ХӨСҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БУЙ САЙХАН СЭТГЭЛТ ФРАНЦ ИРГЭНД ИЛГЭЭХ ЗАХИДАЛ

/Егөө/

Бараг 200 мянган хүн халдвар аваад тал нь эдгэрээд буй тахлын халуун голомт болох Хятадын зүг сэжиглэнгүй харж байсан монголчуудын маань огт санаандгүй зүгээс гэнэт санамсаргүй иж бүрэн корона өвөртлөн ирж биднийг бужигнуулсан эрхэм Ууганаа овогт Анх-Отгон таны амар мэндийг Францын элчин сайд Филипп Мэрлинээр дамжуулан эрж мэндчилэе ээ.

Эрхэм та бол монголчуудын өөртөө хэт итгэсэн, хөх толбот хүмүүс ямар ч корона тусахгүй гэсэн бардам дээрэнгүй үзлийг хэдхэн өдрийн хэнэггүй зугаалгаараа л нухчин дарж ухаан сэхээ оруулж, юмыг бодитой дүгнэн харах билгийн мэлмийг маань нээж өгсөн их ачтан билээ. Үнэхээр та бол тэр их хол газраас монголчуудыг ийнхүү эрдэж байгаад айхтар өвчин оруулчих вий, хэт назгайраад анхаарлаа сулруулах вий гэсэн агуу сайхан сэтгэлийн үүднээс анхааруулах зорилгоор өвчин тээж ирснийг тань одоо л бид ухаарч баярласан талархсанаа илэрхийлэх үг олдохгүй уймарч сууцгаана.

Манай зарим албан газрууд таны энэ эрхэм сайхан хиргүй цагаан сэтгэлийг үнэлэн үзээд мөнгөн тусламж, шар тос тэргүүтнийг илгээснийг маань хүлээн авсан буй за. Цаашдаа ч монголчууд маань таны монголд корона тээн заларсан 3-р сарын 2-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох, таны хоносон Баянгол зочид буудлыг хааж, тэр чигээр нь музей болгох, таны хооллосон зоогийн газруудыг дурсгалт сүм болгох зэрэг олон чухал ажил хйихээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.

Хэрвээ та л анх ирж бидэнд түгшүүрийн харанга дэлдээгүй бол хэнэггүйтэж тайвширсан монголчууд Солонгос, Японоос татан авч байгаа иргэдээ ингэж айхтар тусгаарлалгүй, гэр гэртээ та нар 14 хоног гарахгүй шигдээрэй гэсэн зөвлөмж өгөөд л явуулж тахлын халдварыг нэгмөсөн задлах байсан нь лав. Иймээс та бол үнэлж баршгүй анхааруулга өгсөн их ачтан юм. Халуун тань буурч, хоол ундандаа сайжирч байгааг тань ЭМЯ-ны төлөөлөх хүний амнаас сонсоод олон зуун мянган монголчуудын нүднээс баярын нулимс бөмбөрсөн бөлгөө. Магад та эдгэрмэгцээ л эрүүл саруулаа үзүүлэхийн тулд эх нутаг, гэр орон луугаа яаран буцах буй за.Тэр цагт таныг Монголын нэрийг дэлхийд дуурсгасан 100 алдартаны эгнээнд орсоныг гэрчлэх бэлэг дурсгал, мөн Улаанбадрах суман дахь ураны хайгуулын уурхайн бүхий л чингэлэг, техник хэрэгсэл, багаж төхөөрөмж сэлтээр шагнан урамшуулж тэдгээрийг таны ачаа бараатай хамт баглан тусгай үүргийн онгоцоор хүргэж өгөх аян эхэлж байгаа сайхан мэдээг дуулгахад үнэхээр сэтгэл хөдөлж байна.

Ингээд л та санаанд ч оролгүй явж байгаад 21-р зууны Монголын 100 алдартай хүний тоонд ногоон гэрлээр яваад орчихлоо шүү дээ. Тахал намжсаны дараа Монголд буцаад ирэхэд чинь Улаанбадрах суманд ураны төрлийн нэг ч нүх сүв байхгүй болтол нь нөхөн сэргээлт хийж таны сэтгэлд үлдсэн хар толбыг бүрэн эдгээсэн байх болно гэдгээ бид амлаж байна.

Алс Францаас сайхан сэтгэл өвөртлөн Монголд ирж эмчлүүлсэн таныг гүнээ хүндэтгэж халзан цагаан хонь аваарай хэмээн ерөөсөн эгэл жирийн ард түмэн гэжээ.

Сэтгэгдэл
Уншиж байна...