Цэцэрлэгийн хүүхэд хүртэл гахайн дахь мөнгөө хандивлаад байхад УОК ч олны итгэлийг муухай алдлаа даа

2020 оны 2-р сарын 10-наас эхлээд манай улс Хятадад аюулын харанга дэлдсэн корона вирусын эсрэг бүхий л анхаарлаа хандуулж Цагаан сарыг тэмдэглэхгүй байх, хот хөдөө, орон нутгийн зам хаах, сургууль цэцэрлэг, кино театр зэрэг хүн олноор цуглардаг газруудыг хаах, урд хилийн боомтуудаа хаах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн билээ. Тууштай арга хэмжээний үр дүнд 3-р сарын 10-ны өдөр хүртэл ард иргэд маань амгалан тайван, өглөө бүхэн Монгол улсад корона вирус илрээгүй гэсэн сайхан мэдээг сонсож байлаа.

Гэвч 3-р сарын 2-ны өдөр Берлин, Москвагаар дамжин Монгол улсад нисэж ирсэн Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь “Арева” компанийн инженер Х.К. гэгчээс титэм вирусын шинж тэмдэг анхны шинжилгээгээр илэрсэн байна. ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл “14 хоног өөрийгөө тусгаарлаарай гэсэн зөвлөмжийг үл тоомсорлон олон хүнтэй уулзаж гадуур дотуур явсан байна” хэмээн бүр нэг гомдолтой гэгч нь хэлж байна лээ. Бүтэн 2 сар 60 хоногийн турш хичээсэн чармайлт ийнхүү талаар болж титэм вирусыг алдчихлаа гэдэг нь ойлгомжтой болж байх шиг. Тэгээд ч болоогүй нөгөө ажилсаг нөхөр нь Улаанбаатар хотод Баянгол зочид буудалд 5 хонохдоо гадуур КFС, Ариг рамен, Веранда зэрэг томоохон зоогийн газруудад хэд хэдэн нөхдийн хамт хоол идээд гарсан байгаа юм. Дорноговь руу явахдаа хүн их зорчдог суудлын галт тэргээр явсан нь зориуд тараах гэж яваа юу даа гэж хардмаар.

УОК, ЭМЯ-ныхан гаднаас ирсэн хүн тус бүрийг 14 хоног тусгаарлах байранд оруулж, ажиглалт, тандалт хийж байгаа, бараг л тэдгээр хүмүүсээс шинж тэмдэг илрэх нь үү гэж харсаар байгаад ядаргаанд орох гэж байна гэх нь холгүй л ажлаа рекламдаад байсан чинь хаана байна.

“Коронаг битгий оруулж ирээрэй” хэмээн 6 настай цэцэрлэгийн хүүхэд хүртэл гахайндаа хадгалсан мөнгийг хандивлахаар барьж очсон. Хандивын мөнгөн дүн нь тэрбум давчихаад байхад УОК-ынхон монгол түмнийхээ энэ их итгэлийг муухай алдлаа даа. Изриал шиг гадаадаас ирж байгаа бүх хүнийг 14 хоног үг дуугүй тусгаарлах байр сууцтай, эсвэл зардалтай эсэхийг нь асуугаад байхгүй гэвэл буцаагаад нисгэдэг арга хэмжээ авсан бол өдийд юу боллоо гэж бухимдсан олны хэл амны бай болох билээ. Бараг Ө.Энхтүвшин, ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл нар ажлаа сайн дураараа өгсөн нь илүү дээр байх аа. Тэгвэл бухимдсан олны сэтгэл бага зэрэг ч гэсэн амарч тайвшрах нь лав.

Сэтгэгдэл
Уншиж байна...