ХОЙД СОЛОНГОСТ ЦАР ТАХЛЫН УЛМААС ГААЛИЙН ХОЁР АЖИЛТНАА ЦААЗАЛЖЭЭ

Корона вируст цар тахлын улмаас БНАСАУ худалдааны бодлогоо нэлээд чангатгаж байгаа аж. Энэ мэдээллийг С1 ТВ-ийн вэбсайтад Хятадын гаалийн байгууллагуудаас гаргасан албан ёсны тоо баримттай холбогдуулж бичсэн байна.

Өнгөрөгч 10-р сард Хятад улсаас Умард Солонгос руу 253 мянган долларын бараа бүтээгдэхүүн экспортоор гаргасан нь 2019 оны мөн үетэй харьцуулвал 99 хувиар буурчээ. Хятад улс бол Умард Солонгосын хамгийн том худалдаа-эдийн засгийн түнш юм. 2018 оны байдлаар Умард Солонгосын гадаад худалдааны бараг 90 орчим хувийг Хятад улс хангаж байв. Тус улсын хувьд Хятадаас хүнсний бүтээгдэхүүн, эм тариа, өргөн хэрэглээний бараа, шатахуун түлшийг хамгийн ихээр импортоор авдаг улс юм.

20 гаруй сая хүн амтай Хойд Солонгосыг Лихтенштейн, Монако гэх жижиг нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай улсуудтай адилтган тавьжээ. Ингэж хязгаарласан нь юутай холбоотой вэ гэдэг асуултыг сэтгүүлчид, тоймчдын зүгээс тавихад “Корона вирусийн халдвар Умард Солонгост орж ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ийм хатуу арга хэмжээ авсан” гэсэн хариулт өгчээ.

Умард Солонгос улс өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд маш хүнд байдалд байна. Үе үе өлсгөлөн нүүрлэдэг, ган гачиг их тохиолддог, ургацаа алддаг, мөн НҮБ болон Холбоотон улс орнуудын зүгээс маш хатуу хориг тавьчихсан байгаа. Дээр нь энэ онд корона вирусийн цар тахлын улмаас Хятадтай хийх худалдаагаа 99 хувь буюу бараг 100% зогсоочихсон байгаа аж. Түүнчлэн хэр хэмжээний дотоод нөөцтэй билээ... гээд л тус улсын хувьд үнэхээр том цохилт болж байна гэдгийг онцолсон байна.

Корона вирусийн эсрэг Умард Солонгосын засгийн газраас нэлээд хатуу бодлого баримталж байна. Өмнөдийн зарим хэвлэлүүдэд бичсэнээр цар тахалтай холбоотойгоор гаалийн хоёр ажилтнаа цаазаар авчээ. Учир нь, Хятадаас оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүний хяналт шалгалтыг хийх үедээ халдвар хамгааллын дэглэм, дүрэм журмыг баримтлаагүй, улс орноо эрсдэлд оруулсан гэдэг үндэслэлээр... гэжээ. Мөн Өмнөд Солонгосын загас агнуурын яаманд ажилладаг 50 гаруй насны эрэгтэйг Умардын цэргийн харуулууд саатуулаад шууд усанд хөвж явахад нь буудаж алаад дараа нь цогцсыг нь шатаасан аж. Энэ хэрэгт Ким Жон Ун албан ёсоор уучлалт гуйсан байдаг. Үүнийгээ мөн л корона вирусийн цар тахалтай холбон тайлбарласан байна.

С1 ТВ-ийн тоймчид “Хятад улс хэдийгээр корона вирусийн халдварын анхны голомт болсон ч гэсэн маш сайн хязгаарлаж чадсан, төрийн механизм нь ч сайн ажиллаж байгаа. Одоо өдөртөө цөөн тооны л тохиолдол бүртгэгдэж байна. Гэтэл Умард Солонгос улс худалдааныхаа импортыг хаасан ийм хатуу бодлогыг хэрэгжүүлж байгаа нь магадгүй Ким Жон Уны болгоомжлол байх. Яагаад гэвэл, энэ улсын хүн амын бараг 40-50 хувь нь хоол тэжээлийн хомсдолд орсон, илчлэг бодисын дутагдалтай, дээр нь эрүүл мэндийн салбар нь маш хүнд байдалд байгаа аж. Хятадаас голдуу эмийн бүтээгдэхүүнээ импортолж авдаг энэ улсын хувьд корона вирусийн цар тахлыг нэг л алдчих юм бол маш хүнд цохилтонд орно. Тийм учраас ийм хатуу хязгаарлалт тогтоох бодлогыг хэрэгжүүлж байна” гэж дүгнэжээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх