КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ГАРГАЖ АВАХАД АНУ-ЫН ИРГЭД САЙН ДУРААРАА ОРОЛЦОЖ БАЙНА

Өндөр хөгжилтэй олон улс орнуудын эрүүл мэндийн байгууллагууд, лабораториуд, эм үйлдвэрлэлийн компаниуд вакцин гаргаж авах чиглэлээр ажиллаж байна. Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойших гурван сарын хугацаанд энэ үйл ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа билээ. Гэхдээ энэ ондоо багтаад коронавирусийн халдварын эсрэг үйлчилгээтэй вакцин гаргаж, олноор нь үйлдвэрлэж дэлхийн улс орнуудад хүргэх боломжгүй гэж үзэж байгаа юм байна.

АНУ-ын Сиэттл хотын “Kaiser Permanente” судалгааны хүрээлэнд уг вакциныг хүн дээр тарьж туршжээ. Энэ туршилтад хамрагдсан хамгийн эхний хүн бол жижиг технологийн компанийн менежер, 43 настай, хоёр хүүхдийн ээж америк эмэгтэй юм. Тэрээр ярилцлага өгөхдөө “Би вакцин гаргаж авах энэ туршилтын үйл ажиллагаанд сайн дураараа оролцож байна” гэжээ. Түүнтэй хамт 3 хүн мөн туршилтад орсон бөгөөд цаашид 45 сайн дурынханд вакциныг турших юм байна.

Тус судалгааны хүрээлэнд вакциныг вирус дээр үндэслэн гаргаж ирээгүй, өнгөрсөн хугацаанд вирус болон хүний биед үйлчлэх нөлөөллийг нь судлаад генийн код гаргаж иржээ. Энэ генийн кодыг агуулсан тариаг хүний биед тарьж, доод тал нь 28 хоногийн хугацаатай ажиглана. Сайн дураараа туршилтанд орж байгаа хүмүүст харилцан адилгүй өөр өөр хэмжээтэй тунгаар тариад, хэдэн сарын хугацаанд биед нь ямар өөрчлөлт гарч байгаа, дархлаа нь хэр сэргэж байгааг судалж үзэх юм байна.

СNN ТВ-ийн вэбсайт дээр бичсэнээр генийн кодыг хүний биед вакцин хэлбэрээр тарьснаар хүний биеийн дархлалын систем огцом идэвхжих ёстой. Ингээд коронавирус болон бусад вирусийн халдварын эсрэг хүний бие өөрөө идэвхтэй ажиллах ийм боломжийг бүрдүүлэх ёстой юм байна. Хэрэв энэ туршилт амжилттай болох юм бол Америкийн эмийн байгууллагууд албан ёсоор баталгаажуулж, эм үйлдвэрлэгч компаниуд зах зээлд олноор нь үйлдвэрлэж гаргана гэжээ.

Харин СNN ТВ-ийн вэбсайт дээр бичсэнээр вакцин гаргаад, хүмүүс дээр туршаад, батлагдаад, үйлдвэрлээд, олноор нь дэлхийн зах зээл дээр хүргэх хүртэл дээд тал нь 18 сарын хугацаа шаардлагатай гэж үзэж байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...