Ш.ГАНТУЛГА: ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМИЙГ ЧАНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Коронавирус дэлгэрч,  хорио цээр тогтоосон 2020 оны 1-р сарын 23-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд монголчуудын амьдрал, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар Олон улсын тоймч Ш.Гантулга ийн ярьж байна.

– Дэлхийн улс орнуудад хөл хориог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байна. Гэтэл Монгол улсад дотроосоо гадагшаа чиглэсэн ‘хачин’ хөл хориог тогтоогоод байна. Юу вэ гэвэл, монголчууд дотроо маск зүүж, өөр хоорондоо харилцахгүй байж сурсны дараагаар гадаад хилээ хаасан. Харин гадны улс орнуудад эхлээд гаднах хилээ хааж байгаад дараа нь хотууд болон иргэдийн хооронд хөл хориог тогтоож байна. Тэгэхээр гадна талын хөл хориог хийгээгүй цагт дотор талдаа иргэд хэчнээн амны хаалт зүүж, хэчнээн сэрэмжлээд үнэндээ ямар ч хэрэггүй гэдэг нь энэ хугацаанд харагдлаа.

Монголын ‘хөл хорих’ үйл ажиллагаа өнөөдөр дуусаж байх ёстой байтал коронавирус өвчин өнөөдрийн гол асуудал хэвээр л байна.  Яагаад гэвэл, Монгол улсын нийгэм, эдийн засаг болон хувь хүмүүсийн амьдралын хэв маяг алдагдаад, бүхий л үйл ажиллагаа нь энэхүү өвчнийг хурдан өнгөрүүлэхэд зориулагдаж байна. Хятад улсын хувьд энэ өвчин аль хэдийнэ үеэ өнгөрөөгөөд, хөл хорио нь тавигдаад байна.

Эрүүл саруул ухаантай ямар ч хүн аюулт өвчнөөс зайлсхийнэ. Эрүүл саруул ухаантай ямар ч Засгийн газар ард түмнээ өвчнөөс хамгаалахыг хичээнэ. Гэтэл одоо бид энэ өвчинтэйгээ зууралдсаар л… Нэг л юмыг сайн ойлгох хэрэгтэй. Коронавирус бол маш аюултай өвчин. Энэ өвчнийг яасан ч Монгол улсад оруулж ирж болохгүй гэдэг дээр ард түмэн ба ЗГ-ын тархи толгой нэг зүйлд ажиллах ёстой. Ийм дүгнэлтэд ард түмэн болон ЗГ хүрээгүй цагт ‘хөл хорих’ дэглэм ч юмуу, ЗГ-аас янз бүрийн авч хэрэгжүүлж байгаа үйл хэрэг, хүмүүсийн бүсээ чангалж байгаа болон хүмүүст өдөр тутамд тулгарч байгаа асуудлууд эцэс төгсгөлгүй үргэлжилсээр л байх болно.

Хөл хорио, цээр гэдэг бол ганц ч хүн нааш цаашаа, хаашаа ч явахгүй байхыг хэлнэ. Хэрвээ нэг хүн, тэр байтугай Ерөнхийлөгч ч гэсэн хамаагүй энэхүү хөл хориог зөрчөөд гадаад улс оронд яваад өгсөн байх юм бол тэр нь ‘хөл хорио’ биш болно. Мөн Монгол улсад гаднын өвчтэй иргэнийг оруулаад ирсэн нь хөл хорионы дэглэм үйлчлэхгүй байгаатай холбоотой. Жишээ нь, францын иргэнийг ороод ирсний дараа Монголд хэрэгжүүлсэн хөл хорио, авч хэрэгжүүлсэн бүх л арга хэмжээ, түүнд зарцуулсан бүхий л хөрөнгө мөнгө 0-тэй тэнцэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар ч үр дүнгүй салхинд хийссэнтэй адил.

Манай улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гадаад улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд өдөр шөнө шиг ялгаатай байна. Хөл хорио тогтоочихсон байгаа дэлхийн зарим орнууд ард түмэндээ эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна. Канад улс 82 тэрбум канад долларын тусгай төсөв баталж, хөл хорионд байгаа иргэн бүртээ 2 долоо хоногийн турш бэлэн мөнгө өгч эхэлсэн. Франц улсын ЗГ-ын зүгээс иргэдийн халуун ус, байр орон сууцны түрээсийн төлбөр гэх мэт яг хэрэгтэй байгаа зүйлүүд дээр түрээсийг нь 0-лэсэн. Сингапур улсад өнгөрсөн жилийн өдийд тухайн аж ахуйн нэгж ямар орлоготой байсан түүнтэй нь харьцуулаад энэ жилд нь тэр хэмжээний мөнгийг тараах жишээтэй. Энэ мэтчилэн эдийн засгийн ийм арга хэмжээнүүдийг авч болоод байхад манай улсад зөвхөн зээл төлөх хэмжээний хугацааг нь хойшлуулж байна.

Монголын ЗГ энэхүү өвчнийг жинхэнэ аюултай бөгөөд ард түмэн, эдийн засагт хор хөнөөл учруулж байгааг ойлгохгүй байгаад хэргийн учир байгаа юм. ‘Хөл хорио’ гэдэг бол тодорхой бүсээс хүмүүсийг гарч явахыг хориглосон зүйл. Ард иргэд гэр бүлээ тэжээхийн тулд, гэдсээ тэжээхийн тулд ажил хийх аргагүй болж байна. Хөл хориотой дэглэмийн үед ямар ч худалдаа хийх боломжгүй. Хэрвээ худалдаа байхгүй бол зах зээлийн эдийн засаг байтугай социалист эдийн засаг ч тэсэхгүй гэсэн үг л дээ. Энэ учраас ийм арга хэмжээнүүдийг гадаад улс орнууд авч хэрэгжүүлээд байгаа юм. Гадаад улсын ЗГ-т мөнгө нь илүүдчихсэндээ хүмүүст бэлэн мөнгө тараагаад байгаа хэрэг биш л дээ. Яагаад гэвэл, ажил хийж чадахгүй хүн бол ямар ч албан татварыг төлж чадахгүй, тэр байтугай өдрийнхөө хоолны мөнгийг ч олж чадахгүй учраас тэр хүнд түр хугацаанд амиа авч явахад нь зориулж бэлэн мөнгийг өгч байгаа гэсэн үг. Манайд үүнийг сайн ойлгохгүй байгаа учраас энэ өвчнөөс салахын тулд оновчтой арга хэмжээг ерөөсөө авч хэрэгжүүлж чадахгүй байна.

Дахин хэлэхэд, одоогоос яг хоёр сарын өмнө Монгол улстай яг хил нийлдэг Хятад улсын Ухань хотод хөл хориог зарласан. Жинхэнэ ёсоор бүх газруудад зам тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоосон. Ухань хот бол Хятад улсын зам тээврийн сүлжээний гол төв. Өөрөөр хэлбэл, ОХУ-д Москва хот ямар үүрэгтэй билээ, Ухань хот бол Хятад улсын хувьд гол үүрэгтэй хот. Ийм ч учраас Хятад улсад 1-р сарын 23-нд хөл хорио эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд Монгол улсад хөл хорио яг энэ өдөр эхэлсэн. Гэтэл энэ хоёр сарын хугацаанд Хятадын ЗГ энэхүү аюулт өвчний тархалтыг нь зогсоогоод, улс орон даяараа өвчнийг аюулгүй болгосон. Хятад улсад орж ирж байгаа хүмүүс л өвчилж байгаа болохоос биш дотооддоо өвчин тарааж байгаа ганц ч тохиолдол байхгүй байна.

Монголчууд өдөр бүр амны хаалтаа зүүсэн ч бизнес эрхлэх боломж нь хумигдаж байна. Гэтэл энэ бүхэн зогсолтгүй үргэлжлээд байх юм бол ямар ч улсын эдийн засаг тэсэхгүй. Тэр байтугай АНУ-ын хувьд ч байдал хэцүү байгаа. Америкийн Конгресст 2 триллион долларыг зөвхөн эдийн засгаа сэргээхэд зарцуулах гэж байна. Ийм учраас Монгол улсын цорын ганц зөв зам бол чухам л ‘хөл хорио’ гэдгийг ЗГ-ын хамгийн том түшмэлээс авахуулаад гудамжны цэвэрлэгч хүртэл ойлгох ёстой юм. Үүний тулд монголчууд бид гадны орнуудаас хүмүүсийг оруулж ирэх тухай ‘тэнэг’ санаанаасаа бүрмөсөн татгалзах хэрэгтэй.

‘Ийгл’ ТВ-ээр монголын ард түмний хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй нэг хэсэг “Солонгост байгаа хүмүүсээ оруулж ирнэ” гээд байна, хүнлэг энэрэнгүй сэтгэлгүй нь “хүмүүсийг оруулж ирэх нь аюултай” гэж үзэж байна гэх мэтээр сурталчилж байсан. Ингэж дүгнэж болохгүй. Яагаад гэвэл эмчилж болохгүй аюултай өвчин гэж байдаг. Хүн төрөлхтөн түүхийнхээ туршид ийм аймшигтай өвчинтэй үргэлж тулгарч байсан. Дундад зууны Европын хүн амын 3/4-ыг нь тарваган тахал аваад явчихсан. Тэр үед хүн төрөлхтөн яаж үлдэж хоцорсон юм бэ гэвэл “хөл хорио” гэдэг цорын ганц аргыг хэрэглэсэн. Хүнлэг сэтгэл бол хөл хорионд ямар ч хамаагүй, энэ бол эмнэлгийн л асуудал, арга хэмжээ.

Монгол улс цар тахлын голомтын яг хил залгадаг улс. Итали зэрэг барууны улс орнууд асар хол зайд оршиж байгаа. Иймээс Итали улсад өвчин нэлээд хожуу тархсан. Манай улсын хувьд эртхэн арга хэмжээ авч, энэхүү өвчнөөс салангид байх боломж байсан. Гэтэл энэ хоёр сарын хугацааг хэтэрхий хариуцлагагүй өнгөрөөлөө гэж үзэхээс өөр аргагүй юм. Жишээ нь, ЭМЯ-ны сайд цар тахал гарсан эхний өдрүүдэд хүн ардыг юу гэж тайвшруулж байсан бэ гэвэл ‘Япон улсаас энэ өвчнийг оношилж чадах 200 ширхэг ид шидтэй багаж оруулаад ирчихсэн, айж сандрах зүйл байхгүй’ гэсэн. Тун удалгүй Японы Йокогама хотын боомтонд ‘Гранд Принцесс’ гэдэг аялал жуулчлалын хөлөг онгоц ирэхэд японы ид шидтэй багаж байтугай, эрүүл мэндийнх нь салбарын эмч нар нь ч хөлөг дээр байсан 700 гаруй хүний коронавирустэй өвчтөнүүд эрүүл хүмүүстээ хэрхэн халдааж байгааг тодорхойлж чадахгүй байсан юм. Энэ нь Монгол улсын ЭМ-ийн сайд юу ярьж байгаагаа огтхон ч мэдэхгүй, эрүүл мэндийн салбарын талаар, өвчний талаар өчүүхэн ч мэдлэггүйгээ харуулж, бүхэл бүтэн салбарыг төлөөлөн хариуцлагагүй мэдэгдэл хийж, хүн ардыг төдийгүй ЗГ-ыг дэмий тайвшруулж байлаа.

Монгол Улсад нэг азтай зүйл тохиолдсон. Коронавирус 2019 оны 12-р сарын дундуур гарсан гэж үздэг. Хятадын нэг эмч өөрийнхөө твиттер хуудсандаа коронавирус илэрснийг 2019 оны 12-р сарын 30-нд хамгийн анх мэдээлсэн. Хятадын эрх баригчид 12-р сарын 31-нд энэ тухай мэдсэн. Монгол улсын хувьд өвлийн хүйтэн болж байх үед энэ өвчин Хятад улсад гарсан болохоор монголчуудыг Мөнх хөх тэнгэр нь ивээсэн гэж би хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, сарьсан багваахайнаас гаралтай энэ өвчин Монголд хасах градустай байх үед орж ирж чадахгүй байсан юм. Тэгэхээр энэ бол ЭМЯ-ны гавьяа гэхээсээ илүү монголчуудыг Хөх мөнх тэнгэр нь харж үзсэн гэж хэлж болох юм.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...