ЯПОНД БОЛОХ 2020 ОНЫ ОЛИМПИЙН НААДАМД ХЯТАДУУДЫН ХАРААЛ ХҮРСЭН ҮҮ

2020 оны Токиогийн олимп болох эсэх нь тун эргэлзээтэй болж эхэллээ. Эрс шийдэмгий ерөнхий сайд Шинзо Абэ “Олимпийг хойшлуулахгүй. Өөр улсад зохиох эрхийг нь ч өгөхгүй. Бид өвчний тархалтыг нэн даруй хумин дарж аваад олимпийн тоглолт болдогоороо болно” хэмээн гүрийсээр байгаа ч Хятадаас дэгдсэн цар тахал Азийг дахин хоёр дахь удаагаа нөмрөн авч мэдэх аюул ч давхар нүүрлээд байгааг ДЭМБ-аас сэрэмжлүүлсэн билээ.

Европт тахалын халдвар эрс хурдацтай ил тод тархаж байгаа бол Азийн хамгийн олон хүн амтай Энэтхэг, Пакистан, Бангладеш, Индонез зэрэг орнууд халдварын мэдээллээ нуун дарсан байж мэдэхээр хамаагүй бага тоо өгөөд байгаагаас харахад ч дахин давалгаа үүсэж мэдэхээр байгаа аж.
Япон улс нь 1940 оны өвөл зуны олимпийг Токио, болон Саппоро хотууддаа зохиохоор эрхийг нь аваад байсан ч Хятадад явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг нь эсэргүүцсэнээс болоод уг олимп зохиогдож чадаагүй тасалдсан гэдэг.

Тэгвэл энэ удаагийн олимпийг ч бас тасалдаж магадгүй, “2020 оны олимп бол хараагдсан олимп” хэмээн Японы улс төрийн зүтгэлтэн, ерөнхий сайд асан Таро Аса саяхан мэдэгдсэн байна. Магадгүй 1940 онд Японы эзлэн түрэмгийлэлийн доор талхигдаж байсан хятадууд тэр жилийн олимпийг бүү болтугай хойшид ч саадтай болог хэмээн хараасан ч юм бил үү гэж бодмоор.

Хэрвээ Зүүн Азид цар тахалын хоёр дахь давалгаа дэгдэн гарвал 2020 оны олимпийг өөр улсад шилжүүлэх эсвэл 2021 он хүртэл хойшлуулахаас ондоо гарц олдохгүй гэсэн үг. Уг нь Япон улс 2020 оны олимпоор өөрийн улсын нэр хүндийг асар өндөрт өргөхөөр товлосон байсан ч ийнхүү наян жилийн өмнө хятадуудын хийсэн хараал нь мөн л хятадаас дэгдсэн ханиадаар амилан биелж хойшлоод зогсохгүй өөр улс орон луу шилжүүлэн өгөх шалтаг ч болж мэдэх л юм.

Сэтгэгдэл
Уншиж байна...