АНУ БАРЬЦ АЛДАЖ “ШООКОНД” ОРЛОО

Ямар ч юманд барьц алдахгүй, ямар ч аюул бэрхшээлийг сөрөн даван туулж чадах дэлхийн хамгийн агуу их гүрэн гэсэн үлгэр домог АНУ-ын одот далбааг чимсээр олон жилийг авсан билээ. Гэтэл АНУ маань дотороо ямар ч зохион байгуулалт байхгүй, сахилга батгүй, ард иргэд нь дуртай зэвсгээ хэдэн арваар нь худалдаж авахаас ондоо эрх чөлөөгүй орон юм уу даа гэсэн ойлголт олон хүнд төрмөөр үйл явдал тэнд л өрнөж байна.

Халдварын тохиолдол анх 10 мянга давсанаас хойш хэдхэн хоногийн дотор л 120 мянга хүртлээ өсөж нас баралт 10 мянгад дөхөөд ирсэн нь Дональд Трампыг хатуу хөл хориог 4-р сарын 30 хүртэл сунгах тогтоолд гарын үсэг зурахаас өөр аргагүйд хүргэлээ. Уг нь мань эр 4-р сарын 15 гэхэд коронавирусын халдварыг бараг тогтоон барьж хөл хориог орон даяар цуцлана хэмээн ам алдсан билээ.
Гэвч хэлсэндээ хүрэх аргагүй юм байна гэдгийг тэрбээр сая л нэг юм ойлгох шиг боллоо. АНУ-д цар тахалын хүрээ хэр зэрэг өргөсөн тэлж, олон хүний амь нас эрсдэх тусам л Д.Трампын ахин ерөнхийлөгчөөр сонгогдож залуу эхнэрээ тэргүүн хатагтай байлгах хүсэл мөрөөдөл нь талаар өнгөрнөө гэсэн үг. Гэвч угийн бардам их зантай Трампын коронавирусын эсрэг гаргасан шийдвэр болгон дутуудаж тэрбээр учраа олохоо больчихоод байгааг сүүлийн үед хэлж ярьж гаргаж буй шийдвэрээс нь олж харахаар болжээ.

Эрдэмтэд нь хүртэл зөвхөн АНУ-д гэхэд энэ халдвар 260 сая хүнд халдаж 200 мянгаас 1,6 сая хүн амь алдах эрсдэлтэй гэж хэлсэн нь бүр ч сүнсийг нь зайлуулчихсан бололтой. Нэгэнт адилхан л коронагийн зовлонг туулж яваа Д.Трамп одоо мөн л цар тахлын хяналтыг алдаад буй Иран улсад тавьсан хатуу хориг арга хэмжээгээ түр зуур цуцалчихмаар юм даа. Гэвч тэрээр эхнэртээ гаргасан уураа танихгүй хүнд гаргана гэдэг шиг л цар тахлаас бухимдсан сэтгэлээ тайтгаруулж буй аятай өнгөрсөн долоо хоногт Ираны хоригийг улам бүр чангатгаад хаячихсан билээ.
Хамгийн гол нь гүн шооконд орж балмагдсан америкчууд зэр зэвсэг ихээр худалдаж авсанаас гадна Ази төрхтэй хүмүүсийг жинхэнэ бөөн гай авчирсан новш, бөөн тахал хэмээн ад үзэж ,тэднийг зодож нүдэх нь энүүхэнд харин ч далим гарвал алж хорооход ч бэлэн болсон нь Трампыг улам бүр түгшээгээд байгаа ажээ. “Вьетнамын дайны синдром”-оос хойш Америкчууд ийм айхтар сэтгэл санааны гүн шооконд орж байгаагүй гэхэд болно.

Сэтгэгдэл
Уншиж байна...