Дархан аварга Б.Бат-Эрдэнэ улс тунхагласны баярын барилдаанд хамгийн олон түрүүлжээ

Улс тунхагласны 96 жилийн ойн баяр өнөөдөр тохиож буй билээ. Энэ өдөр болдог уламжлалт барилдаан өнөө жил коронавирусийн улмаас зохиогдсонгүй. Анх 1984 онд улс тунхагласны 60 жилийн ойгоор анхны барилдааныг зохиож, 128 бөх барилдуулахад Увс аймгийн Хяргас сумын харьяат, дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, улсын арслан Д.Хадбаатар үзүүрлэжээ. Үүнээс хойш таван жил завсарласан уг барилдааныг 1990 оноос уламжлал болгон зохиож ирсэн түүхтэй. Гэхдээ энэ 30 жилийн хугацаанд уг барилдаан гурван удаа зохиогдоогүй бөгөөд 1996 онд тодорхой шалтгааны улмаас, 2009 онд H1N1 вирусийн улмаас олон нийтийн газруудад хөл хорьсон юм. Харин өнөө жил COVID-19-ийн улмаас цуцлагдаад байгаа билээ. Тэгвэл ноднин нэр хүндтэй тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Н.Баярбаатар түрүүлж байв. Хамгийн олон түрүүлсэн хүчтэн бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, дархан аварга Б.Бат-Эрдэнэ бөгөөд 1990, 1992, 1993, 1997-1999 онд манлайлжээ. Цагийг эзэлсэн их аваргын удаад Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба таван түрүүгээр орж буй. Тэрбээр 2010, 2013, 2015-2017 онд түрүүлсэн юм.

сэтгэгдэл үлдээх