АНУ-ЫН КОНГРЕСС 900 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ТУСЛАМЖИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХААР БОЛОВ

Дэлхийн улс орнууд улсынхаа төсвийн хүчин чадал, эдийн засгийн багтаамждаа үндэслээд коронавирусийн улмаас хүндрэлд орсон компаниуд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор томоохон тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

АНУ-ын хувьд коронавирусийн халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдэж, хамгийн их нас баралт бүртгэгдсэн улс юм. Өнгөрсөн хавраас Холбооны засгийн газрын зүгээс орон нутаг болон бизнесийн компаниуд, иргэддээ зориулж тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг хөтөлбөрийн 2.4 их наяд долларыг хэд хэдэн зориулалтаар ашигласан байна. Жишээ нь, коронавирусийн цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогссон буюу доголдсон бизнесийн компаниуд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусламж олгосон. Шаардлага бүхий насанд хүрэгсэд болон хүүхдүүдэд зориулан 1200 долларын нэг удаагийн мөнгөн тусламж олгосон гэх мэт. Энэ тусламжийн хөтөлбөрүүд өнгөрсөн хавраас эхлэн хэрэгжээд, энэ сард зарим хөтөлбөрүүд нь дуусгавар болох гэж байгаа юм байна. Иймд дараагийн шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж улс төрийн хүрээнд үзжээ.

Ингээд өчигдөр АНУ-ын Конгресс дахь Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын удирдлагууд шинэ тусламжийн хөтөлбөрийг батлах асуудлаар тохиролцоонд хүрчээ. Өнөөдөр Д.Трамд баталж гарын үсгээ зурах юм бол хэрэгжиж эхлэх юм байна. Энэ хөтөлбөрийн мөнгөн дүн нь 900 орчим доллар. Өнгөрсөн хавар 160 сая орчим америк хүнд 1200 долларын нэг удаагийн буцалтгүй тусламж олгож байсан бол энэ удаад 900 тэрбум долларын хүрээнд 600 доллар олгохоор төлөвлөжээ. Ажилгүйдлийн тэтгэмжийг 7 хоногийн 300 доллараар тооцож олгохоор болсон. Өнөөдрийн байдлаар АНУ-д 12 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргачихсан байгаа юм байна. Энэ хөтөлбөрийг цаашид сунгахаар болжээ.

АНУ-ын Холбооны засгийн газрын агентлагууд коронавирусийн цар тахлын улмаас тус Нэгдсэн улсад хэдэн хүн ядуучуудын эгнээнд шилжсэн бэ гэсэн судалгаа явуулахад 8 сая орчим хүн гэсэн тооцоо гарчээ. АНУ-ын хот, мужуудын ядуурлын доод төвшин нь харилцан адилгүй байдаг байна. Дунджаар 4 ам бүлтэй гэр бүлийн жилийн орлого нь 26200 доллараас бага байх юм бол ядуу гэж тооцдог гэнэ. Тэгэхээр энэ 8 сая хүнд ажлын байрыг нэмэгдүүлэх, гэр бүл өрхийн амьжиргааг нь дэмжих чиглэлээр ямар хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдэг дээр санал нэгдсэн байна. Мөн бизнесийн компаниудад зориулаад нийтдээ 300 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх