Хятадууд долоо хоногт 1000 хүний эмнэлэг, монголчууд 100 мянган гэр барихад аль нь илүү багтаамжтай вэ

Хэбэй мужийн төв Ухань хотод титэм вирусын халдвар ид оргилдоо хүрэхийн өмнөхөн тус хотын удирдлага шийдвэр гаргаж долоо хоногийн дотор 1000 хүнийг тусгаарлах эмнэлэг барьснаа олон нийтийн сүлжээгээр цацаж байсан. Сүүлийн үед корона өвчин Монголд гарвал тусгаарлах байрны багтаамж хүрэлцэхгүй гэсэн хөндүүр эмзэг сэдвийг ЭМЯ-ны зүгээс байнга хөндөж, их дээд сургуулийн дотуур байруудыг суллах, болохгүй бол томоохон сургуулиудыг хүртэл эмнэлэг болгох нөөц төлөвлөгөөгөө ч танилцуулсан гэдэг. Тог цахилгаан татсан газар бол монголчуудад 100 мянган гэр барих уг нь юухан байхав дээ. Нэг гэрт доод тал нь дөрвөн хүнийг тусгаарлаж болно. Тог цахилгаантай учраас багаж хэрэгсэл нь байвал эмнэлэг болоод л хувирчихна гэсэн үг. Дээр нь монгол гэр нь байнгын агаарын солилцоотой гэдгээрээ бүгчим байшингаас хамаагүй давуу. Өнөөдөр монголчуудын хэрэглэхээ болиод амбаартаа хураасан гэрүүд гэхэд л 100 мянга өлхөн хүрнэ. Дээр нь гадуур худалдаанд 20 мянгаас ч илүү гэр зарагдаж байгаа. Мөн гэр үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрүүд нэг долоо хоногийн дотор 15-30 мянган гэр гаргаж чадна гэдэг. Энэ бол монголын үндэсний онцлогтой дотоодын нөөц бололцоо биш гэж үү. Хятадууд шавар тагзаа барьж байхад бид монгол гэрээ барьж яагаад болохгүй гэж. Энэ асуудлыг нөөц боломж судалж байгаа нөхдүүд дотроо судалж үзсэн болов уу. Мэдээж хэрэг түлш, цахилгаанаар хангах асуудал нь засгийн газрын хэрэг боловч ард иргэдийн хандиваар дорхноо бүтэхийг сүүлийн үеийн үйл явдлууд харуулж байгаа. Ер нь монголчууд зовлон тохиоход зангидсан гар шигээ нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ бас ч гэж харуулаад байгаа шүү.

Сэтгэгдэл
Уншиж байна...