ДҮҮДЭЭ ГУРВАН ТЭРБУМЫГ ЗҮГЭЭР ӨГЧИХДӨГ Б.НАРАНХҮҮ ГИШҮҮНД НЭРЭЭ МАНДУУЛАХ САЙХАН БОЛОМЖ ГАРЛАА ДАА

Бүхэл бүтэн Монгол улсын Эрүүл мэндийн яам маань амьсгалын хурц дутагдалд орсон өвчтөнүүдэд хэрэглэдэг уушиг орлох төхөөрөмжгүй байснаа сая л зарлалаа. Өмнө нь хатгаа хүндэрсэн, уушиг нь хэвийн ажиллах чадваргүй болсон иргэдээ зүгээр л нөгөө ертөнц рүү тавиад туучихдаг байсан болох нь ээ. Учир нь энэ аппарат нь нэлээдгүй үнэтэй нэг ширхэг нь л 350 сая төгрөгийн ханштай юм байна.
Саяхан ЭМЯ-ны зүгээс нэг ийм аппарат, 10 хүнд шаардагдах эмийн хэрэгсэл нэг хүний 37 саяаар тооцоод нийт 720 сая төгрөг шаардлагатай байгаа гэсэн хүсэлт гаргасныг харгалзан халдварын үеэр ард иргэдийн УОК-т хандив болгон өргөж цуглуулсан мөнгөнөөс 720 сая төгрөг гаргахаар болсон байна. Ганцхан ширхэг ийм аппарат авч байхаар ирэх 5-р сарын нэгнээс ард түмэндээ сонгуулийн хишиг болгон тараахаар зэхэж буй “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны 800 гаруй тэрбум төгрөгнөөсөө 40 ийм аппарат худалдаад авчих л даа гэж хэлмээр.
Тэгвэл манай зарим баян гишүүдэд энэ удаа нэр алдраа өндөрт өргөх сайхан боломж гарч ирсэнийг анзаарах хэрэгтэй. Жишээ нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү байна. ЖДҮ-гийн үеэр төрсөн дүүгийнхээ тэрбумын өрийг ховх дараад дээр нь нэмээд хоёр тэрбум төгрөг халааснаасаа гаргаад шидчихдэг аархуу гишүүн маань энэ удаа тэрбум гариухан төгрөг гаргахад л Монгол улсад уушиг орлуулах аппарат гурвыг цоо шинээр нь нэмж өгөөд нэр алдраа өндөрт өсгөж, сонгуулийн өмнө арвин оноо авч чадахаар байна. Маш том оноо авах нь бол эргэлзээгүй. УОК-ын дансанд ард иргэдийн хандивын буянаар нэлээд мөнгө цугларсан байсан нь эгзэгтэй үед ЭМЯ-ныханы аминд орж байх шиг. 720 саяаар аппарат авсан ч цаана нь 500 орчим сая төгрөг л үлдэж байгаа байх. Сүүлийн мэдээллээр л тэрбум 300 орчим сая төгрөгийн хандив цугларсан. Дээр нь өнөөдөр “Хурд“ хамтлаг гэхэд л онлайн тоглолтоосоо цуглуулсан 280 сая төгрөгийг өргөн хандив болгон барина лээ.
Гэхдээ манайд энэхүү гайт тахал дэлгэрч улмаар хүндэрвэл ганц аппартаа урдаа барих уу хойноо барих уу гэдэг бас асуудал. Тиймээс төрөөс төрсөн төрөөгүй баячууд маань одоо л энэ уушиг оруулах аппаратны 350 сая төгрөг дээр томоохон хандив өргөж нүнжиг буянаа харуулах цаг ирж дээ. Ялангуяа тэрбум тэрбумаар нь ах дүүдээ цацдаг Б.Наранхүүгийн хувьд бүр ч том “шаанс” гэсэн үг.

Сэтгэгдэл
Уншиж байна...