ЯПОНД 2030 ОНООС БЕНЗИН ХӨДӨЛГҮҮРТЭЙ АВТОМАШИНЫ БОРЛУУЛАЛТЫГ ХОРИГЛОНО

“Мазда” компани 2030-аад оны эхний хагаст бензин, дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээс бүрэн татгалзаж, оронд нь гибрид, цахилгаан машин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай Японы “Коидо” агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр “Мазда” компанийн удирдлагаас ийм шийдвэр гаргах болсон нь дэлхий даяар экологийн норм чангарч, түлшний зарцуулалтад тавих шаардлага өндөрсөж байгаатай холбоотой аж. Өнөө болтол “Мазда” компани голчлон эдийн засгийн хэмнэлттэй дизель, бензин хөдөлгүүр бүтээхэд голчлон анхаарч ирсэн хэдий ч бас гибрид төрлийн “Axela” загварын машиныг үйлдвэрлэдэг байна.

Энэ оны 8-р сард Японы “Мазда”, “Тоёота” компаниуд цахилгаан хөдөлгүүртэй машин зохион бүтээх, мөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр хамтарсан үйлдвэрийн газар байгуулах зорилгоор түншлэл байгуулах гэж байгаа тухайгаа зарласан юм. Дээрх хоёр компани ийм түншлэл байгуулах болсон шалтгаан нь дэлхий даяар байгаль экологийн нормыг чанд барих, мөн 2040 он гэхэд Их Британи, Франц улсууд дизель, бензин хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээ зогсоохоор шийдсэн зэрэгтэй холбоотой аж. Үүнээс өмнө Шведийн “Volvo” концерн гибрид, цахилгаан машин үйлдвэрлэхэд бүрэн шилжиж байгаагаа мөн зарласан юм.

Дашрамд дурдахад, Японы засгийн газрын дэргэдэх зөвлөл 2050 онд тус улсын бүх автомашиныг цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй болгох зорилт тавьж байгаагаа танилцуулжээ. Эдийн засгийн яамны дэргэдэх тус зөвлөлд Тоёота, Ниссан зэрэг Японы томоохон автомашин үйлдвэрлэгчдийн төлөөлөл байдаг юм байна. Мөн ирэх оны 3-р сард автомашин үйлдвэрлэгчдийн хамтарсан байгууллага шинээр бий болж, цахилгаан машины баттерейн гол түүхий эд болох кобальтыг нэгдсэн байдлаар Японы зах зээлд оруулж ирэх ажлыг зохион байгуулахаар болжээ.

Ховор түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтэд өрсөлдөгч компаниуд хамтран ажиллах явдал маш ховор байдаг. Дэлхийн кобальтын нөөцөд хяналтаа тогтоох өрсөлдөөн дэлхийн томоохон үйлдвэрлэгчдийн дунд өрнөөд байгаа. Энэ үйлсэд Хятад улс тэргүүлж байгаа гэгддэг. Мөн тус зөвлөл цахилгаан хөдөлгүүрт автомашиныг хэрхэн дэлгэрүүлэх, нэг машины ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээг 2010 оныхтой харьцуулахад 2050 онд 90 хувиар бууруулах зэрэг зорилтыг хэлэлцжээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх