ТАХАЛЫН ХӨЛ ХОРИО

Гэрээсээ битгий гар л даа…
Гэргий нарын зохиосон залбирал
Мянга мянган жилийн аминчхан гуйлт
Гэнэхэн жаргалаа торонд тэжээх мөрөөсөл нь
Гэнэтхэн л 2020 онд амь орон биелэлээ.
Гадагшаа битгий гар л даа…
Гараас минь чангааж хоргоосон
Янз бүрийн ялдам хүүхнүүдийн
Ятгаж гуйсныг нь сонсоогүй мэт
Явсанаа харин би санаж байна.
Гуйж байна… Битгий гараач…
Гунигт хонгоруудын нөхрөөсөө зуурсан дуу
Гудамжны чанга яригчаар дөжиртөл цуурайтсаар
Гуундаа хоригдсон бурхны тэвчээрийг
Хүн бүхэнд л тулгаж байна…
Нөхөртөө гологдсон эхнэрүүдийн
Түмэн оны шившлэгэ
Нүдэнд харагдахгүй вирусээр
Тэжээгдэж үржсэн юм уу…
Битгий гадагшаа гар л даа … гуйж байна…
Бэлхүүсээрээ таргалсан авгай хүүхнүүдийн ийм ятгалгыг
Бидний эрчүүд тэгээд хүлээцтэй дагах ёстой гэж үү.
…Гэрээсээ битгий гар л даа.
Орцноосоо битгий цухуй л даа.
Траншейнаасаа ч битгий гар…
Та нарыг ингээд битүүмжиллээ
Тахал цөмийг чинь ангуучилж байна…
…Яаж амьдрах юм бэ …тэгээд
Яруу найрагчидаа та нарын нөгөө үгийн хүч…
Ялан тэмүүлэх далдын увьдас чинь хаачсан юм…
Ганц ч хүнгүй хоосорсон Ватиканы сүмийн өмнүүр
Гараа алдалсан сахиус зүрхээ даран нисэхдээ
Хилэнц нүгэлээ хэтэрсэнийг мэдэх үү гэж
Яс нэвтлэм хоолойгоор янгинатал дуулах нь сонсогдсон ч
Хэрэггүй ээ битгий гар… гуйж байна гэсэн хүсэлт
Хэдэн тэрбум хүний чихэнд хангинасаар л байна даа.

“БАДАРЧИН” Ц. БАТБАААТАР. 2020.3.21.

Сэтгэгдэл
Уншиж байна...