НЭГ ЮМ

/Өгүүллэг/

Зурхайч маань хөөрхөн жижиг хивсэнцэр дээр дөрвөн шагай хаяж, хоёр тэмээ, нэг ямаа, нэг морь буумагц толгой сэгсэрсэнээ л зүүн гарынхаа бугуйг налуулан эртний есөн зоос гулсуулж нэг шувтраад, хүзүүн дэх сувдан эрихээ шажигнуулан хувааж тасалсанаа хэлхээг нь өндгөөрөө имрэн тоолж үлээгээд мөн юу ч хэлэлгүй өврөө ухаад эхлэв. Өврөөсөө цагаан даавуунд нандигнасан 41 чулуу гарган гурав тасдан хувааж ирийтэл тоолон жирийтэл жагсааснаа буцаан хумиж өвөртлөөд баруун ханцуйнаасаа тэг дөрвөлжин цагаан шоо сурмаг гэгч нь чулуудан дөрвийн тоо нь дээшээ хармагц хаанаасаа ч юм яах ийхийн зуургүй багц хөзөр гарган ирж мөрийтэй тоглоомчноос дутуугүй нүд ирмэхийн зуур шигшин хольсноо ширээний тавцан дагуулж арван хоёрыг доош нь харуулан өрөөд, гурвыг нь сөхөн эргүүлсэнээ аанай л толгой сэгсэрсэн хэвээр хажуугийн шургуулгаа татан хадганд боосон хонины мөлцийтэл мөлжсөн далны яс гарган ирж, галтай зуухны амыг сөхөн хийснээ тачигнатал шатахтай нь зэрэг хайчаар хавчин гаргаж, хөө тортогийг нь ханцуйгаараа ганц шудраад ан цав цууралтыг нь гярхай ажигласнаа сая л миний өөдөөс ширтэв.
Энэ олон янзын төлөгний эцэст орхимж нөмөрсөн ламтан маань бүдүүн гавана янжуур завьжиндаа зуун асааж цыган авгай шиг тамхины мэргэ үйлдсэн бол би огт гайхахааргүй болсон байлаа. Үзүүлж харуулж байгаа хүн ямар байдаг билээ. Яг тэр янзаар алга хавсран өөдөөс нь ноомойхон ширтвэл ихэд хянамгай нүдээр гар хурууг минь ажигласнаа “алив” хэмээн баруун мутраараа зүүн гарыг минь дээш харуулан хумбайлгаж, алганы маань хээ зураасыг нэвт шувт ширтсэнээ л цааш нь түлхээд суудлаа цэгцлэн хоолой заслаа.
“Чи нэг л юмнаас их айсан хүн юм аа даа” гэж асуухад нь бэлэн хариулт олдсонгүй. Хорвоод төрсөнөөсөө хойш айж балмагдаж үзээгүй ямар хүн байх билээ. Саяын нэгэн зэрэг давхцуулсан тэр олон мэргэ төлгө нь бүгд л намайг нэг юмнаас их л айсан байна гэж буусан бололтой.
Толгой дохилоо. Зурхайч “За тээр. Яг тэгж буугаад байсан юм. Сүнс сүлд чинь айснаасаа болоод зайлаад явчихаж. Хийморь чинь шороонд унаад ажил үйлс чинь бүтэхээ больчихож. Өөр яахав одоо дуудна даа” гэсээр юунаас ч юм нэг юмнаас айсан, миний биенээс хаашаа ч юм дайжиж одсон сүнс сүлдийг маань дуудах ажилдаа зэхэж эхлэвэй.
Хэрвээ “Чи мориноос унасан хүн юм аа даа“ гэж асуусан бол насаараа хотоос гарч үзээгүй намайг ёстой даапаалж тохуурхсан асуулт болох байлаа. Харин энэ зурхайч “чи нэг юмнаас л их айсан байна“ гэхээр нь үнэндээ үгүйсгэх хариулт олдсонгүй. Сүнсээ дуудуулсаны ханш 20 мянган төгрөгөөр гарыг нь цайлгаад гарсаныхаа дараа “Иймхэн үг хэлэхийн төлөө яасан олон мэрэг төлөг хослуулав аа“ гэхээс л өөрийн эрхгүй түсхийтэл инээд алдмаар санагдаж билээ.
Я. Мөнхжаргал

Сэтгэгдэл
Уншиж байна...