ЭНЭТХЭГТ СУРАЛЦАЖ БАЙГАА МОНГОЛ ЛАМ НАРАА ЭРТХЭН ТАТАЖ АВМААР БАЙНА

Хүн амын тоогоороо Европын бүх хүн амыг нийлүүлсэнээс ч бараг гурав дахин илүү тэрбум 300 сая шахам хүн амтай Энэтхэг улс коронавирусын халдвараар өвчилсөн хүмүүсийнхээ тоог маш ихээр дараад байна уу эсвэл тоог нь гаргаж чадахгүй болтлоо хяналтаа алдан будилчихаад байна уу гэсэн хар сэжиг төрүүлж байна.

Тус улсад коронагийн анхны тохиолдол гараад бараг 20 хонож байгаа ч өнөөдөр ДЭМБ-д ердээ 2 хүн нас барж, 100 хүн халдвар авсан гэсэн тоог л өгчээ. Тэгвэл адилхан тоолохын аргагүй олон хүн амтай Хятадад яг ийм хугацаанд халдвар авсан тохиолдол 20 мянга давж 250 гаруй хүн нас бараад эхэлсэн билээ. Тэгээд ч хятад бол хатуу чанга, цэргийн хуарангийн дэглэмтэй. Терроризмын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдлаар ард иргэдээ хянадаг улс.

Харин Энэтхэг бол хиндү болон лалын шашин будда зэрэг бусад олон шашнууд хоорондоо холилдсон, хүн амных нь тэн хагас нь ядуус эзэлдэг, бараг 300 сая гуйлгачинтай хэмээн бичицгээдэг билээ. Ийм улсад цар тахал дэгдвэл ёстой л хяналтгүй шуурга шиг л өрнөж дэлхийн цоо шинэ маш аюултай голомт болон хувирах нь эргэлзээгүй.

Иймээс манай улс Энэтхэг улсад бурхны ном эрдэмд суралцаж байгаа 350 орчим залуусаа өнөөдрөөс эхлээд эртхэн шиг эх орон луугаа татан авчирч тусгаарласан нь дээр болов уу. Эсвэл Бурхан буддад нь даатгаад тэнд зөнгөөр нь орхих юм уу.

Харин Энэтхэгчүүд болохоор өөрсдөө Будда бурханд биш Кришна тэнгэртээ илүү итгэж найдан ариун шүтээн гэгдэх одос үхрийн шингэн баасаар дүүргэсэн ваннанд орж биеэ угаах, үхрийн шээс дангаар нь уух зэргээр коронагаасаа сэргийлээд эхэлсэн байна лээ. Хэрвээ үнэхээр үхрийн шээс нь туслаад Энэтхэгт халдвар газар авалгүй нам дарагдвал одос үхрийн шээс дэлхийн хамгийн өндөр үнэтэй, өргөн хэрэгцээтэй ундаа болон хувирах нь дамжиггүй.

Сэтгэгдэл
Уншиж байна...