ГЭРТЭЭ ЗУРАГТГҮЙ Ц.НЯМДОРЖ САЙД ДЭЭР ХУВЬДАА ГАНЦ “ПРИУС” Ч ҮГҮЙ З.ЭНХБОЛД НЭМЭГДЛЭЭ

2012 онд Н.Энхбаярыг хүч түрэмгийлэн баривчлах үеэр ХЗДХ-ын сайд байсан Ц.Нямдорж маань “Би гэртээ зурагтгүй болохоор тэр талаар мэдээгүй” хэмээн нэн ядуу эмзэг бүлгийн хүн болохоо нийтэд зарласны дараа олны дунд сайдад зурагт авч өгөх хандивын аян ч зохиогдох дөхөж байсан удаатай. Түүнээс хойш найман жил өнгөрч. Энэ хооронд эрхбиш Нямка сайд маань ядаж ганц хар ч гэсэн зурагттай болсон байлгүй дээ.
Тэгвэл саяхан Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан, эдүгээ АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж буй З.Энхболд “Таван толгой”-н нүүрсний уурхайн хамгийн шим сортой буюу таван тэрбум доллараар зарагдах ёстой хэсгийг нэгхэн тэрбум доллараар зарах гэж байгаа У.Хүрэлсүхийн засгийн газар болон ҮАБЗ-ийн саналын эсрэг дуугараад эхэлсэн билээ. Ингэж дуугарсаны хариуд түүнийг “СТРАТО” хэмээх нүүрс баяжуулан угаах компанитай холбож З.Энхболдын нэр дээр бүртгэлтэй хэдэн зуун машин урагшаа нүүрс зөөдөг гэх мэт мэдээлэл ч хэвлэлээр тархсан.
Харин үүний няцаалт болгож З. Энхболд зөвлөх саяхан хэвлэлээр “Миний нэр дээр хэдэн зуун машин байх нь байтугай надад хувийн жижиг тэрэг ч байхгүй“ хэмээн шаахайгаа ханзартал гудамжаар явган таваргадагаа илэрхийлж хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг өдөөж хөгжөөлөө.
Одоо зарим нь З. Энхболдод ядаж ганц “Приус“ авч өгөх хандивын аян зарлая. Яаж ингэж ард түмнийхээ төлөө олон жил явган тэмцэх билээ хөөрхий” хэмээн өмгөөлөн өмөөрч, өрөвдөн уярсан сэтгэгдлүүд цахимаар дүүрлээ. Эртхэн ингэж үнэнээ хэлсэн бол З.Энхболд аль эрт хөл дүүжлэх унаатай болчих байж дээ. Гэхдээ нэгэнт л хандивын аян эхлүүлж байгаа болохоор тун удахгүй жинхэнэ жижиг машинтай болчихоод бидний хажуугаар сүнгэнэтэл давхиад өнгөрөх буй за.

Сэтгэгдэл
Уншиж байна...