Монголчуудын өмнөөс 10 сая мал маань амиа золих зудын эрсдэл хөдөөгүүр үүсжээ

Коронагаар халдварласан Франц нөхөртэй нэг онгоцоор цуг ирсэн 100 гаруй монголчуудын шинжилгээний хариу сөрөг гарсан гэдэг сайхан мэдээлэл уурлаж бухимдсан хүмүүсийн сэтгэлд бага ч гэсэн гэгээ тусгаад байна. Одоо нөгөө хоол унд идсэн уусан, зоогийн газар, хонож өнжсөн зочид буудал, гар хөл атгалцсан албан газрынх нь нөхдийн шижилгээний хариу сөрөг гарчихвал бүр ч дотор уужрах байх. Харин титэм вирусын халдвартай зэрэгцэн хөдөө орон нутагт цас зудын их гамшиг нөмрөн бууж өч төчнөөн сая мал хашаанаасаа гараад хазах өвсгүй хунгарласан их цасан дотор өдөртөө багахан тэжээлээр л голоо зогоосоор хоног хугацааг өнгөрүүлж байгаа ажээ. Аймгуудын нөөц болон улсын нөөцөөс тусламж үзүүлж байгаа ч тэр нь хэдэн арван машинаар ачаад очсон ч гэлээ олон зуун мянган малын дунд тараахаар ёстой л нэг хот айлд хэдхэн хормой өвс болоод л шувтарч байгаа юм. Цаг яагаа ч үгүй байгаа болохоор цас зудын гамшиг буянт мал сүргийг маань харанхуйлан нөмрөөд байна. Одоогийн байдлаар Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс зэрэг арваад аймагт цас зудын гамшиг нэгэнт нүүрлээд байгаа аж. Түгшүүрт корона вирусын халдвар Монгол хүнээс илрэхгүй харин буянт мал сүрэг маань л эзнийхээ өмнөөс зудын гамшигт амиа алдаад дуусах юм шиг л хачин санагдаж байна. Эртнээс буян тээсэн халуун хошуут хайртай мал нь эзнийхээ өмнөөс амиа зольдог гэсэн аман яриа ч олны дунд байсан. Өнөө жил тийм л нөхцөл үүсээд байх шиг. Хэрвээ корона вирусын аюул гайгүйхэн шиг өнгөрөөд харин зудын гамшигт арваад сая малаа алдвал гурван сая монголчуудын өмнөөс 10 сая мал маань золигт гарлаа даа гэсэн сүсэг бишрэл ч гарч магадгүй боллоо.

Сэтгэгдэл
Уншиж байна...