ЗААН ЦОЛЫГ БОГЦОНДОО ҮҮРСЭН ОДБАЯР ХАРЦАГА

Өнөө жилийн наадмаар тав давж улсын начин болсон долоон бөхийн тав нь 1992 оныхон буюу 28 настнууд байсан бол улсын харцага цолонд шууд хүрсэн Б.Бат-Орших бүр 33-тай байв. Тэгвэл Өмнөговийн хүчтэн Ц.Одбаяр начин түүний чацуутан агаад энэ насан дээрээ улсын харцагуудын ам бүлд багтав. Ер нь бол Цэдэнбазарын Одбаяр харцага харьцангуй залуудаа буюу хоёр дахь удаагаа улсын наадамд зодоглосон 24 насандаа улсын начин болж байлаа. 2005 оноос зодоглож эхэлсэн Одбаярын нагац ах “морьт” хэмээх О.Пүрэв харцага бол түүний ээжийн төрсөн дүү юм. 2009 онд 22 насандаа аймагтаа түрүүлсэн Ц.Одбаяр 2010 оны улсын баяр наадамд анх зодоглосон бол хойтон нь буюу Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойн наадамд зодоглосон 1024 бөхөөс баахан харцагуудыг өвдөг шороодуулсаар улсын цолтны эгнээнд хүрсэн байдаг.

Гурвын таван даваанд тэрбээр Увсын Э.Батбаатар, Хөвсгөлийн Г.Ганхуяг, Дундговийн Л.Пүрэвжав гэсэн хүчтэй гурван улсын харцагыг цувуулан давсаар улсын начин болсон бөгөөд наадмын дараагаас Пүрэвжав харцагын талаар Өмнөговийнхон өчнөөн зуун сая төгрөг өгсөн тул хэний ч мэдэхгүй Ц.Сумьяаг начин болголоо хэмээх яриа түгж билээ. Улсын цол хүртсэнийхээ дараа цолоо хамгаалж барилдах хүсэл эрмэлзэлтэй байсан боловч тамирчдыг дайрдаг бэртэл гэмтэл гээч гайд өртсөнөөс хэсэг хугацаанд барилдаж чадахгүй бөхөөсөө хөндийрсөн билээ. Тэр ч бүү хэл Одбаярт барилдахаа больдог ч юм билүү гэсэн бодол хүртэл төрж байв. Хүнд бэртэл авсан учраас бэлтгэлдээ ч явж чадахгүй, ажил ч хийхэд хүндрэлтэй байсан он жилүүдэд түүнийг “Ажнай” корпорац, зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хамт олон дэмжиж цалинжуулж байсанд Одбаяр харцага үргэлж талархдаг.

Улсын начин болсноос есөн жилийн дараа улсын харцага цолд хүрснээ тэдний дэмжлэгтэй холбож үздэг нь Одбаярын талархсан сэтгэл билээ. 1987 оны нэгдүгээр сарын 5-нд төрсөн Одбаяртай Н.Батсуурь аварга, Б.Бат-Орших харцагууд онжавууд юм. Аймгийн цолонд ч хүрээгүй байхдаа тэр бэлтгэлээ чамбай хийж байгаад улсын начин болохдоо л болно доо гэсэн зорилго өөртөө тавьж тун багахан хугацаанд зорилгодоо хүрч чаджээ. Гэтэл хясаж хяхаж байгаа юм шиг гайтай бэртэл авч нэлээд хугацааг алдсан байдаг. Зарим бөх гуч шүргээд харьж зогсдог бол Одбаярын хувьд улам ирлэгдэж хурцлагдсан бөхийн нэгэн. Өөрөөсөө дүү бөхчүүдийг хаях төдийгүй Санжаадамба аваргыг гэхэд гурвантаа өвдөг шороодуулсан гээд бодоорой доо.

Өнгөрсөн өвөл Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд үзүүрлэхэд “Одбаяр начин харих битгий хэл цолоо ахиулаад заан ч болж магадгүй нь ээ” гэсэн яриа тарсан. Энэ итгэлийг Одбаяр, өнөө жилийн наадмаар дүүрэн биелүүллээ. Наадмын өмнө түүнд “Өнөө жил цолоо ахиулж нутгийн зон олноо баярлуулах юмсан” гэх хүсэл юу юунаас илүү төржээ. Бодол биеллээ олдог гэсэн шиг Одбаяр үнэхээр хавтай сайхан барилдсаар зургаа давж улсын харцага болов. Ерөөсөө Одбаяр өнгөрсөн жилийн улсын наадмын дараагаас л шууд бэлтгэлдээ оржээ. Цар тахлаас болж энэ өвлөөс хойш танхимын барилдаанууд зохиогдоогүй ч гэлээ түүний бэлтгэл тун сайн болсныг наадам баталлаа.

