Шившлэг

Үг хүчтэй. Хамгийн эхлээд “Үг” байсан гэж Библи судар эхэлдэг. Амны билгээс ашдын билэг гэж монголчууд яридаг. Бурхны шашин ч үгсийн дээдээр увьдаст тарни бүтээн шившдэг. Үгээр бөөгийн хүчтэй онгодууд амилдаг. Үгийн хүчин дор үйлс бүтэж бүрэлддэг амой. Яруу найрагч “Бадарчин” Ц. Батбаатар корона тахалын эсрэг тэмцэлд үгийн хувь нэмэр оруулахыг чармайж ийм нэгэн шившлэг бүтээжээ. Хуулж бичээд биендээ авч явбал тахал халдахгүй байх, халдсан ч хөнгөн эдгэх итгэлийн хүч эмийн хүчээс дутуугүй буй гэсэн бөлгөө.

Шившлэг

Тоосонцор бужигнасан хуй сансарын гүнээс
Тольдон нигүүлсэгч бурхан бүхний лагшин дүрийг
урин залая аа
Хумхийн тоос болгоны ширхэг бүхэн дээр
Хуйлж дэвссэн сэтгэлийн алтан олбогт минь
Хумхийн тоосны тоогоор гэгээрсэн бурхад
Хувилан завилж, залбиран залраад
Хурмастын эс тоос бүхний төлөө
Хураасан эрдмээ туяаруулан
Мөргөл бясалгалаа хөгжөөмүй зэ.
Өргөст нянгийн өчүүхэн ширхэгүүд
Өлмий уланд чинь бүү наалдаг.
Гайт тахалын зараа шиг өргөс
Гар хуруунд чинь бүү шигдтүгэй.
Агаараар цацарсан халдварын үртэсүүд
Амьсгалын замаас чинь холуур өнгөрөг.
Аюулт нянгийн үсэрсэн вируснууд
Алхамын зайнаас хийсэн арилтугай.
Хумхийн тоос болгоны дээр
Хумхийн тоос болгоны тоогоор
Хуран бясалгах бурхадын залбирал
Хувилгаан шидээрээ Монголыг маань ивээж
Хулгана жилийн барцад тотгор бүхнийг
Хуй салхи шиг үлээн тонилгох болтугай.
Хутагт дээд номын шид, нигүүлсэхүйн хүчийг
Хурмаст сансарын увьдаст үгээр
Урин шившин залбирлаа…
Ум дари дуд дарий дүүрий суухаа
2020 3.14.

Сэтгэгдэл
Уншиж байна...