БАЯР ИХЭДВЭЛ БАЛАГ ИХЭДНЭ

“Монголчууд бид хэтэрхий их баяр наадам тэмдэглэж байна…” гэдэг шүүмжлэлийг байнга тавьдаг боловч тэмдэглэсээр л байна.

Ардчиллын буянаар хэт их даяарчлагдсан гэж үздэг бид харийн огт өөр соёл, шашны зан үйлтэй баяруудыг ч алгасалгүй тэмдэглэдэг болжээ. Валентин, Халловен, Христос мэндэлсэн өдөр… гээд тоочвол монголчууд бидэнд огт зохицохгүй, “хэрэггүй” баяруудыг тэмдэглэсээр байна. Бие биедээ дурласан хосуудыг гэрлүүлснийхээ төлөө амиа алдсан Валентин ламын дурсгалд зориулж бид “хайрын баяр” гэдэг шинэ өдрийг тэмдэглэдэг болоод нэлээд хэдэн жил боллоо. Энэ өдрийг далимдуулан ойр дотны хүмүүстээ “хайртай” гэж хэлэх нь мэдээж сайхан. Гэхдээ “хайртай”-гаа хэлээд зогсохгүй хамгийн сайхан, үнэтэй шоколад авах гээд хоорондоо өрсөлдчихнө. Албан байгууллагууд ч хоцрохгүй шүү, бие биедээ нууц бэлэг дамжуулж, дараа нь “бэлэгнийхээ эзнийг олж” дахин хариу барьж бас л ажлын нэг өдрийг баярын өдөр болгож орхино. Валентины баяр тэмдэглэхгүй байснаар монголчууд муудаагүй. Учир нь хайрын баяр болох “Эх үрсийн баяр”, “Хүүхдийн баяр”, “Мартын 8” гээд… Харин саяхнаас “Аавуудын баяр” гэж тэмдэглэх болж, энэ нь ч зөв юм. Аавууд яагаад баярлаж болохгүй гэж!

Өөрсдийнхөө үндэсний баярын утга учир, зан үйлийг буруутгаж, харийн соёлоос авчирсан баяруудаа хэтэрхий их сурталчлах нь үндэстнийхээ мөн чанарыг бүдгэрүүлэх талтай. Энэ дэлхийн 200 гаруй улсаас “Монгол” гэж товойх соёлын томоохон бүрэлдэхүүн нь “Цагаан cap”, “Наадам” билээ. Үндэсний баяртай байх нь тусгаар эх оронтой хэмээсэн үг аж. Гэтэл өвлийг өнтэй давсны бэлгэдэл болгон тэмдэглэдэг cap шинийн баяраа бид хэчнээн их гоочилж байгаа билээ. Монголчууд бид хэт “өрсөлдөмтгий”, нэрэлхүүгээсээ болж бие биенийхээ дээр гарсан бэлэг сэлт бэлтгэх гэж, эсвэл хэнд ч хэрэггүй “хог цуглуулж” буй аятай энэ эрхэм баярынхаа утга учрыг алдагдуулдаг нь нууц биш ээ. Баян тарганаа гайхуулах уралдаан мэт бэлгээрээ өрсөлдөж, хүн бүрт бэлэг хүртээх гэж өрхийнхөө санхүүг элгээр нь хэвтүүлнэ. Тэгээд гаргасныхаа хэрээр “бэлэг олж авах” гэж танихгүй шахуу айлд орох шахна. Уг нь бол энэ баяр нь ураг төрлийн холбоогоо мэдэлцэх, цаашлаад улсаа тусгаар байлгах, аугаа түүх соёлоо хадгалж үлдэх санаа бүхий л баяр байгаа юм ш дээ.

Өнөөгийн нөхцөлд ямар баярыг тэмдэглэх эсэхээ монголчууд бид уг үндэстэйхэн шиг ойлгож мэдэх хэрэгтэй. Ингээд дараах зайлшгүй тэмдэглэх ёстой албан ёсны баяруудаа үзэл сурталтайхан шиг тэмдэглэж сурах нь зүйтэй болов уу. Үүнд:

01/01 Шинэ жил /хуучин оноо угтаж, шинэ оноо угтдаг гэдэг утгаараа/

02/…. Цагаан сар

03/08 Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр

03/18 Зэвсэгт хүчний өдөр

03/22 Наурызын баярын өдөр

04/01 Олон улсын инээдмийн өдөр

05/15 Гэр бүлийн өдөр

06/01 Эх үрсийн баяр /Энэ баярыг “Хүүхдийн баяр” хэвээр нь үлдээвэл  зохино/

07/11-07.13 Үндэсний их баяр “Наадам”

08/08 Аавуудын өдөр

11/26 Монгол улс тунхагласны баяр

зэрэг болно.

Харин залуучууд голдуу тэмдэглэдэг “Гэгээн Валентины өдөр” (02/14), Халловен буюу “Сүнсний баяр” (10/31), “Христос мэндэлсний өдөр” (12/25) … зэрэг баяруудыг тэмдэглэх онцын шаардлагагүй юм. Ингэж бичлээ гээд зарим залуусын дургүйцлийг хүргэх байх.

Харин багш нарын, эмч нарын, цагдаагийн, төмөр замчдын, барилгачдын… гээд албан бус баяруудыг тухайн мэргэжлийн хүмүүс нь өөрсдийн хэмжээнд тохируулан сурталчилгаа, мэдээлэл хийж, тэмдэглэн өнгөрүүлбэл зохилтой. Үүн дээр нэмж хэлэхэд элдэв “Даншиг наадам”, “Овоо тахих” … энэ тэр гээд баяр ч юм шиг, ёслол ч юм шиг үйлдлүүдийг сүр дуулиан болголгүй, олны анхаарлыг таталгүйгээр хийх нь дээр болов уу.

Эцэст нь хэлэхэд монголчууд баяраар дутаагүй ээ. Харин эдийн засгаа бататгаж бүсээ чангалах л цаг ирсэн бус уу. Урд социализмын үед баяр боллоо гээд нэг айл, ганц шил “цагаан долгор” буюу цагаан архи авдаг байсан бол өнөөдөр хоёр хүн дундаа доод тал нь 1-2 шил цагаан архи, хэд хэдээр нь шар айраг тавиад уучихдаг болж. Энэ нь одоо баяных уу, балайрлынх уу! Ингэж хэтрүүлснийхээ хариуд эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч, элдэв гэмт үйлдлийн золиос болж байгааг дээрээсээ авахуулаад доод шатандаа хүртэл “өнөөдрийн Монголын нүүр царай” бэлхнээ харуулж байгаа билээ.

Сархадгүй баяр наадам гэж байхаа байж… “Сархад савнаасаа бусдыг” гэдэг дээ. Баяр наадам балаг л авчирна уу гэхээс жаргал авчрахгүй нь ойлгомжтой.

Монголчууд бид өвлийн цагт “Шинэ жил”, хаврын цагт “Цагаан сар”, зуны цагт “Наадам”, намрын цагт элдэв найр хурим тэмдэглэж байдгаа барж, зээл хийж, авдраа хоосолдог улс. Ийм маягаар үеийн үед өр зээлтэй явах заяа тавилантай улс юм  болов уу. Ядаж байхад төр засаг нь буруу хойшоо яваад… Хэзээ хийсэн үйлийн үр, лай ланчиг гэж энэ вэ… гэсэн настнуудын үгээр нийтлэлээ дуусгая даа.

Сэтгүүлч Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...