Бэлтгэл ч ханаж, сэтгэлзүй тайван тогтвортой байсан учраас өөрийнхөө барилдааныг гаргаж чадсан гэж харцага боддог юм. Учраанууд нь ч хүчтэй өрсөлдөгчид байлаа. Улсын цол горьдож яваа Завханы заан Э.Баасандорж, Говь-Алтайн арслан Ц.Эрхэмбаяр, Өвөрхангайн арслан Ядамсүрэн буюу нэрээ сольж Т.Довчинсэмбээ болсон аймгийн арслангууд түүнтэй таарсан билээ. Тавын даваанд гэхэд л түүнийг Ч.Санжаадамба аварга амласан. Урьд нь хоёр удаа аваргыг хаясан ч улсын наадамд таарна гэдэг ондоон. Тэгэхдээ энэ зун аваргын бэлтгэл жигдрээгүй байсан нь бэртэлтэй холбоотой байлаа. Дархан аварга болох хүчтэн хэмээн хүлээлттэй явдаг аваргыг өвдөг шороодуулна гэдэг амаргүй. Гэхдээ Одбаяр давж улсын баяр наадамдаа хоёр дахь удаагаа шөвгөрч начин цолоо баталсан.

Зургаагийн даваанд тэр Завханы бөх цэргийн арслан Т.Дүгэрдоржийг амласан. Бэгзсүрэн харцагын төрсөн дүү наадмын урьдхан бүх цэргийн наадамд түрүүлээд улсын наадамд тав даваад начин болчихсон байсан болохоор зоригтой, золбоотой ч байсан нь ташаагүй.

Одбаярын хувьд сэнжигний барьцанд хүрч өөрийнхөө давуу талыг авч барилддаг тул залуу начинтай барилдах аргаа хэдийнэ төлөвлөсөн байв. Гэвч Дүгэрдорж начин сэнжигний барьц өгөхгүй тун ч нягт байлаа. Тэгээд ч хийгүй, нягт барилдаантай залуу билээ. Нутгийн олноо баярлуулах хүсэл эрмэлзэл нь Одбаяр начинд цог залийг өгч тэр өвдөг шороодуулснаар харцагуудын эгнээнд өгсөж чадсан юм.

Цолоо ахиулсандаа баярлаж, нагац ахынхаа цолыг авсандаа өегшиж байсан ч сэтгэлийн баяр хөөрөө дарж туг тойрох үедээ маш тайван байсан билээ. Долоогийн даваанд нэг оны онжав Батсуурь аварга амласан байв. Хий зай огт гаргадаггүй аваргын бэлтгэл ч ханасан байлаа. Үнэн хүчийг үзэж барилдахад яалтгүй унажээ. Гэвч Батсуурь аваргаас допинг илэрсэн тул Ц.Одбаяр удахгүй цол өгсөж улсын заан болох магадлал бий.

Сүүлийн үед допинг гээч нэгэн гай бөхчүүдэд тохиолддог болсон. Ямартаа л энэ гайгаас болж зарим бөх амжилтаа даруулсан бол зарим нь цол ахьсан. Тухайлбал Санчир, Магалжав нарт тэр аз тохиож заан болсон бол Анар, Одбаяр хоёрт ч бас тэр завшаан нүүрлэж байгаа гэхэд болно.

Ц.Одбаярыг улсын заан гээд цоллуулвал бөхөд хорхойтой монголчууд лав талархана. Учир нь түүнд зааны эн бий. Харцагын дүү заан болох чансаатай, чадалтай бөх мөн. Өмнийн говийнхон өнөө жил хүчтэй байлаа. Э.Нямаа арслан гэхэд гурвын даваанд түрүүлэх бөхийн тоонд ороод байсан О.Хангай харцагыг, Ш.Дарханбат начин гэхэд цолоо ахиулах таамагт багтсан Ч.Хөхчирэнгэр начинг давсан билээ. Одбаяр гэхэд л Санжаадамба аваргыг нураасан.

Ерөөсөө Цэдэнбазарын Одбаяр харцага цаашдаа ч олон шилдэг бөхийг нурааж цахиур хагалах юм бол гайхалтгүй. 33 нас гэдэг ид барилдах цогтой нас. Одбаяр харцагаас ахиад илүү юмыг бөхийн хорхойтнууд хүлээж байгаа. Ирэх онд болох 100 жилийн түүхт ойн их баяр наадмаар Одбаяр “заан” гарьдын зиндаанд барилдах аваас би л лавтай эргэлзэхгүй бас гайхахгүй ээ…

"БАЙЛДАН ДАГУУЛАГЧ" сонин

 

сэтгэгдэл үлдээх