ХОЁР САР ШАХАМ “ХАР ӨЛСГӨЛӨН” ЗАРЛАСАН ОРШИХЫН ЦЭДЭНДОРЖИЙГ МАРТАХ ЁСГҮЙ

Ус уулгүй, хоол идэлгүй 90 хоног болоход хүн тэсвэрлэдэг боловч сүг болдог аж. 1990 онд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж олон хүн майханд хөхөө өвлөөр хэвтэхэд Монголд огт болоогүй юм болсон мэт шуугисан. Тэр үед хөдөлмөрийн баатар Ж.Жамьян генерал Ардын Их  Хурлын чуулган дээр “Монголд өлсгөлөн гэдэг адал муухай явдлыг одоо үзэж байна. Ийм балмад этгээдүүдийг хүчээр дарж тараах хэрэгтэй” хэмээн зүхэн чарлаж байв.

Гэтэл түүнээс бараг арван жилийн өмнө Ганцхудагт Оршихын Цэдэндорж гэдэг сэтгүүлч улс төрийн өлсгөлөн зарлаж бараг хоёр сар болсныг  Жамьян генерал сонсоогүй байх ёсгүй. Улаан коммунист Жа генералын мэдэн будилсан О.Цэдэндорж БНМАУ-ыг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын эсрэг эсэргүү үг хэлхэж, хятадтай холбоо тогтоохоор оролдсон гэдэг хэрэгт яллагдан гянданд нэг жил, чанга дэглэмтэй шоронд дөрвөн жил яс хоригдоод, дээрэс нь гурван жил цөлөгдөн нутаг заагдаж байжээ. Ямартаа л ууган охинтой нь ханилсан соёлын гавьяат зүтгэлтэн, хөрөг зургийн мастер Н.Орхоныг хадам эцгийгээ тагнаж тандаж байхыг ятган дарамталж байсан гэнэ. Тэр үед Бал даргыг шүүмжилнэ гэдэг өөртөө цаазын ял оноосонтой адил гэсгээлтэй байжээ. Гэвч иргэн О.Цэрэндорж 1981 оны 10-р сарын 13-ны өглөөнөөс “Хатсан талх идэхгүй, хар ус уухгүй” хэмээн зарлаад улс төрийн өлсгөлөн зарлажээ. Эртний грекийн их суутан Сократ, Ирландын эх оронч Теренс Мак-Гуинн, Энэтхэгийн эх оронч Жатиндра Натх нар шиг дээд тал нь 75 хоног өлсгөлөн зарласан зоригтон тэгэхэд сонстоогүй байлаа. Монголын толгой ганц шоронд хар ус ч балгахгүйгээр улс төрийн өлсгөлөн зарласныг ард түмэнд мэдэгдэх байтугай Ганцхудагийн хорих ангийн хашаанаас гаргаж болохгүй гэсэн хориг тогтоожээ. “Үнэн” сонинд ажиллаж асан Цэдэндорж “Би хаашдаа шоронгоос амьд гарахгүй тул Зөвлөлтийн шоронд ял эдлэхийг зөвшөөртөл өлсгөлөнгөө зогсоохгүй” гэж мэдэгджээ. Өлсгөлөн зарлаад зургаа хоноход ганцаарчлан хорих цементэн шалтай, харанхуй, хулгана ч гүйхгүй хүйтэн өрөөнд хорьсон төдийгүй тэр өдрөөс эхлэн албадан эмчилгээнд хүчээр оруулж үхэр, адуу тарьдаг аймаар том зүүгээр хатгаж 500 грамм ус гуянд нь шахахаас гадна бас бус тариа хийх болсон байна. Мэдээж байцаагч нар ирж өлсгөлөнгөө зогсоохыг шаардана, ятгана, ухуулна. Өлсгөлөн зарлаад хориод хонож байхад Улсын прокурорын орлогч Батначин гэгч жигтэйхэн уур омогтой хүн давхиж ирээд,

- Чам шиг ардын дайсан, эсэргүү тэрслүүгээр өлсгөлөн зарлуулаад зүгээр хэвтүүлж ял завшуулахгүй шүү. Чамд хүчээр хоол цутгаж босгоод ялыг чинь эдлүүлнэ. Нам засгийн дайсныг дураар нь байлгаж чадахгүй шүү гэж өшиглөх шахаж, шүлсээрээ будан зүхэж занажээ. Тэгэхэд нь Цэдэндрж,

