ХЯТАДЫН ҮХАНЬ ХОТОД ҮЛ МЭДЭГДЭХ ВИРУС ДЭГДЖЭЭ

БНХАУ-ын төв хэсгийн Хубэй мужийн Үхань хотод учир битүүлэг вирус дэгдэж, олон арван хүн тухайн вирусээр халдварласнаас биеийн байдал нь хүнд байгаа тухай дэлхийн голлох мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэллээ. Сүүлийн үеийн мэдээллээр нийт 59 хүн энэ вирусээр халдварласнаас 7 хүний биеийн байдал маш хүнд байгаа юм байна. Эдгээр хүмүүсийг хотын эмнэлгүүдэд байршуулж тусгайлан эмчилж байгаа гэнэ. Цаашид энэ өвчнийг газар авч дэгдэх аюултай байгааг дэлхийн хэвлэлүүдэд бичиж байна. Тиймээс хотын иргэд болон хотоор дамжин өнгөрч байгаа бүхий л хүмүүст маск зүүхээс эхлээд анхан шатны шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, халдвар авахаас сэргийлэх үүрэг чиглэлийг эрүүл мэндийн байгууллагуудаас өгөөд байна.

Одоогоор энэ вирус яг ямар вирус болох нь тодорхойгүй байна. Зарим хэвлэлүүдээр анх энэ вирусийг САРС (Амьсгалын замын цочмог халтай хам шинж өвчин) байх магадлалтай гэж таамаглаж байсан боловч албаны байгууллагууд нь САРС биш гэж үзжээ. Өмнө нь 2002-2003 оны хооронд САРС өвчин анх БНХАУ-ын өмнөд хэсгээс эхлэн дэлхий даяар дэгдэж улмаар 700 гаруй хүн амь насаа алдаж байсан гашуун түүх бий. Тиймээс дахин САРС өвчний вирус дэгдэх ноцтой үйл явдал тохиосон байх магадлалтай гэж дэлхийн хэвлэлүүдэд маш ихээр санаа зовнин бичсээр байна. Ямартаа ч БНХАУ-ын албаны эх сурвалжууд энэ бол САРС өвчний вирус биш болохыг албан ёсоор мэдэгджээ. Түүнчлэн энэ дэгдсэн вирус нь шувууны ханиад болон Мерс (Амьсгалын замын хурц халдварт синдром) гэх өвчин биш болохыг батлаад байгаа боловч яг ямар өвчний вирус болохыг Эрүүл мэндийн байгууллагууд нь албан ёсоор мэдэгдээгүй байна.

Энэ үл мэдэгдэх өвчнөөр өвдсөн хүмүүсийн гол шинж тэмдэг нь: ханиад хүрэх цаашлаад амьсгал давчдах шинж тэмдэг байгаа бол зарим цөөн тохиолдолд уушгины өвчин тусах магадлал ажиглагдаж байгаа гэнэ. Одоогоор энэ өвчин яг хүнээс хүнд халддаг эсэх талаар нарийвчлан тогтоосон баримт гараагүй байгаа юм байна. Зарим эх сурвалжуудаас энэ өвчин нь далай бүтээгдэхүүнээс хүнд халдах магадлал өндөртэй гэх мэдээлэл байна.

Мөн дэлхийн бусад улс орнууд ч БНХАУ-аас ирсэн иргэддээ хяналт тавьж, эрүүл мэндийн анхан шатны үзлэг шинжилгээнд хамруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлжээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас ч мөн энэ үйл явцыг маш анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн байна. Одоогоор энэ өвчний вирустэй холбоотой ямар нэгэн хориг тогтоогоогүй байгаа боловч ойрын хугацаанд энэ өвчний нөхцөл байдал хүндэрсэн нөхцөлд албан ёсоор хориг тогтоох магадлал өндөртэй байна гэж олон улсын хэвлэлүүдээр бичиж байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...