МОНГОЛЧУУДЫН 13-Р ЗУУНЫ ҮЕИЙН НЭГДМЭЛ ХАТУУ ЧАНГА ЧАНАР ЦУСАНД МААНЬ ХАДГАЛАГДСААР БАЙГААГ ОДОО Л ДЭЛХИЙД ХАРУУЛАХ ЦАГ ИРЛЭЭ

ДЭМБ-аас Монгол улсыг ковид-19 цар тахалтай тэмцэхдээ маш нарийн зохион байгуулалтай, бусад улс орнуудыг тэргүүлж яваа үлгэр жишээ орон хэмээн магтсан нь хэтрүүлсэн байж болох талтай. Саяхан л ЭМЯ-ны сайд маань Франц эр итгэл алдсанд гоморхон хоолой нь зангирч байсан шүү дээ.

Гэхдээ хэдийгээр бид өмнө нь өөр хоорондоо хичнээн маргаж, цахимаар нэгнийгээ янз бүрээр доромжлон улс төрждөг ч яг ачир дээрээ хүнд бэрх цаг ирэхэд давтсан ган болд төмөр, зангидсан нударга мэт агшин зуур нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ харуулж чадлаа.

Ер нь олон зууны турш бидний цусанд үүрэглэн нойрсож байсан агуу их дээдсийн маань хариуцлагатай, хатуу андгай мэт ёс заншил бараг тэр хэвээрээ оршиж байгааг энэ удаа бүгд анзаарлаа. Агуу их ёс заншил, уламжлагдсан зан чанар маань он жилийн урт, түүхийн хугацаанд ч бараг нэг их өөрчлөгддөггүй юм байна. Энэ удаагийн Ковид-19 тахал нь дэлхийн 2-р дайнаас хойш ертөнц дахиныг тэр чигээр нь шооконд оруулж байгаа асар том хямрал үймрэл айдас бүхий хар үйл явдал гэж олон судлаачид дүгнэсэн.

Тэгвэл дэлхий нийтэд гүн цочроо өгсөн ийм хурц үйл явдлыг огтхон ч барьц алдалгүй, хурдан түргэн сэтгэж угтан авсанаараа монголчууд 13-р зууны үеийн нягт нэгдмэл, хатуу чанга чанараа цусандаа хадгалж яваагаа бүгд ойлгох шиг болов. Нөгөө цахимаар гадаад ертөнцийг л шүтэн биширч ялангуяа их Хятадын хөгжил цэцэглэлтийг бахдан хорхойсдог нөхдүүд төрөлх Монголынхоо байгальд ойрхон, эгэл жирийн амьдралыг тэгтлээ үзэн ядаад байх нь арай л багассан болов уу.

Хэдийгээр Өмнөд Солонгос, Германаас ирсэн иргэд маань ковид-19-ийн халдварыг тээж ирсэн ч одоо л нөгөө ган төмөр шиг сахилга бат, нэгнийгээ гэсэн сэтгэлээ үндэслүүлэн дэлхий нийтэд Их Монголын эзэнт гүрний үр садын сэтгэл зүй хэвээр байгааг харуулах цаг ирлээ.

Сэтгэгдэл
Уншиж байна...