ГАРААД ЗУГТААХ ГАДААД НЬ ХИЛЭЭ ХААЧИХСАН ТУЛ МОНГОЛЫН ТОМЧУУД САНДРАЛДАН ЭМНЭЛГИЙН ДАРГА НАРЫН УТСЫГ НЬ УЛАЙСТАЛ ЗАЛГАДАГ БОЛЖЭЭ

Монголын томчууд томчууд гэж бид хөөргөдөг хэдий ч тэд үнэндээ нийслэл хотын 40 мянгат тойрсон хэдхэн орон сууцны иргэд болон төрд гайгүйхэн шиг алба хашиж байсан сэхээтэн болон хурган дарга нарын үр хойчис гэдгийг бүгд мэднэ. 1990 оноос хойш танил нэгнээ болон ах дүүсээ өөд нь татаж эзгүйрсэн төрийн өмчөөс хөнгөн үнэгүй завших замаар л томорсон тэдгээр нөхдүүд хадгаламжиндаа тэрбумаас дээш төгрөгтэй болмогцоо л Монгол улсын эмнэлэг гэдгийг бүрмөсөн мартаж байнга л гадагшаа нисэж очин эмчлүүлдэг болсон аж.
Тэдний байнгын очиж эмчлүүлдэг улсуудын тоонд Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Тайвань мөн Европоос Герман, Франц, Италийн өндөр хөгжсөн эмнэлгүүд багтдаг бөгөөд жаахан л эвгүйцвэл тэднийг зорин очиж шүдээ авахуулж, халуунаа үзүүлж, ханиадны эм, аптекаас нь худалдан авч, гэдэс нь гүйлгэхэд хүртэл Шведийн Стокольмийн эмийн сангаас л очиж эм авахгүй бол намжихгүй юм шиг бодогдоод санаа нь амрахаа больцгоосон улс гэдэг.
Гэвч эх орноо голж хаясан хүмүүсийг “Ковид-19” цар тахал ёстой нөгөө номонд нь оруулна гэдэг шиг л төрөлх эх орноос нь ондоо гадаадын ямар ч улс орнууд тэдэнд нүүр өгөх нь бүү хэл бөгс ч хавчуулах зав чөлөөгүй болцгоосон билээ. Ийнхүү хүссэн ч хүсээгүй ч бие хаа нь өвдвөл Монголынхоо муу сайн эмнэлэгт хэвтэж л эмчлүүлэхээс ондоо аргагүй болсонд ихэд балмагдаж тэвдсэн монголын толгой баячууд маань сүүлийн үед томоохон эмнэлгийн дарга захирлууд руу ээлж чөлөөгүй залгаж хэд хэдэн өрөөтэй томоохон тохилог үйлчилгээ сайтай өрөө байна уу хэмээн асууж сураглаж, мөнгө төгрөг амлан хэрэндээ л балмагдаж байгаа сурагтай.
Гэвч эмнэлгийн салбарууд онц байдлын үед ажиллаж байгаа болохоор тэднийг гэр бүлээр нь үр хүүхэдтэй нь хамт гадаадын өндөр үнэтэй сувилалд байгаа юм шиг жаргаах эмнэлэг хаанаас олдох билээ. Хувийн эмнэлгүүдэд л тийм боломж байж болох ч гарын арван хуруунд багтах гайгүй гэсэн хувийн эмнэлгийн хэдхээн өрөөг нь бүүр ч ланжгар долларын тэрбумтанууд нь аль хэдийнээ давхар давхараар нь худалдаад авчихсан ажээ. Ийнхүү өвдөж хавдвал жирийн ард иргэдтэйгээ л хамт ядуухан эмнэлгийн хонгилд дугаарлан шахалдаж эмчлүүлнэ гэхээс л зүрх нь үхсэн шинэ монголын цээж баячууд эмнэлгийн дарга удирдлагуудын утсыг нь улайсаж халтал нь залгаж яридаг болсон гэнэ. Хөөрхийс минь цагийн самууныг далимдуулж л задарсанаас биш жирийн л нэг ядарсан хүмүүсийн хоосон толгойтой үр сад гэдгээ одоо л яс махаараа мэдрэх цаг нь тэдэнд ирж дээ.

Сэтгэгдэл
Уншиж байна...