Маршалын дэргэд цэцэн мэргэн хүн олон байлаа. Гарын зохиолч нь эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай байна. Айхтар ухаантай, цэцэн мэргэн хүн гэдэг утгаараа Б.Ринчен гуайтай л зэрэгцэнэ, тэнцэнэ. Тэд хоёулаа Дорнодынх, нэгэн үед амьдарсан улс. “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс мэдэхгүй, чадахгүй хэмээх зүйл огт үгүй болж цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэх мэт цэцэн мэргэн үгсийг Сүх жанжин хэлээгүй, маршал Чойбалсан зохиогоод “Жанжин хэлсэн юмаа” гэсэн байх талтай гэж би бодсон юм.

- “Маршалын нууц товчоо”-г бичиж байхдаа ингэж бодох шалтгааныг олжээ дээ, та? Ондоо ямар сонин нууц олж мэдэв?

- Хүрээг зориод явахад эх Хорлоо нь “Замдаа хэрэглэ” гээд арван рубль өгсөн байдаг. Яагаад ч заавал орос мөнгө байсан юм бэ. Ёстой хувь тавилангийн эргүүлэг байх. 1952 онд Чойбалсан хагалгаанд орохоор хойшоо явахдаа монгол хүний зангаар сахиусаа зүүжээ. Тэр сахиусанд эхийнх нь өгсөн өнөөх рубль байсан гэдэг.

Маршал дуртайдаа хүн хөнөөгөөд явсан ч юм биш. “Тусгаар улс байх ёстой юм бол ингэ” гэсэн шахалтад орж олон хүнийг золионд гарган байж Монгол Улсын тусгаар тогтнолыг авч үлджээ. Миний нэр төр ч дүүрч, ахуй амьдрал ч яамай гээд зүтгэсэн хүн.

- Оросод суралцсан монголын анхны арваад сурагчийн нэг нь Чойбалсан гуай гэсэн үү?

- 1911 онд Богд хаант Монгол Улс байгуулагдаад Орос руу хэдэн хүүхэд сургуульд явуулсны нэг нь маршал байсан. Цаг үе нь ч, хувь заяа нь ч тэгж азтай таарсан.

- Сталинтай их сайн харьцаатай байсан нь ортой юу?

- Маш сайн харилцаатай байж. Эргээд харахад Сталин ба Чойбалсан, Цэдэнбал ба Брежнев нар гойд сайн харилцаатай байлаа. Удирдагчид нөхөрсөг байх нь манайд их нөлөөлсөн.

- Тэгсэн мөрт оросууд тэднийг нухсан гэдэг биш бил үү?

- Өвөр монголыг нэгтгэх асуудлаар Сталинд муухай аашилсан нь Чойбалсангийн хувь заяаг шийдсэн ч байж магадгүй юм. Өвөрлөгчийг манайд нэгтгэж болохгүй юу байна гэж Сталинд олон ханджээ. Тэгэхэд Сталин “Чи надтай биш Маотай ярь. Мао чамайг авна гэж гуйгаад байхад чи Өвөр монголоо авна гэж нэхээд байх юм” гэсэн байгаа юм. Үүнээс болж Сталинд Чойбалсан гутраад 70 насны ойд нь ч очилгүй Ю.Цэдэнбалыг явуулж байсан хүн.

- Маршалыг хорлосон гэдэг үнэн үү?

- Бөөрний асуудал гарцаагүй байсан юм билээ. Дух нарсанд ч билүү байлдаж явахдаа бөөр нь татаад үхэх шахсан гэдэг. Чийгтэй, нойтон газарт унтаж хэвтсэнээс тэр. Чойбалсан жаргасан ч хүн, зовсон ч хүн. Өрөвдмөөр мөрт өгөөмөр. Нэг сонин түүх хэлье. Маршал өглөөд цайндаа өвчүүний бүдэрхий хөшиглөж идэх дуртай байж. Тэгсэн Чойжилын Чимэд гуайн (төрийн шагналт зохиолч) аав комиссар нь байхдаа өлсөх үедээ өнөөх бүдэрхийг нь идчихгүй юу. Өглөө маршал уцаарлаж “Улсын маршалд нэг бүдэрхий идэх эрх алга уу” гэсэн гэнэ. Дараа нь Чойжил комиссар маршалын нэг ваарыг хагалчихаж. “Өвчүүний бүдэрхий идэхэд их уурласан юм чинь, одоо ч толгойгүй болно биз” гэж айтал “Хүүхдүүд хөл гараа эсгэж зүсчих вий. Сайтар цэвэрлэ” гэсэн гэж байгаа юм.

- Тан шиг хөдөлмөрч зохиолч тийм олонгүй байх. Түүхэн сэдвээр та олон цуврал роман туурвилаа. Бараг мянган жилийг хамруулсан гэдэг биз дээ?

- Эргүнэ хунгийн домгоос улбаалан эхэлж 1911оны хувьсгал хүртэл хамрагдсан 12 боть роман бичсэн. Араас нь 1921 оны хувьсгал хүргээд монголын гурван маршалын (Х.Чойбалсан, Г.Дэмид, Ю.Цэдэнбал) тухай найман боть роман бичлээ. Тэгээд зогсолгүй үргэлжлүүлээд Богдын хатан Дондогдулам, их Д.Нацагдоржийн эхнэр Пагмадулам нарын тухай роман ч бичсэн.

- Шүлэг, хүүрнэл зохиол бичихийн аль нь илүү таашаалтай вэ?

- Би шүлгээр эхэлсэн ч роман голдуу хийлээ. Нас жар гарлаа. Одоо шүлэг нэг их бичээд байдаггүй.

- Номоо бичээд дуусахаар сэтгэл хөөсрөөд эзгүйрдэг гэж та хэлсэн. Уг нь баярламаар биш гэж үү?

- Номыг зовж бүтээдэг гэвэл алдас болно, нүгэл ч болох байх. Ном бичих зовлон биш жаргал. Сэтгэлийн дуудлагаар хийдэг учир үргэлж тэмүүлж, шатаж, гэрэлтэж байдаг. Бичээд дуусахаар сэтгэл нэг л эзгүйрээд сонин болдог нь үнэн.

- Түүхэн сэдэв байнга хөнддөг зохиолчийн хувьд та монголын гурван маршалын тухай бичсэн шигээ адил монголын таван ерөнхийлөгчийн тухай бичих үү?

- Бидний амьдарч буй энэ цаг үе түүх болж үлдэхэд би өөрөө байхгүй болсон байх биз. Ерөөсөө дор хаяж нэг жаран элээж байж түүх бий болдог. Тэгэхээр би орчин үеийн сэдвээр роман хийхгүй. Бичих залуус нь одоо төрчихсөн өсөж байна шүү дээ.

- Та олон кино зохиол бичээд зогсохгүй өөрөө цөөнгүй кино найруулсан. Романуудаа кино болгох уу?

- Одоо үгүй болов уу гэж хэлэхдээ айж байна.

- Яагаад айна гэж?

- Санаа бол бий л дээ. Гэтэл нас хүрэхгүй, чадал барахгүй бол айхаас яахав.

“АЛАГ ХОРВОО” СОНИН

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 Сар

Улаан жигүүр...