- Нам төр, дарга нарын булхайг би шүүмжилснээс биш эх орноосоо нүүр урваагүй. Надад хийсэн хэрэг байхгүй, үнэнийг бичсэнээс ондоо буруу надад байхгүй гэж хариулаад явуулжээ. Түүнээс хойш дахин том дарга нар түүнийг эргэж ирэх бүү хэл сониучлан ирж байгаагүй билээ. Харин бүтэн хорин хоног амандаа балга ус хүргэхгүй өлсгөлөн явахад хүч тэнхээ барагдаад, яс арьс болтлоо эцэж тураад нүднээс гарчээ. Хамгийн гол нь “хар өлсгөлөн” буюу ус ч уухгүй өлсгөлөн зарлаад төдий хоноход дотор халуу шатаж амь тэмцэх нь хатаж үхэхийн дохио юмсанж. Ерөөс хүн харангадаж үхнэ гэдэг хатаж үхэхийг хэлдэг ажээ. Тийм нэг өдөр ЗХУ-д сургууль төгсөж ирээд Ганцхудагийн төв шоронгийн ээлжийн даргаар томилогдсон Батбаатар гэдэг ахлах дэслэгч ээлжинд гарахдаа орж үзээд цементэн шалан дээр нүцгэн элгээрээ харуулдан хэвтэж байгаа түүнд,

- Та яаж байнаа Цэрэндорж гуай! Ядрахын хажуугаар хатгалга тусвал бүр түргэндээ орно шүү дээ гэхэд,

- Хатаж цангахын зовлонг дааж гарахад тун бэрх юм, ах нь түргэхэн үхмээр байна гэхэд нь,

- Иш хөөрхий гээд гарчээ. Удсангүй цоож харжигнаж төмөр хаалга харжигнаад хүн орж ирсэн нь өнөө Батбаатар агаад атга цас бөөрөнхийлөн авчраад,

- Хүнд бүү мэдэгдээрэй. Иднэ үү, элгэн дээрээ тавина уу өөрөө мэд! гэжээ. Энэ явдлын дараа тэр залууг халжээ.

1981 оны 12-р сарын 5-ны өдөр 53 хоноход эмнэлгийн албаны орлогч Дашхүү эмч ирж ярилцав. Цэдэндоржийн дуу дотогшоо ороод хэн нэгэн аманд нь чихээ нааж байж л юу ярьсныг сая сонсоно.

- Дахиад долоо хоновол та сэхэл авахгүй гэхэд нь Цэдэндорж маргааш өглөө нь хар өлсгөлөн зарлаад 54 хоносон хойно л гурван болзолтойгоор өлсгөлөнгөө зогсоохыг зөвшөөрчээ. Үүнд АИХ-аас нэг дарга, НАХЯ-ны аль нэг сайдтай ирэх, хоёр сар дээд зэргийн хангамжинд эмчлүүлэх, шаардлага гарвал дахин өлсгөлөн зарлана гэжээ.

Дарга нар зөвшөөрсөн ч Дашхүү эмчийн шаардлага хяналтанд хоол нэмүү өгч нэг сар эмчилснээс өөрөөр гялайлгаагүй байна. Харин чанга дэглэмийг нь зөөлрүүлж Говь-Алтай аймгийн Тайшир суманд нутаг зааж цөлсөн бөгөөд 1984 оны зун яах аргагүй таван жилийн хоригдох ялын хугацаа дууссан тул суллах учиртай байсан ч О.Цэрэндоржид ахиад гурван жилийн цөллөгийн шийтгэл оноож 1987 оны наадмын өмнө л арай хийж сулласан ч НАХЯ-ны байнгын хараа хяналтанд байдаг болсон билээ. Азаар 1990 онд ардчилал бий болсноор бүрэн бүтэн эрх чөлөөгөөр сая дүүрэн амьсгалах болсон гэдэг юм.

Бараг 40 жилийн өмнө шударга ёсны төлөө амиа дэнчин тавьж тэмцсэн О.Цэдэндорж агсныг өдгөө дурсах ч хүн байхгүй болсон нь харуусалтай. АН гэхэд таг мартжээ. Үнэнийг алгаар хаадаггүйтэй адилаар түүхийг далдлан нуух аргагүй. Цэдэндорж агсны гавьяаг умартах учиргүй мэт санагдана.

"АЛАГ ХОРВОО" сонин

сэтгэгдэл үлдээх