ТӨСВӨӨ ТАНАЖ, ХЯМРАЛЫГ СӨРӨХГҮЙ БОЛ Э/З-ИЙН ЦУНАМИД НЭГ Л ДЭЛСҮҮЛБЭЛ ХЯТАДЫН МУЖ БОЛОХООС ӨӨР ГАРЦ ҮЛДЭХГҮЙ

Ганц Монгол улсын ч биш дэлхийн олон орны эдийн засаг сарын дараахнаас л бүхнийг нөмрөн ирэх эдийн засгийн уналт, хямралын хүчирхэг давалгаанд яавал хэмх няц үсэрчихгүй тэсэж үлдэх вэ гэдгээ эртнээс хэлэлцэн төлөвлөж байна. Нөөц ихтэй, баян орнууд ч яахав ард иргэдийнхээ сэтгэл санааг өргөхийн тулд янз бүрийн хөнгөлөлт чөлөөлөлт, өр зээл тэглэх арга хэмжээ авч байх шиг.

Манайх бол хэрэглээний зээлийг гуравхан сараар хойшлуулсан нь л их юм. Харин 2020 оны төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэж, илүү дутуу зарлагыг танаж хасах хэрэгтэй гэдгийг маш олон эдийн засагчид хэлж шаардсаар байгаа. Гэвч МАН-ын эрх баригчид төсвийг тодотгохгүй ээ гэдгээ дахин дахин бардамаар хэлээд байгаа юм.

Уг нь тэр төсөв дотор бараг шал дэмий гээд хасаад хаячихмаар сонгуулийн зориулалт бүхий нэг суманд соёлын төв барих, дотуур байр барих, жижиг засмал тавих зэрэг хачин амлалтууд өчнөөн байгаа. Иргэдийн саналыг татах зорилгоор хавчуулсан тэдгээр ажлуудаа хасаад танаад хаячихвал Монгол улсын төсөв санхүүгийн хүндрэл эрс хөнгөрөөд л явчих нь эргэлзээгүй.

Тахал, хямралын ийм үед эдийн засаг, эрүүл мэндээ сүйрүүлчихгүйхэн шиг бүтэн аваад үлдэх нь дээр үү эсвэл нэг суманд соёлын төв барьж өгч хүмүүсээс санал авах нь дээр үү гэдгийг бодох л ёстой цаг. 2020 оны төсвийг сайтар нэгжин шүүрдвэл бүр ч инээд хүрмээр, харваас илэрхий сонгуульд зорулагдсан дэмий мөнгө цацах хачин арга хэмжээнүүд ч зөндөө байгаа. Тэр бүхнийг танаж хямгадан төсвөө зөв, эрүүл болгохын тулд яаралтай тодотгол хийх ёстой юм биш үү.

Энэ талаар ҮАБЗ-ийг тэргүүлдэг Монгол улсын ерөнхийлөгч маань эрхбиш нэг дуугарч ойрын үед төсвийг тодотгох асуудлаа хэлэлцэхгүй бол эдийн засаг маань ирэх саруудад нөмрөн авах уналт хямралын их цунамид сэлүүр далбаагүй модон хөлөг шиг л ганц цохилтоор навсайтал хэмхрэн унаж агуу хүчирхэг БНХАУ-ын нэг муж болоё оо, авраач туслаач гэж гуйхаас өөр гарц үлдэхгүй ч байж мэднэ.

Сэтгэгдэл
Уншиж байна...